Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ. Засгийн газраас гаргасан чухал шийдвэрүүдийн талаар цувралаар мэдээлэл болгон бид хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар 2011 онд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай” журмыг анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж, үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгдсэн гэсэн тооцоо гаргажээ.
Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд олноор ашиглалтад орж тэр хирээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурсан байна. Тиймээс цаашид ноос ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтыг Улсын хэмжээнд 60 хувьд хүргэх зорилт тавьж байна. Иймд урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлж килограмм тутамд 1500-2000 төгрөг болгожээ. Өмнө нь ноосны урамшууллыг киллограмм тутамд 1000 төгрөгөөр тооцож олгодог байсан юм.
Ноосны урамшууллыг малчны өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанарыг харгалзан килограмм тутамд 1500-2000 төгрөг байхаар баталлаа. Ноос тушаах, урамшуулал олгохтой холбоотой ажлыг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн хоршоо нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж ажиллах юм.