Эрдэмтдийн шинээр хийсэн судалгаагаар лаазалж, савлаж худалдаалдаг амтат ус, ундаа таны амьдралыг эрт дуусгах өндөр магадлалтай ажээ. Хэдийгээр зарим амтлаг ус, ундаанд элсэн чихэр ороогүй, орлуулагч ашигласан байдаг ч хор хөнөөл нь багасдаггүй байна.
Судлаачид амтат ундаа үхэл дагуулдаг гэдгийг батлаагүй ч хэрэглээгээ багасгахыг уриалж, олон нийтийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг сануулжээ. Лаазалж савласан амтат ус, ундааны оронд цэвэр ус зэрэг илүү эрүүл мэндэд тустай ундааг сонгож хэрэглэхийг судалгааны үр дүнгээр харуулсан байна.
Жама Интернал анагаах ухааны сэтгүүлд нийтэлснээр эрдэмтэд 450,000 хүний мэдээллийг судалжээ. Их Британи зэрэг Европын 10 улсын оршин суугчдыг хамруулсан судалгаанд оролцсон иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Мөн дөнгөж 50 гарсан насныхныг сонгож тэдний өвчний түүхийг шинжилжээ. Тэдгээр хүмүүс дунд хорт хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчний түүхтэй хүмүүс багтжээ.
Мөн судалгаанд оролцогсод өдөр тутмын амьдралын хэмнэл дасгал хөдөлгөөн, тамхи татдаг зэрэг хорт зуршил, жин, хоолны дэглэм, нэмэлт бүтээгдэхүүн, ус ундаа, жүүс, эрч хүчний ундаа зэрэг бусад хэрэглээний талаарх асуултуудад хариулсан байна. Ингэхэд долоо хоногт нэг аяга болон түүнээс бага амтат ундаа уудаг хүмүүс дунд эрт нас барах нь 9,3 хувь байгаа бол өдөрт нэг болон түүнээс илүү хэмжээтэй ундаа уудаг хүмүүс дунд эрт нас барах тохиолдол 11,5 хувьтай байгаа юм.
Мөн биеийн жин, хооллолт, биеийн дасгал хөдөлгөөн, тамхи, боловсрол зэргээс харахад өдөрт хоёр аяга ундаа уудаг хүмүүс сард нэг аяга ундаа хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад амьсгал хураах магадлал нь 17 хувиар илүү байна. Хэт их чихэрлэг ундаа жин нэмэхээс эхлээд эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид анхааруулжээ.
Эх сурвалж: www.theguardian.com