СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-09-04

Японы геополитикийн цагираг дахь Монгол Улс

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.УЛАМБАЯР

ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор

Мэйжи эриний (Муцухита хааны оны чимэг 1868-1912) Японы геополитикийн үндсэн үр дүн нь нэгдүгээрт, хөршүүдтэй хилийн маргаанаа шийдвэрлэж, их гүрнүүдтэй байгуулсан тэгш бус гэрээнүүдийг шинэчлэв. Хоёрдугаарт, Солонгосыг нээлттэй болгож, de facto хүлээн зөвшөөрөв.

Гуравдугаарт, Хятад-Японы анхдугаар дайнаар Чин гүрнийг “цаасан бар” болохыг нь бүрнээ ойлгуулж, Солонгосын хойг, улмаар Дорнод Азид нөлөөний хүрээ тогтоох их гүрнүүдийн геополитикийн хүчний тоглолтоос Чин гүрэн хасагдав, Шимоносекийн гэрээгээр Чин гүрэн дайны төлбөрт 200 сая лан мөнгө, Пенъхуйн бүлэг арал, Формуз арал, Ляодуны хойгийн дорнод боомтын бүх бэхлэлт цайз, хэрэм, зэвсгийн агуулах, нөөцийн хамт Японд өгч, 1871 оны Хятад-Японы найрамдал, худалдааны гэрээ хүчингүй болов. Чин гүрэн Японд дөрвөн том боомтыг чөлөөтэй нээж, худалдааны нэн тааламжтай нөхцөл олгов.

Солонгос нь Чин гүрнээс нэг мөр хамааралгүй болов. Дөрөвдүгээрт, 1904-05 оны дайнаар Хаант Оросыг ялж, Портсмутын гэрээгээр Сахалины өмнөд хэсэг, Курилын бүлэг арлыг өөрийн мэдэлд авч, олон улсын худалдааны боомт Далянь, тэнгисийн цэргийн Порт-Артурын боомт бүхий Ляодуны хойгийг 99 жилээр түрээслэх, Дорнод Хятад, Өмнөд Манжуур дахь Оросын төмөр замын сүлжээ, түүнийг тойрсон стратегийн нөөцөд чөлөөтэй нэвтрэх бололцоотой болов. Тавдугаарт, Япон нь Дорнод Азид онцгой эрх ашиг бүхий de facto Их гүрний статустай болов. Зургаад, 1910 онд Солонгосыг нэг мөр өөртөө дагуулснаар Япон нь Азийн эх газрын гүрэн болов. Долоод, Зүүн хойд Азид их гүрнүүдийн ашиг сонирхол мөргөлдсөн олон улсын харилцааны шинэ бүтэц буй болов.

Ингээд Япон гүрэн өөрийн геополитикийг “Азийнхан Азидаа” хэмээн томъёолж, “Аугаа Их Дорнод Азийн Хамтын Цэцэглэлт”-ийг тодорхойлж, энэхүү бүс нутагт шинэ дэг журмыг илбэн тохинуулах үүргийг соёлжсон Их Наран улс гүйцэлдүүлэх ёстой гэж үзжээ. Энэ нь Дорнод Азийн хувь заяанд Өрнөдийн гүрнүүд хошуу, гараа дүрэх ямар ч шаардлага байхгүй, ер нь тэдэнд огт хамааралгүй тив гэсэн утгатай байв.

Мэйжи эриний сүүлчийн улиралаас Японы Азийн эх газрын геополитикт Монгол орон өртөгдөх болж, ялангуяа Орос-Японы гэрээ хэлэлцээний тухайлсан обьект болсон билээ.

Октябрын хувьсгалын дараа Зөвлөлт Оросын большевик удирдлага Хаант Оросоос их гүрнүүдтэй урьд өмнө байгуулсан бүх нууц гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгосноо зарлаж, үүгээр Монгол, Солонгос, Хятадтай холбоотой нууц гэрээнүүд ил болов. «Тусгай эрх ашиг», «нөлөөний хүрээ» зэрэг нэр томъёо олон улсын харилцааны үг хэллэгт шинээр орж ирснийг эдгээр нууц гэрээ протоколууд харуулав.

1919 оны Версалийн найрамдлын гэрээний эцсийн шийдвэрт их гүрнүүд Японы Хятад дахь тусгай «ашиг сонирхолыг» харгалзан Шаньдун дахь Германы бүх эрх мэдлийг Японд “олон улсын гэрээ”-ний дагуу шилжүүлсэн нь Тайшёо эрины (Ёшихито хааны оны чимэг 1912-26) Японы геополитикийн тод амжилт болов. Энэ нь “Азийнхан Азидаа” гэсэн үзэл баримтлалтай бүрнээ нийцжээ.

“Алс Дорнодод Европын гүрнүүд халдан нэвтэрсэн нь Японд аюул занал учруулсан төдийгүй мөн ч Азийн ах дүү үндэстнүүдийнхээ хувь заяаг аврах бодол нэгэн адил төрсөн билээ” гэж Японы цэргийн атташе К. Каваками 1921 онд Нью-Йоркт хэвлүүлсэн “What Japan thinks” товхимолдоо бичиж байжээ.

Япончууд “Нармай Монголын хөдөлгөөн”, “атаман Семёнов” болон Барон Унгерны үйл ажиллагаатай ямар нэг хэлбэрээр нэр холбогдож байсан нь тэдний геополитиктой шууд холбогдож байсан нь тодорхой.

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын эхний жилүүдэд Японы улс төрийн дэмжлэгт түшиглэх, түүнд ихээхэн найдвар тавьж байсан бол Автономитын сүүлчийн улирлаас ихээхэн болгоомжлох болов.

Японы төлөөлөгчид 1922 оны Вашингтоны бага хурлын үеэр Манжуур, Монголын статусын асуудлыг тусгайлан хэлэлцүүлэх гэсэн боловч Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, “нээлттэй хаалганы бодлого-”ыг хэвээр үргэлжүүлэх шийдвэрийг нотолсон учир Японы тал Манжуур, Монголын газрын баялаг, уурхай болон ашиг хөрөнгийн зүйлсийг олон гүрнээр эрхлүүлэн зохицуулбал зохино гэсэн заалт оруулж чадсан нь дээрх бодлоготой зөрчилдөөгүй юм.

Шёво эриний (Хирохито хааны оны чимэг 1926-89) Японы геополитик дахь Гадаад Монголын асуудал стратегийн бодлогын баримт бичиг, гэрээ хэлэлцээр, дипломат албаныхан болон цэргийн дээд тушаалтнуудын илтгэл, өгүүлэл, ярианы протоколд үлдсэн юм.

1927 оны дөрөвдүгээр сард Японы Ерөнхий сайдаар генерал барон Танака Гийчи томилогдсон нь тус улсын гадаад бодлогод нэгэн чухал үе шат болов. Танака, түүний Засгийн газар 1927 оны зун Дайрен (Далянь) хотноо “Алс Дорнодын бага хурал”-ыг зохион байгуулж, Хятадын коммунистуудын эсрэг тэмцэж буй Чан Кайшитай хэрхэн харилцах, Манжуур, Монголын статус, генерал Жан Золинь зэрэг Зүүн Азийн өргөн хүрээтэй асуудалд төвлөрчээ. Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Танака эзэн хаандаа тусгайлан бэлтгэсэн Санамж бичиг өргөн барьжээ. Танакагийн меморандум хэмээн нийтэд танил болсон хэсгээс эш татвал: “…Хятадыг эзлэн авахын тулд бид эхлээд Манжуур, Монголыг эзлэх хэрэгтэй. Харин дэлхийг эзлэн авахын тулд эхлээд Хятадыг эзлэн авах ёстой.

Хэрэв бид Хятадыг эзлээд авчихвал даян дэлхий, Азийн бусад орон, Дорнод Ази Японых болно…Манжуур, Монгол хоёрын хяналтыг гартаа авах нь манай анхны алхам мөн. Манжуур, Монгол нь Алс дорнодын Бельги юм. Их дайны үед Бельги нь тулааны талбар болон хувирсан билээ. Орос, АНУ-тай хийх дайндаа бид Манжуур, Монголд дайны хамаг бэрхийг хүлээлгэх ёстой…Ар, Өвөр Монголд манай япон хүний тоо хангалттай олон болмогц бид тэнд газрыг жинхэнэ үнийх нь аравны нэгээр худалдан авч, улмаар цагаан будаа тарьж, хүнс тэжээлийн нөөцөө арвижуулна.

Газрын ихэнх хэсэг нь бидний гарт орсон байхад монгол нь монголчуудынх уу, япончуудынх уу гэдэг тухай маргаан байхгүй болно…Монгол бол маш их хэмжээтэй сайн чанарын хямд ноостой…асар их баялгийн шавхагдашгүй эх булаг мөн…Англи, Америк хоёрыг өөрсөдтэйгээ өрсөлдүүлэхгүйн тулд бид энэхүү баримтыг нууж байх шаардлагатай…” гэжээ.

Танакийн меморандум анх бүрэн эхээрээ хятад хэл дээр Нанкинд хэвлэгддэг “Шиши юэбао” (Current Affair Monthly) сэтгүүлийн 1929 оны арванхоёрдугаар сарын дугаарт нийтлэгджээ. Гэхдээ Танакагийн Засгийн газар меморандум хэвлэгдэхээс дөрвөн сарын өмнө долдугаар сард огцорч, Танака ч өөрөө есдүгээр сард өвчнөөр нас барсан учир дээрхийн талаар үнэнийг өчих хүнгүй болсон байна.

Хятад-Японы нийгэмлэгээс ч сайхь меморандумыг “Манжуур-Монголын тухайд Японы бодлогыг хятад хүний нүдээр харах нь” гэсэн гарчигтайгаар япон хэлэнд орчуулан 1930 оны зургадугаар сард товхимол болгон хэвлүүлжээ. Дээрх эх 1931 оны есдүгээр сард Шаньхайд гардаг “China Critic” сэтгүүлд англи хэл дээр, удалгүй Хятадын эх оронч оюутнуудын Америкийн нийгэмлэгээс Нью Йоркт мөн англи хэл дээр товхимол болгон гаргажээ. Мөн онд ч Танакагийн меморандум Коминтерний төв хэвлэл “Коммунист Интернационал” сэтгүүлийн 1931 оны №33-34 дугаарт орос хэл дээр нийтлэгдэв.

Япон нь Версаль-Вашингтоны системийн хүрээнд үндэсний эрх ашгаа хангах бодлогоос татгалзаж, илт хүчээр түрий барих, өргөжин тэлэх бодлогод шилжсэн нь 1931 онд Мүгдэний хэргийг үүсгэж, 1937 онд Хятадтай дайныг эхлүүлж, цаашлаад 1941 онд Хавайн Пёрл Харборт довтолсноор Номхон далайд байлдааны ажиллагааг шинээр өргөжүүлснээр тодорхой болсон билээ. Үүнээс үүдээд ийм меморандум үнэхээр байдаг гэдэгт Хятадууд баттай итгэхэд хүрч, түүнийг Японы эсрэг сурталчилгаанд ашиглах болсон байна. Зөвлөлт, Монголд ч Танакагийн меморандумыг хэсэгчлэн орчуулж, Японы эсрэг сурталчилгаанд өргөнөөр ашиглаж эхэлжээ.

Өрнөдийн болон японы түүхчид сайхь баримтыг Москва төвтэй Коминтерн, түүний хяналтад байсан Хятадын коммунистуудтай хамтран зохиож, зохион байгуулалттай хийсэн суртал ухуулга гэж үзэж байжээ.

Академич Б.Лхамсүрэн, Элчин сайд М.Дүгэрсүрэн нар өөрсдийн бүтээлдээ бичихдээ: Японы мили­таризмын үл бүтэх санаархлыг илэр­хийлсэн Барон Танакагийн эзэн хаандаа өргөсөн 1927 оны меморандум гэгч байгаагүй хэмээн Японы улс төрчид, судлаачид нот­лохыг оролдог боловч чухам түүх түүний дагуу өрнөсөн нь үнэн билээ гэжээ.

Танакагийн меморандумын жин­хэн эх бичвэр нь япон хэлээрээ өнөөг хүртэл олдоогүй, түүнийг үнэхээр байсан гэдгийг Токиогийн олон улсын шүүх хурлаас нотолж чадаагүй зэрэг нь түүхчдийг эргэлзээнд оруулжээ. 2007 оны есдүгээр сард Хятадын түүхчдийн судалгааны баг олон жил эрэл хайгуул хийсний эцэст тийм тусгайлсан меморандум огт байгаагүй гэсэн дүгнэлтэд албан ёсоор хүрч, түүнийг 2008 оны нэгдүгээр сарын 1-нд Японы гол хэвлэл “Tokyo Shimbun” албан ёсоор зарлажээ.

1930 аад оны эхнээс Гадаад Монголын геополитикийн байршлын ач холбогдол улам бүр нэмэгдэх болов. Японы Цэргийн яамны сайд дэслэгч генерал, барон фон Садао Араки 1933 оны гуравдугаар сард “Кайкоша” хэмээх сэтгүүлд нийтлүүлсэн “Шёво эриний Наран улсын зорилт” өгүүлэлдээ: “Япон нь өөрийн нөлөөний хүрээний бүс Манжуур, Хятадтай хил залгах Монгол мэтийн учир нь үл ойлгогдох, хоёрдмол утгатай завсарын бүс оршин байхыг хүсэхгүй. Монгол бол ямар ч тохиолдолд Дорно дахинд хамаарагдах нутаг дэвсгэр байх ёстой…Түүнийг бусад оронд орхиж болохгүй. Монголын хоёрдмол байдал нь бүхэлдээ Дорнын түгшүүртэй байдлын эх үүсвэр болно. Монголын асуудал нь эзэнт гүрний Манжуур дахь бодлогод ч томоохон саад болж болзошгүй” гэж бичиж байжээ.

Квантуны армийн штабын дарга хурандаа генерал Сейширо Итагаки Японы цэргийнхний БНМАУ-ыг түрэмгийлэх бодол санааг ГЯЯ-ны сайдад шинээр томилогдсон дипломатч Хахиро Аритад 1936 оны гуравдугаар сард мэдэгдэхдээ: “Гадаад Монгол бол нууцлаг газар нутаг. Хаант Орос хэдийн чөтгөрийн гараа сунгаж, түүнийг өөрийн протекторат болгож байсан. Хувьсгал гарснаас хойш большевик Орос мөн адил бодлого явуулж өөрийн нөлөөг тогтоосон. Хэрэв Дорнод Азийн газрын зургийг харах юм бол Япон-Манжго-гийн хувьд Гадаад Монголын ач холбогдол нь Зөвлөлтийн Алс Дорнод, Европын хэсгийг холбогч шугам болох Сибирийн төмөр замыг хамгаалагч жигүүр гэдгээс харагдана.

Хэрэв Гадаад Монгол нь Япон, Манжготой нэгдвэл Зөвлөлтийн Алс Дорнод үлэмж ноцтой байдалд орж, Алс Дорнодод Зөвлөлтийн нөлөөг тулалдаангүй арилгаж болно. Иймд арми нь өөрийн гарт байгаа бүхий л хэрэгслээр Япон, Манжгогийн нөлөөг Гадаад Монголд дэлгэрүүлэхийн тулд эхний алхам болгож Зөвлөлт Оросын бодлогыг харгалзахгүйгээр Гадаад Монголыг тусгаар тогносон улс гэж үзэж, Манжго, Гадаад Монголын хооронд хэвийн, бүрэн дипломат харилцаа тогтоох явдал юм. Дараа нь тэд хүчин чармайлтаа нэгтгэн Гадаад Монголын үндэстнийг нэгтгэх талаар Баруун Өвөр Монголд тайлбарлах ёстой” гэсэн байв. Эл хоёр баримт нь сүүлд 1946-48 онд Токиод болсон Алс Дорнодын олон улсын цэргийн шүүх”-ийн хуралд Халх голын сав нутагт Японы түрэмгийллийг нотлох гол гэрчийн баримт болжээ.

1932 оны хоёрдугаар сард Женев дэх олон улсын энхтайван, аюулгүй байдлын байгууллага болох Лиги Нацид суугаа Японы элчин сайд Наотаке Сато Ерөнхий Ассамблейн санал шүүмжлэлд үг хэлэхдээ, Манжуур дахь Японы үйл ажиллагааг БНМАУ-д явуулж буй ЗХУ-ын бодлоготой харьцуулах гэж оролджээ. Тэрбээр: “Хятадын газрын зургаас алга болж ЗХУ-д нийлсэн Гадаад Монголын талаар Лиги Наци ганц ч дуугараагүй билээ. Лиги Наци Манжуурт явуулсан үйл ажиллагааны төлөө биднийг зэмлэхээс урьдаар Гадаад Монгол тийнхүү алга болсныг эсэргүүцвэл зохилтой гэжээ. Хариуд нь БНМАУ-ын Засгийн газар “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухайд Японоос «сэтгэл зовинож» байгаа нь Гуулин, Манжуурын тусгаар тогтнолын тухайд Японоос хэрхэн «сэтгэл зовинож» байсантай чанар адил болно” гэж тус улсын санаархлыг илчлэн өгүүлсэн байдаг.

Алс Дорнодод олон улсын байдал хурцадмал болж байсан үед БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид 1934 оны 10-11 дүгээр сард Москвад айлчилж, И.Сталинтай хийсэн уулзалтын үеэр яригдсан чухал зүйлүүд нь санхүү-зээл, худалдаа-эдийн засгийн асуудлаас гадна харилцан туслалцах тухай гэрээ байгуулахаар амаар ярьж тохиролцсон явдал байв. Агуулга нь цэргийн довтолгооныг урьдчилан сэргийлж, таслан зогсоох талаар бие биеэ дэмжих, ямар нэг гуравдахь этгээдээс БНМАУ, ЗХУ-ын аль нэг рүү довтолбол бүх талын дэмжлэг, түүний дотор цэрэг, зэвсгийн тусламж үзүүлнэ гэж тохиролцсоныг Зөвлөлтийн дипломатын толь бичигт хоёр орны хооронд 1934 оны арваннэгдүгээр сарын 27-нд аман гэрээ буюу жентельменский договор байгуулсан гэж тайлбарласан байдаг.

1936 оны гуравдугаар сарын 1-нд И.В.Сталин Америкийн хэвлэлийн магнат E.W.Scripps News Papers Co агентлагийн тэргүүн Рой Ховардтай хийсэн ярилцлагадаа: “Хэрвээ Япон БНМАУ-д халдан довтлох аваас бид БНМАУ-д 1921 онд тусласан шигээ тусална” гэж мэдэгдсэн нь япончуудын анхаарлыг татсан нь ойлгомжтой.

1930-аад оны сүүлчийн улиралд БНМАУ-ын Дорнодын чиглэлд геополитикийн ач холбогдол үлэмж өссөн явдал нь ЗХУ дурдсан чиглэлд төмөр замын сүлжээгээ өргөжүүлэх шаардлагатайг харуулав. Тиймээс 1938-39 оны заагт ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр Транс-Сибирийн гол төмөр замтай холбосон Соловьевск-Баянтүмний (Чойбалсан хот) 237 км өргөн төмөр замыг гуравхан сарын дотор барьж ашиглалтад оруулжээ. Энэ шинэ шугам цэрэг-улс төрийн төдийгүй эдийн засгийн хувьд ч ихээхэн ач холбогдолтой болсон байна.

Халх голын сав дагуу өрнөсөн байлдааны ажиллагаа нь Монголын хилийн бүсэд юуны өмнө Зөвлөлт, Монгол-Японы хооронд болсон орчин үеийн томоохон хэмжээний дайны ажиллагаа байсан бөгөөд нөгөө талд Монгол-Зөвлөлтийн холбоотны харилцааг шалгасан томоохон сорилт байсан гэж үздэг.

Японы эзэнт гүрэн бүр 1936 оны арванэгдүгээр сард нацист Германтай “Коминтерний эсрэг пакт”-д гарын үсэг зурав. Пактын зорилго нь «Нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаа явуулдаг Коммунист Интернациональ нь улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс эрээ цээргүй оролцож, энхтайван ч хамтын ажиллагаанд үлэмж саад уч­руулж буй учир хэлэлцэгч орнууд батлан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино» гэжээ. 1937 оны арваннэгдүгээр сард “Коминтерний эсрэг пакт”-д Итали нэгдэв.

1940 оны есдүгээр сард Берлинд гарын үсэг зурсан Герман, Итали, Япон гурван талын гэрээгээр: “…дэлхийн бүх улс, үндэстнүүдийн энхтайван, хамтын ажиллагааны тусын тулд Аугаа Их Дорнод Ази болон Европын бүс нутагт шинэ дэг журам тогтоохыг эрхэм зорилгоо болгож…харилцан хүлээн зөвшөөрсөн байна.

Дээрхээс үзвэл, Гадаад Монголын талаарх Японы геополитик хувьсан өөрчлөгдөж ирсэн нь тодорхой байна. Мэйжи эриний сүүлчийн улиралд Японы геополитик нь бүхэлдээ Орос-Японы нууц гэрээ, хэлэлцээрүүдэд захирагдаж байсан ахул Тайшёо эриний төгсгөл үеэс Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байлыг хүндэтгэх Версаль-Вашингтоны бага хурлын шийдвэрт захирагдаж байжээ. Харин Шёво эринээс дээрх байр суурь de facto өөрчлөгдөж, Гадаад Монгол, Манжуур нь түүхэн үүднээс Хятадад ямар ч хамааралгүй, хятад бус үндэстэн тул Зөвлөлт, Хятадын оролцоогүй тусгаар тогтновол зохилтой, Гадаад Монгол дахь Зөвлөлтийн геополитикийн тэлэлт нь Японы аюулгүй байдалд шууд заналхийлэл болж байна, Зөвлөлтийн нөлөөний хүрээнд хоёрдмол утгатай тус бүс нутгийн цэрэг-геостратегийн үнэ цэнэ нэмэгдэж байна хэмээн Японы эзэнт гүрэн үзэх болсон байна.

Халх голын байлдаан бол дэлхийн II дайны оршил болсон түүхтэй. Аугаа эх орны дайнд гарамгай гавьяа байгуулсан маршал Г.К.Жуковын цэргийн урлагийн стратеги, тактикийн амжилтын үндэс суурь нь чухамхүү Халх голын байлдааны үед тавигджээ.

Халх голын байлдааны ялалтын түүхэн ач холбогдол нь аугаа эх орны дайны хүнд жилүүдэд ЗХУ-ыг фашист герман, миллитарист японы хоёр фронт дээр нэгэн зэрэг байлдаж болзошгүй аюулаас зайлуулж, АНУ-ыг дэлхийн II дайнд татан оролцуулахад чухал түлхэц үзүүлсэн явдалд оршино.

Японы тэнгисийн цэргийн хүчин 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Хавай арлын Сувдан эрэгт байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд гэнэтийн хүчтэй цохилт өгөхөд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн Халх голын байлдаан, түүнд Япон ялагдсан талаар АНУ-д бараг л мэдэлгүй өнгөрсөн нь үнэхээрийн хачирхалтай бөгөөд харамсалтай тухайд Монголд Элчин сайдаар ажиллаж асан Жонатан Эдлтон өөрийн бүтээлдээ бичсэн нь буй.

2019.9.4 ЛХАГВА №175 (6142)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.