УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулиар Ерөнхий сайд өөрийн танхимаа бүрдүүлж, сайд нараа томилдог байх өөрчлөлтийг оруулж ирсэн. Харин нэр бүхий гишүүд үүнийг эсэргүүцэж байна. Тэгэхээр энэ заалт анх төслийнхөө хэлбэрээр явах боломжгүй болж байна уу хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодруулахад:
-Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог байя. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ өөрөө томилдог байхаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан ч хэлэлцэх явцад зарим гишүүд маань УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилдог байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.
УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайддаа хариуцлага тооцдог, Ерөнхий сайд өөрийн томилсон Засгийн газрын гишүүдээ удирдаж, хариуцлага тооцдог байснаар Засгийн газар тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.
Иймд уг өөрчлөлтийн зарим зүйл заалтыг бүлэг дээр эргэн харж ярилцахаар болж, хойшлууллаа. Мөн төрийн албаны зөвлөл, төрийн албан хаагч томилох зэрэг асуудлыг хойшлуулаад байна.