Болгар улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дэлхийн 180 орноос 111-т жагссан байна. Харин Европын Холбооны гишүүн орнуудаас сүүл мушгидаг. Өнгөрсөн амралтын өдөр 30 настай сурвалжлагч бүсгүйг хүнд хэрцгийгээр хороож, явган хүний замын ойролцоо өвсөн дунд орхисон хэрэг гарчээ.
Викториа Маринова Болгарын Рюс хотод амиа алдсан байдалтай олдсон гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ. Анхан шатны дүгнэлтээр сурвалжлагч бүсгүй толгойдоо цохиулж, хоолойгоо боомилуулснаас амиа алдсан байна. Түүнийг онц ноцтойгоор хороохоосоо өмнө гэмт этгээдүүд хүчирхийлсэн ул мөр олджээ.
Дотоод хэргийн яамнаас хэргийн мөрдөн шалгах ажилд туслуулахаар шилдэг мөрдөгчдөө Рюс хот руу илгээсэн гэжээ. Хохирогчийг хороосон гэмт этгээдүүдийн талаар хараахан мэдээлэл олдоогүй байна. Мөн сурвалжлагч бүсгүй амиа алдсан нь хийж байсан ажилтай нь холбоотой эсэхийг дүгнэхэд эрт байна гэжээ.
Болгарын хэвлэлүүдэд бичсэнээр Марина өнгөрсөн оноос хойш Европын Холбооны төсвийн сантай холбоотой авилга хээл хахуулийн хэргийг эрэн сурвалжилж TVN телевизээр мэдээлж байсан гэнэ. Энэ талаарх Румын улсын сурвалжлагч Аттила Биро болон Болгарын мэргэжил нэгт нөхөр Димитар Стояновтой ярилцлага нэвтрүүлгээ өнгөрсөн есдүгээр сард цацжээ. Дараахан нь Маринагийн хамтрагчдыг цагдаагийн байгууллагаас баривчлан саатуулсан байна.
Болгар улсын Ерөнхий сайд Бойко Борисов эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах ажлын явцыг танилцуулахаа мэдэгджээ. 2018 он гарснаас хойш Европ тивд гуравдахь сурвалжлагч ийнхүү бусдын гарт амиа алдлаа.
Эх сурвалж: www.cnn.com