Сүүлийн жилүүдэд Монгол улсад эрчимтэй хөгжиж манай баг, тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсаар байгаа нэгэн спортын төрөл бол 3х3 сагсанбөмбөгийн спорт болоод байна.
Үүний баталгаа болгож FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монгол улсыг 3х3 сагсанбөмбөгийн спортоор эрчимтэй хөгжиж, амжилт гаргаж буй дэлхийн шилдэг гурван улсын нэгээр шалгаруулсан байна. Мөн түүнчлэн хэдхэн хоногийн өмнө “Улаанбаатар ММС Энержи” багийнхан БНСУ-д зохион байгуулагдсан INJE Challenger тэмцээнд шинэхэн дэлхийн аварга болсон АНУ-ын хүчирхэг Принстон багийг хожиж шуугиан тарихын сацуу уг тэмцээнд гуравдугаар байрт шалгарч, олимпын эрхийн оноогоо ахиулжээ. (Уг тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү) Мөн түүнчлэн тэд энэ жил АНУ-д болох 3х3 сагсанбөмбөгийн “Их дуулга” тэмцээнд өрсөлдөх эрх авчээ.
Энэ сарын 13-14 өдрүүдэд Токио 2020 олимпын наадмын оноо цуглуулах Фиба 3х3 мэргэжлийн гранпри тэмцээн манай эх оронд дөрөв дэх удаагаа "ММС SUKHBAATAR CHALLENGER" нэрийн дор зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд одоогоор Сербийн алдарт Нови Сад, Лиман, АНУ-ын NY Harlem, Литви, Польш, Япон, Филиппин зэрэг 12 улсын багуудаас гадна Ulaanbaatar MMC Energy, ARA ADM Taikhar багууд эх орондоо болох мэргэжлийн гранпри тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.