Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаа туслан гүйцэтгэх 145 байгууллагын 130 мянган гаруй ажилчин эвлэлдэн нэгтгэх эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Рио Тинто групп нь Олон улсын аж үйлдвэрийн салбарын ҮЭ-ийн байгууллага болох Индастриал Глобал юнионтой байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт Монголын Оюутолгой уурхай дээр хэрхэн хэрэгжиж байгаатай өнгөрсөн сард танилцсан байна. Энэ хүрээнд Рио Тинто группын Ажилчдын харилцааны асуудал хариуцсан тэргүүн Майкл Гэвин “Оюутолгой компанийн төслийн хүрээнд ажиллаж байгаа монгол ажилчид эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэх бөгөөд Үйлдвэрчний эвлэлээ байгуулж эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалахад ямар ч дарамт шахалт үзүүлэхгүй, бид Индастрал Глобал юнионы өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч “Оюутолгой” ХХК дээрх гэрээг зөвхөн өөрсдийн үндсэн ажилтан болох 3000 хүний эрх ашигт нийцүүлэн ҮЭ байгуулж, үлдсэн 13 мянган ажилтны эрх ашгийг хохироож байна хэмээн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ холбооны дарга Х.Буянжаргал ярьсан юм.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлвэрчний эвлэлийн холбооноос эвлэлдэн нэгтгэх эрхийг хангах, ажилчдын цалин хөлсийг ижил тэгш олгох, уурхайн талбайд ажиллах горимыг 14/14 хоног болгох, гадаадын мэргэжилтнүүдийн ёс зүйн дүрмийг мөрдүүлж ажиллахыг Оюутолгой компани болон УИХ-ын холбогдох ажлын хэсэгт мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.