Шатахуун импортлогчид он гарсаар баяр, амралт давхцуулан дөрөв дэхь удаагаа шатахууны үнээ нэмлээ. Та биднийг өчигдөр амарч байхад нийслэлийн хотын захын дүүргүүдэд шатахууны үнийг 60-90 төгрөгөөр нэмсэн байна.
Энэ үнийн нэмэлт өчигдөр болсон юм биш, өнгөрсөн сараас Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Дундговь аймгуудад А-80 автобензин 30-120 төгрөг, Аи-92 автобензин 80-120 төгрөг, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт дизелийн түлш 100-120 төгрөгөөр тус бүр өсчээ. Энэ өсөлт нийслэлд өчигдөр “дэгдэн дэгдэн” орж ирсэн тул одоогоор холбогдох аж ахуйн нэгж болон Засгийн газрын зүгээс ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа юм.
Энэ оны эхэнд буюу нэгдүгээр сард Улаанбаатарт дизель түлш литр нь 1720, Аи-92 төрлийн шатахуун 1630, А-80 нь 1480 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцуудаар А-98 2290, Аи-95 2215, Аи-92 1885, дизель 2245 төгрөгөөр борлуулж байна.
Засгийн газар 2011 оноос Аи-92, А-80 төрлийн шатахуун, мөн дизель түлшний жижиглэн худалдааны үнийг онцгой албан татварыг нь тэглэх, өсгөх замаар тогтворжуулж ирсэн. Гүйцэтгэх засаглал одоо бол Аи-92, А-80 төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэчихээд байгаа. Харин дизель түлшнийхийг тэглээгүй. Тэгэхээр Засгийн газарт дизель түлшний онцгой албан татварыг тэглэхээс өөр зохицуулах арга үлдээгүй гэсэн үг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард ярихдаа “Шатахууны үнийг Засгийн газрын зүгээр хүчээр зохицуулахгүй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн. Нефть импортлогч компаниуд алдагдалтай ажилласан. Зах зээлээ дагаад нефтийн үнэ нэмэгдэх хандлагатай байна” хэмээн мэдэгдсэн байдаг.
Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 95-99 хувийг ОХУ-аас, тэр дундаа Роснефть компаниас хатуу валютаар худалдан авдаг.
Дотоодын зах зээлд шатахууны үнэ өсөхөд хилийн үнээс гадна валютын ханш нөлөөлдөг. Учир нь импортлогчид шатахуунаа төгрөгөөр зараад ам.доллароор худалдаж авдаг. Ам.долларын ханш нэг төгрөгөөр чангарахад импортлогчид шатахууныхаа үнийг 50 мөнгөөр нэмэх шаардлага үүсдэг гэсэн судалгаа бий.
Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ам.долларын ханш 110 төгрөгөөр чангараад байна. Тэгэхээр ам.долларын ханш чангарсан нь шатахууны үнэ нэмэгдэх нэг гол хүчин зүйл болов уу. Хэрэв Монголбанк ам.долларын ханшийг тогтворжуулсан бол шатахууны үнэ өнөөгийн хэмжээнд хүрч өсөхгүй байх гэсэн өнцгөөс асуудлыг харж болох юм.
Шатахуун импортлогч байгууллагуудын зүгээс ямар учраас шатахууныг 60-90 төгрөгөөр нэмэгдүүлэх болсон талаар тайлбарлахдаа “Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр түүхийн нефтийн баррель үнэ 81.02 ам.долларт хүрсэн бөгөөд мэргэжлийн шинжээчдийн үзэж буйгаар цаашид ч өсөх нь тодорхой. Шатахууны үнэ тогтооход нөлөөлдөг үндсэн хүчин зүйлсийн нэг болох ам.долларын ханш өдрөөс өдөрт өссөөр байгаа нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. Тэгэхээр шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлдөг хамгийн гол хоёр зүйл нь гадаад зах зээлийн үнэ ба ам.долларын ханш гэж ойлгож болно” хэмээв.
ШӨХТГ-ынхантай холбогдон шатахууны импортлогчид хуйвалдааны замаар нэмсэн байх боломжтой юу хэмээн асуухад “Манайх байгууллага хоорондын өрсөлдөөнд хяналт тавьдаг болохоос үнийн өсөлтийг хариуцдаггүй. Иймд энэ талаар тайлбар өгөхгүй” хэмээсэн юм. Энэ бүхнээс харахад Засгийн газар болон холбогдох газрууд шатахууны үнийн өсөлтийн тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй болох нь тодорхой аж.
Гэтэл шатахуун импортлогч компаниуд ам.долларын өсөлтөнд дөрөөлөн жилд хэдэн ч удаа үнээ өсгөх бололтой. Ам.долларын тогтворгүй байдал цаашид үргэлжилсээр байвал шатахууны үнийг даган өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нь гарцаагүй болчихоод байна.
Монголчуудын амьдралыг УИХ, Засгийн газар биш ноён доллар шийддэг болжээ.