Хятадын дарга Си Зиньпиний авилгын эсрэг тэмцэл ширүүсч дотооддоо төдийгүй дэлхийд алдартай хэд хэдэн хүнийг баривчлан саатуулаад байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээний кино од Фан Бинбинийг шалгаж байгаагаа мэдэгдэж, 883 сая юаниар торгосон бол энэ долоо хоногийн эхэнд Интерпол буюу Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх газрын тэргүүн Мен Хонвейг мөрдөн шалгаж байгаа гэлээ. Тэрээр сураггүй болоод хагас сар өнгөрчээ. Одоогоор авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээ өгсөнгүй. Харин хууль дүрэм зөрчсөн тул саатуулан шалгаж байна гэсэн тайлбар өгчээ.
Мен Хонвей 2016 онд Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдож 2020 он хүртэл үүрэг гүйцэтгэх ёстой байсан. Тэрээр 40 жилийн турш Хятадын улс төрийн бодлого, гэмт хэргийн шүүхийн үйл ажиллагаа, нэн ялангуяа мансууруулах бодис, терроризмтой тэмцэх, хилийн дагуух хяналт шалгалтын талаар арвин туршлагатай эрхэм юм. Анх удаа Хятад хүн Интерполыг толгойлох болсон нь тухайн үед олон улсын хүний эрхийн байгууллагуудын санаанд нийцээгүй.
Өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр Франц дахь Интерполын удирдах байрнаас Хятад руу ирж яваад сураггүй алга болсон. Алга болохоосоо өмнө эхнэр Грэйс Мен рүүгээ “намайг залгахыг хүлээж байгаарай” гэж хэлжээ. Төд удалгүй хутганы хэлбэртэй эможи явуулсан даруйд нөхрөө аюулд орсон гэж мэдсэн байна. Грэйс Мен нөхөртөө туслахын тулд олон улсын байгууллагуудад хандаж, хууль дүрмийн дагуу мөрдөн шалгах ажлыг явуулах хүсэлтэй гэжээ.
Интерполын зүгээс өнгөрсөн бямба гаригт Мен Хонвейн талаар тодруулах хүсэлтээ Хятадын Засгийн газарт хүргүүлж, Франц улс мөрдлөг эхлүүлсэн ч ням гаригт мэдээлэл өгөх боломжгүй, Ерөнхийлөгчийг огцруулсан тухай хэлэв. Ингэснээр тус байгууллагын дэд Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян түр хугацаанд үүрэг гүйцэтгэж ирэх сард Дубайд болох уулзалтаар 2020 он хүртэл Интерполыг удирдах шинэ Ерөнхийлөгч сонгох юм байна.
Хятадын Коммунист намын энэ үйлдэл нэг талаас улс төрийн шинж чанартай явуулга гэж харагдаж байна. Харин нөгөө талаас Хятад хүн олон улсын томоохон байгууллагуудад удирдах албан тушаал хашихад эргэлзээ төрүүлэхүйц байж болох юм. Хятад иргэд НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Юнеско зэрэг хэд хэдэн үндэстэн дамнасан байгууллагуудад удирдах алба хашиж байна.
Эх сурвалж: www.bbc.com