Тэртээх 1939 онд "Халхын голын байлдаан"-д Дорнод аймгийн Баяндун сумаас 14-15 насны 22 охин дайнд явах санаа гаргаж байжээ. Тэднээс 16 нь Халхын голын байлдаанд явсан байна. Тэдгээр охид 1939 оны 7-р сард долоо хоног явж Баянтүмэнд очиж байжээ. Охидын хамгийн бага нь 14-хөн настай байсан бөгөөд Баянтүмэний цэргийн эмнэлэгт сувилагч, индүүчин, цагаан хэрэглэл угаагч, тогооч зэрэг ажил хийсэн байна.
Харин бусад охидоо дайнд явахыг уриалсан хүн бол өдгөө цор ганцаар амьд сэрүүн үлдсэн Ц.Чимэдцэрэн гэгч энэ буурал. Эх сайхан Монгол орондоо өнөөдрийн энх цагийг авчрахын төлөө чинхүү зориг, зүрхээр дайны халуун гал дунд тэрээр сувилагч хийж байжээ. Өдгөө 95 насыг зооглосон Ц.Чимэдцэрэн "Халхын голын байлдааны ялалт"-ын түүхт 80 жилийн хамгийн хүндтэй зочдын нэг байлаа.
Халхын голын байлдаанд явсан 16 охин:
Халхын голын байлдаанд Цэрэнгийн Чимэдцэрэнгээс гадна Цэдэнгийн Ханд, Буджавын Жаргал, Дагвын Балдалмаа, Самбуугийн Балжинням, Арилдийн Дариймаа, Очирын Балдармаа, Равжаагийн Балдарам, Жамцын Цэнпэлмаа, Дэлэгийн Цэгмэд, Дагвын Бүтэд, Мөнхийн Дарийм, Цогтын Цэгмэд, Магсарын Цэгмэд, Гончигийн Хандам, Гэлэгбалсангийн Хандсүрэн нарын 16 дайчин охин явж байжээ.