УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлд холбогдох бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэх хэрэг хаагджээ. Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг АТГ-аас дайчлан баривчилсны маргааш Э.Бат-Үүл өөрийнхөө албан ёсны твиттер хаягаар “ЕТГ-ын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна. Улайм цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг М.Энхсайханаар зориуд харуулжээ. З.Энхболд айлгана гэж бодож байгаа юм байх даа. Хуцлаа л байна” хэмээн жиргэсэн. Уг жиргээ нь миний нэр төр, алдар хүндийг гутаан доромжиллоо хэмээн ЕТГ-ын дарга З.Энхболд гомдол гаргасны дагуу ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2019 оны долдугаар сарын 01-ний өдөр Э.Бат-Үүлд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл заалтаар 1902000411 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн хэдий ч зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх 57 хоногийн хугацаа дууссан учраас уг хэрэг хаагджээ. Түүнд үүсгэсэн Зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг Э.Бат-Үүлтэй холбогдон тодруулахад “З.Энхболдын гаргасан гомдлын дагуу надад Зөрчлийн хэрэг нээсэн. Ирж байцаалт мэдүүлэг өгөөрэй цагдаагаас хэд хэдэн удаа холбогдсон. Би тэгэхээр нь зөвхөн өмгөөлөгчтэйгээр байцаалт мэдүүлэг өгнө гэдгээ тухайн үедээ хэлээд л өнгөрсөн. Надад ямар нэгэн торгууль шийтгэвэр оноолоо гэж хэлээгүйг бодвол хэрэг хаагдсан байх. Гэхдээ З.Энхболд гомдол гаргахаар цагдаа нар хэрэгт холбогдогчийг нь нэг ч удаа дуудаж мэдүүлэг авахгүйгээр хэт нэг талыг барьж торгууль оноосон тохиолдол өмнө нь гарч байсан шүү” гэх хариуг өглөө.
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт амьдарч байгаа бөгөөд нэг хэсэгтээ хот руу орж ирэхгүй гэв.