ХУД-ийн дөрөвдүгээр хороо, “Гарден сити -2” хотхоны 1402 дугаар блокийн барилгын ажилд ашиглахаар угсарсан Zoomlion үйлдвэрийн ТС 7525-16D маркийн цамхагт краны бэхэлгээний боолтууд тасарч унасны улмаас тус барилгад ажиллаж байсан Э гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.
Зургаан давхар буюу ойролцоогоор 18 метрийн өндрөөс унасан Э-гийн биеийн байдал маш хүнд сэхээн амьдруулах тасагт байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.
“Гарден сити-2” тансаг зэрэглэлийн хотхоныг “Мэжик инвест” ХХК-ийн захиалгаар “Конкрет харш” ХХК-ийн барьж байгаа бөгөөд уг компаниудад Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн ХУД-ийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Уг хорооллыг захиалагч “Мэжик инвест” ХХК нь Шагдарсүрэнгийн Энхбаяр гэх ганцхан хүний эзэмшилд байдаг юм байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.