ОХУ-ын Ерөнхиилөгч Владимир Путин Монгол Улсад энэ сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр зочид төлөөлөгчдийн явах чиглэлийн автозамуудыг тухай бүрт нь түр хугацаагаар бүрэн чөлөөлж, зарим замуудыг түр хугацаагаар хэсэгчлэн хаахаар болжээ.
Айлчлалтай холбоотойгоор энэ сарын 2-ны өдрийн ажлын цаг дуустал замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.
Харин өнөө орой зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.
Энэ сарын 3-ны мягмар гарагт айлчлалын гол өдөр тул Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийн хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаах бөгөөд хотын төвийн томоохон зогсоолуудыг бүрэн чөлөөлөх юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулах ч хотын төвийн автозамуудыг түр хугацаагаар хэсэгчлэн хаах тул жолооч нарыг энэ сарын 3-нд хотын төвийн автозамаар зорчихгүй байхыг уриаллаа.