Холливудын нэрт инээдмийн жүжигчин Кевин Харт орон нутгийн цагаар ням гарагт Калифорнийн Калабасаст авто осолд оржээ. Ослын улмаас жүжигчин Харт болон жолооны ард сууж явсан Жэрид Блэк нар ар нуруундаа бэртэл авсан байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн гэжээ. Блэк Хартын 1970 оны Plymouth Barracuda машиныг осол гарах үеэр жолоодож байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр гэнэт машин хяналтаас гарч жолоодлогоо алдан замын хажуу руу онхолдсон байна.
Машин дотор гурвуулаа явсан ба гурав дахь зорчигчийн биеийн байдал сайн байгаа гэжээ. Жолооны ард байсан Блэкээс ямар нэг согтууруулах ундаа хэрэглэсэн шинж илрээгүй байна. Бэртэл авсан хүмүүсийн биеийн байдал тогтвортой, амь насанд халгүй гэжээ.
Осол гаргасан Plymouth машиныг өнгөрсөн долдугаар сард Хартын 40 насны төрсөн өдрөөр бэлэглэжээ. Аваар гарахын өмнөх өдөр буюу бямба гарагт Харт Инстаграмм хуудастаа “Амралтын өдрүүдээр хол аялахгүй байх нь сайхан. Гэртээ байвал би аз жаргалтай болдог. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй #амьдралхайринээд” хэмээн нийтэлсэн байна.
Дашрамд дурдахад Харт 2019 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөр сонгогдсон байсан ч татгалзсанаар энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслол хөтлөгчгүй явагдсан билээ.
Эх сурвалж: www.cnn.com