Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын 2019 оны зургадугаар сарын 21-ний өдрийн тушаалаар “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэвч Г.Баясгалан доктор өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар барахгүй өнөөдрийг хүртэл тус байгууллагын даргын чиг үүргийг хэрэгжүүлсээр байгаа гэдгийг баттай эх сурвалж хэллээ.
2019 оны тавдугаар сарын 31-ний шөнийн 02.00 цагийн үед хөдөө орон нутгаас тав дахь хүүхдээ төрүүлэхээр ирсэн 37 настай эмэгтэй Ч нь тус эмнэлэгт төрөхөөр хэвтсэнийхээ дараа ургийн хамт харамсалтайгаар амь насаа алдаж байв. Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн тухайн үед хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Есөн сар ургаа тээгээд эв эрүүл, сав саруул байсан хүн хүүхдээ төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэж байхдаа ургийнхаа хамт нас барчихлаа. Энэ эмнэлгийн эмч ажилтнууд дусал тариа залгачихаад хоёр цагийн турш хараа хяналтгүй орхисон байсан. Нас барсан эх ураг хоёрыг салгахгүй орхисон байна билээ. Эхнэр чинь сэхээнд байна гэж хэлсэн даруйд нь биднийг давхиад ирэхэд хамраас нь цус урсчихсан, их хэмжээний цус алдсан байдалтай, цогцос нь хөрчихсөн байсан” хэмээн уйлан ярьж байлаа.
Энэхүү харамсалтай хэргээс ердөө 14-хөн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 17-ны өдөр мөн л тус эмнэлэгт төрөхөөр хандсан 22 настай эх нас барсан ноцтой хэрэг гарч байсан юм. Хариуцан ажиллуулдаг эмнэлэгт нь ердөө сар хүрэхгүйн хугацаанд хоёр эх, нэг нэг ураг нас барсан хэрэг гарчихаад байхад Г.Баясгалан дарга “Би буруугүй” хэмээн сандал ширээтэй зууралдаад байгаа нь үнэхээр хачирхалтай.
Өнгөрсөн жилийн аравдугаар сард “Өргөө” амаржих газарт тооллого хийх үед 30 сая төгрөгийн үнэтэй нярайн шарлагын аппарат нь алга байсан зөрчил илэрч байсан. Гэвч алга болсон гэх тэрхүү өндөр үнэтэй төхөөрөмжийг “Өргөө” амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг нь өөрийн эзэмшдэг “Бурам-Оюу” гэх хувийн эмнэлэгтээ аваачиж иргэдэд төлбөртэйгээр үйлчлүүлж байсан нь тодорхой болсон юм.
Эмнэлгийнхээ тоног төхөөрөмж, эмч ажилтнуудынхаа эмчилгээ үйлчилгээнд хяналт тавьж чаддаггүй мөртлөө 2018 оны аравдугаар сарын 08-ны өдөр “Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалт, тарифийг шинэчлэн батлах тухай” А/67 дугаартай тушаал, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалт, тарифийг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай” А/84 дугаартай тушаалуудыг тус тус баталж, үйлчлүүлэгчдээс аливаа төлбөр хураамж авч байжээ.
Г.Баясгалан даргын баталсан төлбөртэй үйлчилгээ, үнэ тариф
Хамгийн ноцтой нь иргэдээс авсан төлбөр хураамжаа ямар нэгэн баримт өгөхгүйгээр бэлнээр авах, бэлэн бусаар авсан тохиолдолд тухайн эмнэлэгт огт хамааралгүй төрийн бус байгууллагын дансаар татан авдаг зэрэг ноцтой зөрчил гаргаж, төрийн байгууллагыг бизнесийн байгууллага шиг ажиллууллаа гэх гомдол шүүмжлэл ихээр гарч байсан юм.
Иргэдийн өгсөн гомдол мэдээллийг дагуу зариг.мн-ын сурвалжлах баг тус эмнэлэг дээр очиж ямар учраас төлбөртэй үйлчилгээг үзүүлж байгааг нь тодруулахад “Өргөө” амаржих газрын хэвлэлийн ажилтан гэх эмэгтэй “Би та нарыг хэлдэг газарт нь хэлнэ. Би мэдээлэл өгөхгүй. Өгөх хүн нь байхгүй. Та нартай заргалдана за юу. Та нарыг уулаасаа хот нийслэлийнхэн үздэггүй юм билээ. Эргүү хар малнууд вэ? Зайл, зайл чи” хэмээн хөөж байсан бичлэг нь олон нийтэд цацагдаж чамгүй дуулиан гаргаж байсан юм.
Г.Баясгалан даргын Хөрөнгө орлогын мэдүүлэг
“Өргөө” амаржих газрын дарга асан Гэрэлийн Баясгалан нь НЭМГ-ын даргын 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн тушаалаар тус газрын даргаар томилогдож байжээ. “Өргөө” амаржих газрын дарга болохоосоо өмнө тэрбээр жилд 104.818 сая төгрөгийн ашиг орлого олдог байснаа АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурайтал бичсэн байгааг та харж байна. Гэвч “Өргөө” амаржих газрын дарга болсноос хойш жилд олдог орлого нь тав дахин буурсан байх аж. Тийм байтал хариуцсан байгууллагад нь гарсан ноцтой алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй хэмээн гөжиж, ажилдаа тэсч үлдэхээр үхэн хатан зууралдаад байгаад ямар учир байна вэ?