ВВС агентлаг энэ долоо хоногийн The Boss буландаа Headspace бясалгалын аппликейшныг санаачлагчид болох Энди Пуддикомб, Ричард Пиерсон нарыг онцолжээ.
Энди Пуддикомб өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд амьдрал гэгч хатуу хэрнээ өгөөмөр харгуйн олон саад бэрхшээлийг туулсан аж. Тэрээр 20-иодхон настай байхдаа Лондон пабын гадна найзуудтайгаа зогсож байгаад согтуу жолоочид дайруулж хоёр анд нөхрөө алдсан байна. Энэ явдлаас хойш хэдхэн сарын дараа төрсөн эгчээ дугуйн ослоор, хуучин найз бүсгүйгээ мэс заслын үеэр алджээ.
Тэрээр спортын шинжлэх ухаанаар зэрэг хамгаалахаар суралцаж байсан боловч амьдралд нь тохиолдсон уй гашууг даван гарахын тулд өөрийгөө тэр чигт нь өөрчилж Хималайн нурууг зорин Буддын шашны лам болохоор суралцаж эхэлсэн байна. Тэр 10 жилийн турш лам болон хийдэд шавилан сууж, хоногийн 24 цагийн 16-г зөвхөн бясалгахад зориулах болжээ. Энди одоо 46 настай, бясалгалын ачаар өөртөө бус бусдад аз жаргал бэлэглэхэд анхаарал хандуулахын сайхныг олж мэдсэн байна.
Эндигийн гэр бүлийнхэн, найз нөхөд нь түүнд санаа зовж байсан ч дэмжиж, урам зориг оруулсны ачаар 2005 онд Их Британид эргэн ирж бясалгалын бизнесээ эхлүүлжээ. Гэвч амаргүй байсан бололтой. Хүмүүс бясалгалын ач тус, түүнд хэрхэн цаг зориулах, яаж хийхээ мэддэггүй байжээ.
Харин өнөөдөр Энди болон түүний хамтрагч Ричард Пиерсон нар дэлхий даяар 16 сая удаа татагдсан жил бүр 100 сая ам.доллар болон үүнээс илүү ашиг орлоготой Headspace апп-ыг ажиллуулж байгаа юм.
2005 он руу эргэж буцвал Ричард их сургуулиа төгсөөд зар сурталчилгааны салбарт хөл тавьсан ч бясалгалын ач тусыг өөрийн биеэр мэдэрсний дараа Эндитэй хамтран ажиллахаар шийджээ. 2010 онд найзуудынхаа өгсөн санхүүгийн дэмжлэгтэйгээр Headspace апп-ын анхны хувилбар гарсан байна. Хэрэглэгчдэд зориулж дагаж хийх 10 минутын бясалгалын хичээл зааж байв.
Тэдний аз таарч бясалгалын ач тусыг Британийн томоохон компаниуд сурталчлан дэмжиж, өдгөө тус апп-ыг хэрэглэгчид сар бүр 9,99 фунт стерлинг төлж байна.
Өгөөмөр найзуудынхаа гаргаж өгсөн үнэгүй бичлэгийн студи, төлбөр төлдөггүй оффисоосоо тэд 2013 он гэхэд нүүж Лос Анжелест иржээ. Эндэхийн амьдрах орчин нөхцөл тэдэнд таалагддаг байсан тул компанийнхаа удирдах байрыг байгуулсан байна.
Бизнес, апп-аа хөгжүүлэхийн тулд 2014 онд шинээр хөрөнгө оруулалт татсан нь Headspace өнөөдрийн амжилтад хүрэх гол түлхүүр болжээ. Энэ бол зөвхөн аппликейшн биш. Google, Linkedin, General Electric, Unilever зэрэг 300 гаруй бизнесийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн Харвард, Стэнфорд их сургуулиуд, Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний газруудын судалгаанд хувь нэмрээ оруулж байгаа юм. Энди одоо ч өдөр бүр 16 цагийн турш бясалгал хийдэг ба Ричард ч өөрийн цагийн хуваарьтаа бясалгах цаг хугацааг багтаасан байдаг ажээ.
Эх сурвалж: www.bbc.com