У.Сарангэрэл
Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.
-Монголд оюуны өмчийн газар дахин байгуулагдаад чамгүй хугацааг үдэж байна. энэ хугацаанд оюуны өмчийг хамгаалах тал дээр хэрхэн ажиллаж ирсэн бэ. Ер нь монголд оюуны өмчтэй холбоотой асуудал ямар түвшинд байгаа вэ?
-Оюуны өмчийн газар 1996 онд анх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж байгуулагдсан байдаг. Ингээд 2016 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдсэн зохион байгуулалттай явж байсан. Харин УИХ болон Засгийн газраас дээрх хоёр газар чиг үүрэг нь тусдаа байх ёстой, өөр өөрийн чиг үүргийн байгууллага юм байна гэж үзээд 2018 оны УИХ-ын болон Засгийн газрын тогтоолууд гаргасан.
Ингээд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Оюуны өмчийн газар гэж бие даасан агентлаг болгож байгуулсан. Ингэснээр Оюуны өмчийн газар тодорхой дэмжлэгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс авч эрх зүйн орчин болон ажлын тав тухтай нөхцөлийг хангахад их анхаарсан. Үүнд нь манай Оюуны өмчийн газрын хамт олон талархаж байгаа.
Оюуны өмчийн газрын зүгээс 2019 оныг оюуны өмчийг сурталчлах, таниулах жил болгон зарласан. Энэ хүрээнд олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тэр дундаа 21 аймгуудаар сургалт хийж эхэлсэн. Эхний ээлжид зургаан аймагт сургалт хийгээд дуусаад байна.
Иргэд Оюуны өмчийн талаар тэр бүр ойлголтгүй байдаг. Үүнээс шалтгаалж бидэнд хандаж буй иргэдийн тоо бага байсан. Харин бид сургалт, сурталчилгаагаа идэвхжүүлсний дүнд мэдүүлгийн тоо нэмэгдсэн. Мөн бид IPOM publish системийг нэвтрүүлээд өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн. https://www. ipom.gov.mn/ сайт руу ороод систем рүү нэвтэрч болно. Ингээд хэний нэр дээр ямар бараа бүтээгдэхүүн, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар байгааг цэснээс харж болно. Ямар нэгэн байгууллагын барааны тэмдгийг шалгах бүрэн боломжтой.
-Оюуны өмчийн газар өнөөдөр ямар чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Манай байгууллага Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарахын тухай хуулиудыг хэрэгжүүлдэг. Мэдээж Оюуны өмчийн газрын бусад төрийн байгууллагаас онцлох ялгаа, шинж чанар нь олон улсын гэрээ, конвенцыг өдөр тутамдаа мөрдлөг болгодог. Манай шинжээчид, улсын байцаагч нар өдөр тутмын үйл ажиллагаандаа улсын Патентын хамтын ажиллагааны гэрээ, Мадридын хэлэлцээр, Олон улсын ниццийн ангилал, Аж үйлдвэрийг хамгаалах тухай Парисын конвенц, Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах Бернийн конвенц гэх мэтчилэн олон улсын 16 гэрээ, конвенцыг хэрэгжүүлж үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Энэ нь дотоодын болон гадаадын бизнес, шинэ технологийн үйл ажиллагаанд эрхийн хамгаалалт хийгддэг гэсэн үг.
Үүний дараа Монгол Улсад худалдан борлуулалт хийгддэг. Жишээ нь, бидний сайн мэддэг шинэ загварын гар утаснууд Монгол Улсад худалдан борлуулагдахаасаа өмнө патентийн болон барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт авдаг. Ер нь аль ч улс оронд аж ахуйн нэгж, компаниуд тухайн улс орон руу бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх гэж байгаа бол заавал Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хийж байдаг. Ер нь цэвэр бизнесийн хамгаалалт хийж байна гэж ойлгож болно. Оюуны өмчөө барьцаалах, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх тал дээр аж ахуйн нэгж байгууллагууд маркетингаараа дамжуулан хийгдэж байна гэсэн үг.
-Гадаадын улс орнуудад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хэрхэн хийгддэг вэ. Жишээ нь, оюуны өмчөө барьцаалах, хувьцаа гаргах, даатгалд хамруулах зэрэг үйлчилгээнүүд гадаадад байдаг гэсэн. манайд үүнийг хийх боломжтой юу?
-Тийм ээ, ихэнх улс орнуудад тухайн Оюуны өмчөө барьцаалах, хувьцаа гаргах, даатгалд хамруулах зэрэг үйлчилгээнүүд байдаг. Монголд Оюуны өмчийг эргэлтэд оруулах тухай хуулийг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилж боловсруулаад УИХ-д өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн байгаа. Энэ хууль батлагдсанаар оюуны өмчийн үр өгөөжийг хүртэх эрх зүйн хамгаалалттай болох юм. Хэдийгээр хууль батлагдаж гараагүй ч оюуны өмчийн үйл ажиллагааг дэмжсэн энэ чиглэлийн байгууллагуудын мэдлэгийн цар хүрээ, ойлголт нэлээд нэмэгдсэн.
Мөн Хуульчдын холбооны дэргэд Оюуны өмчийн дэд хороо байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оноос Оюуны өмчийн газар дахин бие дааж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш барааны тэмдгийн мэдүүлэг, зохиогчийн эрхийн мэдүүлэг, патентын мэдүүлгүүдийн тоо өссөн. Шинэ бүтээлийн тоо өнгөрсөн 2018 онд 159 болсон. Нийт бүтээгдэхүүний загварын тоо 269, ашигтай загварын мэдүүлэг 223 болоод байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал өссөн дүн гарч байгаа.
-Патентын хуулийн эрхийн хамгаалалт хэдэн жилийн хугацаатай хийгддэг вэ?
-Патентын хуулиар гурван төрлийн эрхийн хамгаалалт хийгдэж байгаа. Бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээлийн патент, ашигтай загвар гэсэн гурван төрлөөр хамгаалалт хийдэг. Энэ нь хоорондоо хугацааны болон эрхийн хамгаалалтын хүрээгээрээ ялгаатай. Ашигтай загвар нь долоон жилийн хугацаанд хамгаалагдаж байдаг. Шинэ бүтээлтэй харьцуулбал шалгуур төвшин бага байдаг. Харин шинэ бүтээлийн эрхийн хамгаалалт хийгдэж байгаа объект нь шинэ бүтээлийн шинж, чанар агуулсан байх ёстой. Бүтээгдэхүүндээ загвар өнгө өнгөний хослол агуулсан өвөрмөц шийдлийг агуулсан байх ёстой л доо. Барааны тэмдэг гэж бусдын бараа бүтээгдэхүүнээс өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ ялгах зорилгоор өгсөн нэрийг хэлдэг.
Бидний хэлж заншсанаар лого, эмбэлэм шүү дээ. Энэ барааны тэмдгийг олон улсын Мадридын системийн дагуу гадаадад үйл ажиллагаа явуулж буй компаниуд Монгол Улсад өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах гэж оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хийлгэдэг. Бидний өдөр тутамын хэрэглээ болсон ус, ундаа, цахим хэрэглээнд техник технолгиорооо манайлдаг Dell, Samsung, LV брэндүүд ч оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэж, оруулж ирдэг.
Оюуны өмчөөр хамгаалагдсан бүхий л эд зүйл, хоол, хүнс бидний эргэн тойронд байдаг. Тухайлбал, машин дээр оюуны өмчийн хэд хэдэн эрхийн хамгаалалт хийгдэж байгаа. Бид оюуны өмчтэй орой бүр цэнхэр дэлгэцээр контент үзэн, өдөр бүр ундаа ус, бараа үйлчилгээ худалдаж авах байдлаар шууд холбогддог. Дэлхийн том компаниуд тухайн улсынхаа Оюуны өмчийн газар барааны тэмдэгт, патентаа баталгаажуулж байж зах зээл рүү нь нэвтэрдэг.
Энэ соёл, бизнесийн ёс зүйг жижиг гэлтгүйгээр манай шийдвэр гаргагчид сошиал медиад зүй зохистой хэрэглэж заншмаар байна. Зөрчилтэй бичлэгийг шэйр хийхгүй байх, хувь хүний бичлэгийг зөвшөөрөлгүй тараахгүй байх зэргээр нийгмийн манлайлагчид өөрсдөө бусаддаа үлгэр жишээ болмоор байна.
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГААС ЖИЛД ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОРЖ ИРДЭГ
-Оюуны өмчийн газар бие даасан агентлаг болсноос хойш мэдүүлгийн тоо эрс өссөн гэж та дээр хэлсэн. Тодруулж хэлэхгүй юу?
-Мэдүүлгийн тоог тус бүрт нь хэлэхэд өнгөрсөн онд 6098 мэдүүлэг ирж байсан бол энэ оны хагас жилийн байдлаар 3301 мэдүүлэг Оюуны өмчийн газарт ирсэн байна. Он дуусахад 6000 мэдүүлэг давсан байхаар байна. Оюуны өмчийн газар бие даасан үйл ажиллагаатай болсноор Монгол руу хандаж, бизнесийн үйл ажиллагаа, оюуны өмчөө хамгаалах гэж байгаа гадаадын иргэдийн мэдүүлэг эрс өссөн. Мэдээж Мадридийн системийн дагуу мэдүүлгийн эрхийн хамгаалалт хийлээ гэхэд үүний дагуу Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас санхүүжилт орж ирж байгаа. Тиймээс манай Оюуны өмчийн газар өөрсдийнхөө үйл ажиллагааны орлогоос бүрэн санхүүжигдээд явах боломжтой болж байгаа юм.
Сэтгүүлчийн бичсэн оюуны өмчийг бусад сайтууд зөвшөөрөлгүй авч тараагдсан тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу гомдол гаргаж, хариуцлага тооцуулах бүрэн боломж байгаа. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийг хулгайгаар авч байгаа сайтуудыг хаах хүртэл арга хэмжээ авч болно.
-Мадридийн систем нь манай улсад хэзээнээс хэрэгжиж эхэлсэн юм бэ?
-Монгол Улс 1997 онд нэгдэж орсон байдаг.
-Тэгээд үүнээс хойш жил болгон санхүүжилт орж ирдэг байсан уу?
-Тиймээ, жил болгон орж ирдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд мэдүүлгийн тоо өссөнөөр санхүүжилт нэмэгдэж байгаа.
-Ойролцоогоор хэдий хэр санхүүжилт орж ирдэг вэ?
-Энэ оны байдлаар тэрбум гаруй төгрөг орж ирсэн.
-Энэ хөрөнгийн оюуны өмчийн газрын бүрэн эрх мэдлийн хүрээнд зарцуулдаг уу?
-Мэдээж Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны хяналтан дор зарцуулна. Түүнээс дур зоргоороо зарцуулах эрх бидэнд байхгүй.
-Аж ахуйн нэгж, иргэд яагаад оюуны өмчийн газарт эрхийн хамгаалалт хийх ёстой байдаг вэ?
-Оюуны өмчөө хамгийн түрүүнд хамгаалуулж байж бизнес хийх хэрэгтэй. Энэ миний өмч шүү, хуурамчаар хэрэглэгчийг төөрөгдүүлэх байдалд хүргэхгүй юм шүү гэдэг санааг илэрхийлж байгаа. Нөгөө талаар өмч шүү дээ. Ирээдүйд барьцаалах, гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ямар нэгэн зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй гэж үзэж болно. Энэ талаар мэдээлэл, мэдлэггүйгээс болж бусдад оюуны өмчөө алдах, хамгаалуулаагүйн улмаас өөрсдийн хийсэн бүтээлүүдээ бусдад алдах, хэн нэгэн итгээд түрүүлээд мэдүүлэг өгөх явдал гарах эрсдэлтэй. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт бол бие бус хөрөнгө юм. Оюуны өмчийг барьцаалж зээл олгож байгаа практик жишиг барааны тэмдэг дээр хэрэгжээд явж байна.
-Ер нь хэдий хэр хугацаанд эрхийн хамгаалалт хийдэг вэ?
-Шинэ бүтээлийн патентыг 12 сарын хугацаанд шийдвэрлэнэ. Барааны тэмдгийг есөн сард багтааж шийднэ. Бүтээгдэхүүний загварыг 12 сард шийднэ. Патентын хамтын ажиллагааны гэрээгээр орж ирж байгаа бүтээлүүд тодорхой хугацаагаар дамжигдаад л явж байгаа гэсэн үг.
-Зохиогчийн эрх зөрчсөн гомдол санал танайд хэр ирж байгаа вэ?
-Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн хуулийн 32 заалтын хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа. Мөн Зөрчлийн хууль 2017 онд хэрэгжиж эхлэхэд гурван улсын байцаагч орон даяар үйл ажиллагаа явуулж байсан. 2018 онд Оюуны өмчийн газар дахин байгуулагдсанаар орон тоо нь таван байцаагчтай болж нэмэгдсэн. Хяналтын чанар ч ялгаагүй сайжирсан. Өнгөрсөн жил Зөрчлийн тухай хуулиар 140 гаруй зөрчлийн хэрэг нээж, шалгалтын үйл ажиллагаа явуулж, 95 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Хураасан барааны нийт үнэ нь 39 сая төгрөг байсан. Харин энэ хагас жилийн байдлаар 106 зөрчлийн хэрэг нээж, аж ахуйн нэгж байгууллагуудад 98 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Ер нь оюуны өмчийн зөрчил нийт зөрчлийн 65 хувийг эзэлдэг. Үлдсэн 35 хувь нь барааны тэмдэг, ашигтай загварын талаарх санал гомдол ирж байгаа. Оюуны өмчийн зөрчил гаргаж буй компани аж ахуй нэгжүүдийн талаарх мэдээллийг удахгүй олон нийтэд мэдээллэх болно.
УРАН БҮТЭЭЛЧДИЙН АСАР ИХ ХӨДӨЛМӨРИЙГ ХУЛГАЙ ХИЙВЭЛ ХУУЛИЙН ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ
-Өдөр тутмын сонины нийтэлсэн материалыг бусад сайтууд нэрийг нь дурдсан болгоод л шууд аваад тавьчихдаг. Зарим нь бүр нэрийг нь дурдахгүй ч байх тохиолдол байдаг. Ийм үед оюуны өмчийг хамгаалсан ямар арга хэмжээ авах ёстой байдаг вэ?
-Сэтгүүлчийн бичсэн оюуны өмчийг бусад сайтууд зөвшөөрөлгүй авч тараагдсан тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу гомдол гаргаж, хариуцлага тооцуулах бүрэн боломж байгаа. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийг хулгайгаар авч байгаа сайтуудыг хаах хүртэл арга хэмжээ авч болно.
-Торгуулийн хэмжээ нь хэд байдаг вэ?
-Хуулийн этгээдийг таван мянган нэгж буюу таван сая төгрөгөөр торгодог. Иргэнийг 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгож байгаа. Сонины нийтлэл, кино урлагтай холбоотойгоор 2012 оноос эхлэн үйл ажиллагааг нь зогсоох хариуцлага ногдуулж эхэлсэн. Нийтдээ 600 сайтын үйл ажиллагааг зогсоосон. Одоо бол зөрчлийн хэрэг нээгээд тухайн сайтуудад хариуцлага ногдуулаад зогсоох хүртэл арга хэмжээ авч болно.
Мөн 2011 оноос эхлэн телевизийн сувгийн үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалт хийж эхэлсэн. Эхний шалгалтууд хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой явж байсан бол 2013 оноос эхлээд зөрчил гаргасан телевизүүдэд хариуцлага ногдуулах, контентийн зөрчилтэй телевизүүдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн. Үүний үр дүнд тухайн үетэй харьцуулахад телевизийн контентийн зөрчил 80 хувиар багассан. Уран бүтээлчдийн асар их хөдөлмөрийг оюуны өмчийн хулгай хийгсэд мэдэх ёстой. Хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг гэдийг ч мэдэх хэрэгтэй.
-Өргөдөл, гомдол гаргалаа гэхэд танайх хэдий хэр хугацаанд шийдвэрлэдэг вэ?
-Зөрчил хянан шалгах хуулинд хугацаа заасан байгаа. Тэр хугацаанд прокурор хяналт тавина. Гомдол ирлээ гэхэд бид нэн даруй 24 цагийн дотор прокурорт бүртгүүлэх ёстой. Бүртгүүлснээсээ хойш хялбаршуулсан журмаар шийдэгдэх үү, зөрчлийн хэрэг нээж явах уу гэдэг дээр байцаагч тогтоолоо бичээд прокуророор баталгаажуулдаг. Ингээд 14 хоногийн дотор эхний шалгалтын үйл ажиллагаа болно. Хэрвээ амжихгүй гэж үзвэл тухайн хэлтсийн дарга буюу ахлах байцаагч нар 14 хоногоор сунгаж өгнө. Бүр хугацаа нь амжихгүй тохиолдолд прокуророос 30 хоногийг нэмж сунгаж өгдөг. Нийтдээ 58 хоногийн хугацаанд зөрчлийн хэргийг шийдвэрлэж дуусгаж байгаа юм. Үүнээс дээш хугацаанд шийдвэрлэх боломжгүй.
-2019 оныг оюуны өмчийг сурталчлах, таниулах жил болгон зарласан гэж та дээр хэлсэн. Энэ хүрээнд гадаад улс орнуудтай хамтын үйл ажиллагааг хэрхэн өрнүүлж байна вэ?
-2019 онд гадаад харилцааны чиглэлээр нэлээд ажлууд хийгээд явж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард Зохиогчийн эрхийн дөрвөн талт зөвлөгөөн манай улсад болсон. БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол гэсэн зохиогчийн эрхийн дөрвөн талт семинарыг зохион байгуулсан. Сая наймдугаар сарын 29-30-ны өдрүүдэд манай улсад “Газар зүйн заалт бүс нутгийн хөгжил” сэдвээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ээлжит хамтарсан зөвлөгөөн боллоо. Мөн БНСУ-ын Оюуны өмчийн газар, шинэ бүтээлийг дэмжих холбоотой хамтран ажиллах болсон. Эхний ээлжинд тус байгууллагаас эрхлэн гаргасан оюуны өмчтэй холбоотой гарын авлагыг орчуулж гаргах эрхийн авсан. Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Киргиз Улстай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна.
-Монголын нийт оюуны өмчийг мөнгөн дүнгээр нь үнэлж тооцсон барагцаа тоо байдаг болов уу?
-Үнэлгээ тогтоосон нэлээд хэдэн тохиолдол бий. Тэдгээрийг базвал 22 тэрбум орчим төгрөг болдог. Энэ нь үнэлгээ тогтоолгосон бүтээгдэхүүний нийт үнийн дүн гэсэн үг. Өнөөгийн эрх зүйн орчинд энэ дүн оюуны өмчийн баталгаатай үнэлгээ гэж хэлэхэд хэцүү. Мөн Зөрчлийн тухай хуулинд хохирлыг үнэлнэ гэж бий. Байцаагч үнэлнэ гэсэн заалт байдаг. Н.Учрал гишүүний санаачлан өргөн барьсан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль батлагдсанаар оюуны бүтээлийг үнэлгээг тогтоох хуулийн зохицуулалттай болох юм. Мөн үл хөдлөх хөрөнгөөс ч илүү үнэлгээтэй Монгол компаниуд Дэлхийд өрсөлдөх боломжтой. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт бол Монголын брендийг гадаадад улсад худалдаа, үйлчилгээ явуулахад хуулийн хамгаалалт хийдэг байгууллага юм. Оюуны өмчийг дээдэлж, хүндэтгээрэй.