Ардчиллыг шаардсан иргэдийн жагсаал хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлж өнгөрсөн баасан гарагт гол удирдагчдыг баривчлан саатуулсан боловч амралтын өдрүүдэд жагсагчдын тэмцэл намжсангүй. Жагсагчид энэ удаад олон улсын нисэх буудлын эргэн тойронд гол замуудыг хааснаар Азийн тээвэр зуучлалын үйл ажиллагаанд саад учруулжээ.
Нисэх буудлыг чиглэсэн галт тэрэг зогссоноор терминал руу зорчигчид явган алхсан байна. Ихэнх нислэгүүд хэвийн явагдсан ч зарим нь хойшлогджээ. Хар өнгийн хувцсаар жигдэрсэн босогчид нисэх буудлын терминал руу орохыг оролдсон ч хэв журам сахиулах цагдаа нар хориг тавьсан байна.
Жагсагчид болон хэв журам сахиулах цагдаа нарын мөргөлдөөний үеэр агаарт таван удаа хий буудаж анхааруулга өгсөн ба нулимс асгаруулагч, даралтат усаар шүршиж олон арван мянган иргэнийг тараахыг оролджээ.
Бээжин дэх эрх баригчид Хонконгийн удирдагчдыг сонгох чөлөөт сонгуульд хориг тавьснаас хойш таван жил өнгөрснийг тэмдэглэснээрээ энэ удаагийн жагсаал онцлог болсон байна. Жагсаал гурван сарын турш үргэлжилж байгаа ч нөхцөл байдал намжих шинж ажиглагдахгүй байна гэж ажиглагчид үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com