Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд үүнд зориулсан “Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум эхэллээ.
Форумд БНХАУ, ОХУ, БНТУ, Япон зэрэг орны радио телевизийн төлөөлөл болсон 10 гаруй зочин оролцож, тоон системд шилжсэн болон шилжиж буй үеийн тулгамддаг асуудал, түүнийг гэтлэн давах гарц гаргалгааны талаар илтгэл тавин хэлэлцүүлж байна.
Энэ өдрийн хүндэт зочноор “Чайна Медиа” групп, “CCTV”-ын орлогч захирал Юань Жэнмин , Ази, Африкийн хэлний газрын дарга Ань Шяоюй, ОХУ-ын Буриадын радиогийн захирал Дымчикова Жанна, Халимагийн Радио, телевизийн ерөнхий редактор Надбитова Тамара Тюндяевна, Туркийн Радиогийн орлогч дарга Лютфи Килинч, Япон Улсад суугаа соёлын элч Каваүчи Широ нар оролцож байна.
Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхэд баримтлах бодлого, тоон радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг Монгол Улс 2010 онд батлан гаргасан.
Энэ хүрээнд Монголын радиогийн студийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тоон системээр дамжуулах боломж бүрдүүлэх, өнөөгийн нөхцөлд радио өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, техник технологийн шийдлийг боловсруулах зайлшгүй шаардлага гарсан.
Нөгөө талаар радио нь нийгмийн сэтгэл зүй, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, иргэний нийгмийн институцийг хөгжүүлэхэд нөлөөлдөг олон нийтийн мэдээллийн чухал хэрэгсэл болохын хувьд сонсогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан хөтөлбөр бэлтгэн явуулахад радио нэвтрүүлгийн шуурхай байдал, найдвартай ажиллагааг хангасан техник, тоног төхөөрөмж шаардлагатай байна.