Та бидний орчин цагт хэрэглэж буй ундаа, жүүс, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүний тетра пак савлагааг санаачилж байсан Швед улсын тэрбумтан Ханс Раузинг 93 насандаа таалал төгсчээ. Тетра Пак компанийг үүсгэн байгуулагч Рубен Раузингийн хүү Ханс 1950-1995 он хүртэл компаниа удирдаж, 90-ээд оны сүүлээр гэр бүлийн бизнес дэх өөрийн хувьцаагаа дүүдээ худалдсан юм.
Тэрээр Швед улсад төдийгүй Их Британи улсад олонд танигдаж, хайр хүндэтгэлийг нь хүртсэн нэртэй хандивлагч байжээ. Форбес сэтгүүлийн тооцсоноор Раузингийн гэр бүлийн хөрөнгө 12 тэрбум ам.доллар давсан ба Их Британид амьдарч буй хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг байсан юм.
Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахад хамгийн хэрэгцээтэй аргыг нээж илрүүлсэн Рубен Раузинг 1944 онд Тетра Пак компанийг үүсгэн байгуулжээ. Компанийн үйл ажиллагаа 1960-аад оны үед буюу Ханс болон түүний дүү Гад нарын удирдлагын үед оргилд хүрсэн гэж эдийн засгийн шинжээчид үздэг. Раузингийн ах дүүс 1980 онд Их Британи руу нүүж тус улсын чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com