УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцүүлэг тойрсон асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.
С.Чинзориг:
-МАН сонгуулийн амлалтандаа Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ ард түмнээсээ асууна гэдэг амлалт өгсөн. Тиймээс би ард түмнээсээ асуух ёстой гэсэн байр суурьтай байна.
Иргэд цөөн хэдэн асуудал л ярьж байна шүү дээ. Шүүх эрх мэдэл хүн бүхэнд эрх тэгш ханддаг байх, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш шударга хүртээдэг байх, нэг хэсэг нь хэт баяждаг байдлыг өөрчлөх, нийгэмд шударга ёс тогтоосой гэсэн асуудлыг л ярьж байна. Үүнтэй би санал нэг байгаа. Энэ хэлэлцүүлэг дээр тодорхой заалтууд дээр өөрийн байр сууриа илэрхийлж байна
Eрөнхийдөө ирц муутай байна. Гэхдээ манай гишүүд санаачилсан төслөө хэлэлцэхэд санал нэгтэй байгаа гэж бодож байна. Цөөн хэдэн гишүүн тодорхой шалтгаантай, 4, 5 гишүүн нь тодорхой шалтгаангүйгээр чуулгандаа ирэхгүй л байна. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батална гээд эхэлсэн учир ухрах арга байхгүй. Тиймээс гишүүд идэвхитэй оролцоод батлах байх гэж найдаж байна.
-Зарим гишүүд барьцаалагдсан гэдэг мэдээлэл байна?
-УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй учир хардаж сэрдэж ярих юм байгаа л байх. Гэхдээ арай ч хэн нэгэн бүлэглэлд барьцаалагдсан хүн байхгүй болов уу. Надад бол мэдрэгдэж байгаа зүйл ч алга.