Ажил, амины шаардлагаар нэг хоногийн зайтай Дархан болон Налайхын замаар зорчлоо. Улаанбаатар-Дарханы зам ямархуу та болсон талаарх хүмүүсийн санал, гомдлыг уншиж, сонссон болов чиг, алагаараа харж, арваараа барьж байж бодит байдлыг яс махандаа шингэтэл ойлгосноо та бүхэнд өөрийн бодол болон олон улсад үзсэн харсантайгаа нийлүүлэн хүргэе.
Улаанбаатар хотоос дуу шуутайхан гарсан бид нар Эмээлт, Хүй долоон худгаар дамжин, 61-ийн гарам хүрэх хүртлээ хоёр ч удаа дугуйгаа тас хийтэл цохьсон шигээ явлаа. Үүгээр холхих хөл хөдөлгөөн ихэссэнээс Хүй долоон худгийн зам багагүй эвдэрчээ.
Ингээд 61-ийн өртөө, төмөр замын гарам өнгөрөөд бидний 220 км тамын мөч эхэлсэн юм. Шороон зам руу орохтой зэрэгцээд тэнгэрт тулсан улаан шороо биднийг бүчиж авсан. Шөнө явааг хэлэх үү, урдах машинаа арын улаан гэрлээр баримжаалж, замаа арай чамай олж явлаа. Саяхан мөргөлдсөн байсан зорчигч тээврийн автобус, шалаанз хоёр иймэрхүү тоосноор нэг нэгнээ “олсон” нь гарцаагүй.
Борнуур хүрэхийн алдад хүчтэй аадар бороо цутгаж, аваарын гэрлээ асаахаас аргагүй болж, өөдөөс ирэх машинтай мөргөлдөхгүй байх, замын нүх рүү орчихгүй байх гэсэн хоёр аюулын дунд хэсэг гэлдэрлээ. Өмнө нь 3-4 цаг давхиад хүрдэг байсан Дархан руугаа бид 6-7 цаг явж хүрсэн юм.
Хиагтаар оронгуут ямархуу зам угтан авдгийг монголчууд бүгд мэддэг болсон. Биднийг тавлах мэт дөрвөн эгнээ толь шиг дардан, 50км тутамд амрах цэгүүдтэй зам угтан авч Евро стандарт гэж ийм юм байдаг юм шүү гэж олон таван үггүй “ойлгуулах” юм. Улаан-Үд хотын ойролцоо мөн зам засварын ажилтай таарсан ба хөдөлгөөн хаалгүйгээр, зөвхөн нэг урсгалг хааж, төө хэрийн зузаан асфальт тавихыг машины цонхоор харж, ухаан муутай, урашгүй төрийн хэдэн түшмэлийн богино бодолтойг гайхаж явлаа.
Товчхондоо, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Л.Халтар, Улаанбаатар-Дарханы замыг хариуцан бариулж байгаа ерөнхий түшмэл, сайдын зөвлөх Б.Цогтгэрэл нарыг би эх орны хөгжил дэвшлээс хойш чангаагчид, хорлон сүйтгэгчид, ажил хийж мэддэггүй цагаан захтнууд, хий хоосон алдар нэрэнд дурлагчид гэж шулуухан хэлмээр байна. Олон мянган хүний цаг зав, хөрөнгө мөнгийг үрэн таран хийж, ажил хийсэн нэр зүүж байгаа ийм хүмүүс Монголд дахин бүү төрөөсэй гэж ерөөе.
Хүнээ дээдэлдэг орнуудад хүндээ төвөг чирэгдэл учруулалгүй зам шинэчлэлийн ажил хийгддэг гэдгийг гадагшаа явж, галуу шувууны мах идэж, юм үзэж, нүд тайлсан хүн бүр хэлэх байх. Төрийн мөнгөөр сар бүр гадагшаа зугаалдаг улстөрч долдойнууд үүнийг мэдэхийн цаагуур мэддэг баймаар.
Токио хотын замд үүссэн нэгэн жижиг нүхийг шөнийн цагаар засаж байхыг нь харж байсан. Асфальтаа богино хугацаанд хатаахын тулд гялгар уутаар хүлэмжэрхүү битүү обьект бариад, халуун сэнсээр үлээлгэж байхыг хараад, хүнээ дээдэлдэг, нэг нэгэндээ дараа удахыг төвддөггүй орон ямар сайхан юм бэ гэж бодож байсан. Өглөө гэхэд тэрхүү жижиг хагарал урьд өмнө нь огт байгаагүй юм шиг тээврийн хэрэгслүүд сум шиг давхин явна гэж төсөөл дөө.
Зам шинэчлэлийн хөгжлөөр урд хөрш маань биднээс хэдэн арван жилээр түрүүлсэн ба тэнд давхар, давхар гүүрийг хүртэл ямар нэгэн хөдөлгөөн үл хаан, барьж байгуулж байгааг та бүхэн наад захын хотод нь очоод харж болно.
Гэтэл Дарханы замыг хэрхэн шинэчилж байна вэ?
Олон улсын жишгээр улс орны стратегийн чухал замыг хэзээ ч бүхэлд нь хааж, зам тавьж болохгүй! Энэ бол нотолгоо шаардахгүй үнэн. Угтаа бол Дарханы замыг 10 орчим км-ээр хэсэгчилж хаагаад, шинэчилсэн бол цаг хугацаа орох ч ингэж олон түмнийг шар махтай нь хатааж, туйлдуулахгүй байв.
“220км замыг бүхэлд нь хаах нь буруу. 10,10км-ээр нь хааж засах ёстой. Түр замыг ингэж огцом хийх биш хүнд даацын машинууд явахад амар болгож, тойруугаар хийх ёстой” гэж нэгэн орос жолооч арга мухардан ярихыг та бүхэн ТВ-ээр харсан байх. Орост лав замаа ингэж шинэчилдэг юм байна.
Анх удаа явж байгаа орос жолооч нар Алтанбулагаас Дархан руу орж ирээд, Улаанбаатарын замыг олох гэж хөөрхөн сандарч байхыг нүдээр харлаа. Явж дадсан шулуун замыг нь бас хаагаад, Дулааны станцаараа тойрдог болчихжээ. Улаанбаатарын замыг заах тэмдэг тэмдэглэгээ тавьчих сэтгэл, ухамсар Дархан-Уул аймгийн удирдлагуудад лав алга. Тэд замаа мэддэг. Гэтэл энэ замаар гадаад байтугай дотоодын зорчигчид ч замаа олохгүй төөрч будилж байна шүү дээ.
Сэлэнгийн Мандал сумын наадам лайвдахаар явж байсан манай сэтгүүлчдийг зам зуурт тээврийн цагдаагаас зогсоогоод, livetv гэсэн логог харангуутаа их дотночлон “Та нар бидний үгийг Зам, тээврийн дарга нарт уламжилж өгөөч. Зам засварын ажил хийхийн тулд энэ хөрсөөр нь сайжруулсан зам засах биш, хайрга дэвсэж өгөөч. Энэ хөрсөөр нь сайжруулсан зам тавибал тэнгэр тултал тоос босно. Энэ хавь гамшиг болно” гэж хэлж байж билээ. Харин мангуу түшмэдүүд хайрга дэвсэлгүй, уг хөрсөөр нь сайжруулсан зам тавьж, эх орныхоо хөгжлөөс хойш татаж байх юм.
“Би жил бүр 3-4 солонгос групп авч явдаг юм. Энэ жил энэ засварын ажлаас болоод аваагүй. Аваагүй нь ч болж. Ийм зам манай улсыг муухай харагдуулна” гэж аяллын хөтөч маань хэлж байсан. Нэг хөтөч ингэж ярихаар энэ чиглэлийн аялал, жуулчлал лөөлөө болсон бололтой.
Зам шинэчлэлийн ажил 11 сард дуусна гэж байгаа ч наана нь өрнөх тариа, будааны ажлыг яая гэж мунхагууд бодоо вэ. Ер нь энэ замын гүйцэтгэлийг харахад 11 сардаа лав дуусах шинж огт алга. Хэрэв энэ замаа хугацаанд нь, олон улсын жишигт нийцүүлэн, чанарын өндөр түвшинд дуусгаж чадахгүй бол Б.Энх-Амгалан, Л.Халтар, Б.Цогтгэрэл нар ичиж амьдраад, улстөрөөс зогсохгүй Монголоос яваарай.
Дарханы тамын замын тоосоо гөвж амжилгүй, нэг хоногийн дараа Налайхын замаар зорчлоо. Хүсээгүй юм хүзүүгээр татдаг хойно.
Налайхын 45км замыг бас л бүхэлд нь хааж, зам шинэчлэлийн ажил хийж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотоос баруун, зүүн тийш явах хоёр хөдөлгөөн хоёул засварт орж, энэ зун улаанбаатарчуудыг ихэд зүдээлээ.
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан өөрийн сонгогдсон Налайхын энэ замд ихээхэн анхаарал тавьж байгааг ойлгож байгаа. “Богино хугацаанд ард иргэдээ зутраагаад ч хамаагүй, сайн замтай болъё” гэсэн бодолтой байх шиг байна лээ. Энэ нь харамсалтай нь эсрэгээрээ, төрийн хүнд суртлыг ард иргэддээ харуулсан үйлдэл болж байгээг мээр маань ойлгож байгаа болов уу? Монголын төр хүнд суртлаа замыг бүхэлд нь хааж харуулж байна гэж хэн хүнгүй ярьж байна.
Налайхын замыг мөн л бүхэлд нь хаахгүйгээр 10,10км-ээр нь хэсэгчлэн шинэчилсэн бол хүн хар ингэж ядрахгүй, зутрахгүй байв.
Хоёр дахиа явж байгаа би ч тоосонгүй, анх удаа Налайхын энэхүү там шиг замаар явж байгаа найз маань ихэд гайхшран, цочирдож, үе үе унхиагүй, ухаангүй улстөрчдийг зүхэж явах юм. Бөө байсан бол бөөгийн тамлага урсгахаар л байлаа.
Бид хэзээ зам барьж сурна даа. Бид хэзээ амар жимэр амьдрах бол. Тэд хэзээ биднийг амар жимэр амьдруулахад суралцах бол...
Зураач С.Цогтбаярын зургийг ашиглав