“Ханан Шишгэд” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй "Түмний байр" төслийн хүрээнд “Амар амгалан” хотхонд хоёр өрхийг орон сууцтай болгох үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
“Ханан шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбат:
"Түмний байр" төсөл маань нээлтээ хийснээс хойш анхныхаа байрыг олгож байна. Манай компани байрны урьдчилгааны 10 хувийг буцалтгүй тусламжаар олгож байгаа бол байртай болж буй иргэд маань 20 хувийг төлж байгаа. Харин ипотекийн зээлийнх нь батлан даалтыг манай “Ханан шишгэд” ХХК гаргана. "Түмний байр" төсөл маань 2024 оныг хүртэл үргэлжилнэ. Төсөл үргэлжлэх хугацаанд барилгын компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн бусад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа уриалж илүү олон хүнийг байртай болгохын төлөө ажиллах болно. Манай компани гадаад худалдаа, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын чулууг хөндөж баялгийг олборлож ашиг олж байгаагийн хувьд нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж “Түмний байр” төслийг эхлүүлсэн. Монголын баялагийн үр шим нь иргэдэд ч гэсэн бодитойгоор хүрэх ёстой гэж боддог.
“Ханан шишгэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл:
Манай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлсэн “Түмний байр” төслийн хүрээнд олгож буй байрны эхний эзэд тодорлоо. Хүмүүст тулгамдаж буй асуудал нь байрны урьдчилгааны асуудал байдаг. Тэгэхээр манай компанийн хэрэгжүүлж буй "Түмний байр" төсөл иргэдэд урьдчилгаагаа бүрдүүлэхэд дэмжлэг өгөх, цаашлаад ипотекийн зээлд хамрагдахад нь дэмжлэг үзүүлж байна. Иргэдийг орон сууцтай болгосноор агаар орчны бохирдлыг бууруулахад бага ч болтугай нэмэр болно гэж найдаж байгаа.
“Түмний байр” төслийн хүрээнд орон сууцтай болсон иргэн Б.Баттулга:
Бид хоёр өөрсдийн гэсэн байртай болохын төлөө олон жил зүтгэсэн. “Түмний байр” төслийн талаарх мэдээллийг аваад хамгийн түрүүнд ирж бүртгүүлж байлаа. Бидний төвшний амьдралтай, найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж байртай болох гэсэн хүмүүст хамгийн хэрэгтэй төсөл гэж хэлнэ. Бид хоёр яг өөрсдийнхөө хүчээр урьдчилгаа бүрдүүлж, зээлд хамрагдана гэвэл дахиад дөрвөөс татан жил хөдөлмөрлөх ёстой байсан. Байртай болох хугацааг минь энэ хэмжээнд наашлуулж өгсөн “Ханан шишгэд” ХХК-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.