АНУ-ын Алабама мужийн иргэн Элвин Кеннард 22 настай байхдаа нарийн боовны газраас 50 ам.доллар 75 цент хулгайлсан хэргээр баривчлагдаж, өршөөлгүйгээр бүх насаараа хоригдох ял сонсож байсан юм. Энэ бол 1983 оны үйл явдал.
Үүнээс хойш 36 жилийг засан хүмүүжүүлэх газарт өнгөрүүлсэн Кеннардын хэргийг Алабамагийн шүүхэд дахин хэлэлцэж 50 ам.долларын хулгайн хэрэгт оноох ёстой ялыг хэдий нь эдэлж гүйцсэн тул суллах шийдвэр гаргажээ. Ийнхүү 58 настай Кеннард 30 гаруй жилийг шоронд өнгөрөөсний эцэст суллагдсан байна.
Кеннардын хийсэн гэмт хэрэг орон байрны хулгайн хоёрдугаар зэрэгт хамрагдаж гурван жил ял эдлэх ёстой байжээ. Гэвч Алабама мужийн хуучин хуулиар орон байрны нэгдүгээр зэргийн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож амьдралынхаа ихэнх хугацааг хорих газарт өнгөрөөсөн аж. Түүнийг суллах шийдвэр гарахад шүүх танхимд цугласан ойр дотны хүмүүс нь алга ташин баяр хүргэж, баярын нулимс унагасан байна.
Хэргийг цагаатгаж үйлчлүүлэгчээ суллаж чадсан хуульч, өмгөөлөгч Карла Кроудерын хэлснээр 1980-аад онд гарсан хэргийг дахин авч хэлэлцэхэд хүлээх ёстой ял шийтгэлээ хэдий нь гүйцээсэн байсан гэжээ. Элвин Кеннардтай адил нөхцөлд хүлээх ёстойгоосоо илүү хүнд шийтгүүлж одоог хүртэл бүх насаа хорих газарт өнгөрөөж буй хүмүүс хэдэн зуугаараа байгаа ч тэдэнд өмгөөлөгч байхгүй учир шударга бусаар ял эдэлж байна хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com