Нийслэлийн онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоогоор их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нийт 660 гаруй барилга байгууламжид хяналт шалгалт явуулахад 1500 гаруй зөрчил илэрсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Түүнчлэн боловсролын байгууллагуудын гамшгаас хамгаалах болон галын аюулгүй норм норвативын баримт бичгийг шалгахад 2900 зөрчил илэрсэн байна. НОБГ-ын алба хаагчид илэрсэн зөрчлийн 456-г газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж:
Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлүүдийг аль болох газар дээр нь арилгуулах ажлыг хийж ирлээ. Харин хоёр байгууллагаас маш ноцтой зөрчил илэрсэн. Боловсролын байгууллагад үүсч болзошгүй эрсдэлийг тооцоод гамшиг тохиосон үед яаралтай авах арга хэмжээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр ЕБС-ууд хоёроос гурван ээлжээр хичээллэж байгаа. Ийм өндөр ачаалалтай үед эрсдэл гарсан тохиолдолд яаралтай ямар арга хэмжээ авахаа сургуулиуд мэдэж байх хэрэгтэй. Сургуулиудын гал унтраах хэрэгсэл нь бүрэн бус, ажилладаггүй, хугацаа нь дууссан зөрчил хамгийн ихээр гарч байна.
Боловсролын байгууллагууд гал түймрээс хамгаалах анхан шатны тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, галын дохиоллын систем суурилуулаагүй, галын аюулын магадлал хийлгээгүй, галын аюулын гарцын тэмдэг тэмдэглэгээг сайн хийгээгүй, сургуулийн гадна талбайн тоглоомын бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цайны газрынхаа хийн баллоны аюулгүй байдлыг ханган ажиллагаагүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул тэдгээр зөрчлөө нэн даруй арилгах үүрэг даалгавар өгсөн гэв.