Д.ЭНХЭЭ
ОХУ-ын Төрийн дум 20 жилийн тэртээ, 1999 оны наймдугаар сард Владимир Владимировичийг засгийн газрын даргын албан тушаалд баталсан билээ. Ерөнхий сайдын ажлын нэгээхэн жижиг хэсгийн талаар “Комсомолка” өгүүлж байна.
Михаил Шолоховын зохиол бүтээлийг ад үзэн гоочлох үйл ажиллагаа 90 жилийн тэртээгээс эхэлжээ. Зохиолч “Дөлгөөн Дон”-ыхоо эхний хоёр боть номыг “Октябрь” сэтгүүлд нийтлүүлсэн даруйдаа шууд олны танил болов. Бахдаж баярласан мянга мянган уншигч түүнийг романаа үргэлжлүүлэн бичихийг шаардаж захидал, хүсэлт илгээж байв.
Нэр алдрын нөгөө талд бас атаа жөтөө байсан. Шолохов хүний гар бичвэрийг хулгайлсан юм гэнэ лээ гэсэн цуу яриаг зохиолчдын урлангийн нөхөд нь дэгдээв. Ийм хэмжээний роман зохиож бичихэд доны казак залуу арай л балчирдана гэж тэд үзжээ. “Зохиолын хулгайг” илчилсэн хэдэн арван ном, зуу зуун өгүүлэл гарч эхлэв. Орчин үеийн хөлөг онгоцноос сонгодог зохиолчийг авч хаях кампанит ажилд Солженицын, Евтушенко, Вознесенский, Аксенов нарын зохиолчид, өөр бусад урсгал бүлгийн нэрд гарсан зохиогчид, тэр ч бүү хэл өөрчлөн байгуулалтын гол үзэл сурталч, Улс төрийн Товчооны гишүүн Александр Яковлев хүртэл оролцжээ.
Яагаад? “Өөрийнх нь эсрэг эргэн тойронд цуглан нэгдэж байгаа дайснуудынх нь тоогоор хорвоод жинхэнэ суут хүмүүн бий болсныг та амархан таньж мэдэж болно” хэмээн иймэрхүү нөхцөл байдлыг тэртээ XVIII зуунд “Гулливер”-ийн зохиогч Жонатан Свифт тайлбарлачихсан юмсанж.
Энэ бүхнийг давж гарахад залуу зохиолчид үнэхээр хүнд бэрх байсан. “Би яах вэ? “Хулгайч” гэж хэлүүлэх надад үнэхээр хэцүү байна. Юу ч хийх дур хүсэлгүй болж, заримдаа тэсэхийн аргагүй санагдах боллоо” хэмээн тэрээр “Октябрь” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Серафимовичэд ханджээ.
-Сонгодог зохиолчийн намтрыг эртнээс судлагч, хий хоосон цуу яриаг эрс үгүйсгэн эсэргүүцэгч, зохиолч Валентин Осипов ийнхүү өгүүлэв.
-Шолохов Серафимовичийн зөвлөснөөр ажилчин ангийн (пролетарийн) зохиолчдын оросын ассоциаци (РАПП)-д хандсан бололтой. Тэнд комисс байгуулсан юм байна. 1929 оны хавар РАПП-ын удирдлагын зүгээс “Рабочая трибуна” (“Ажилчны индэр”) болон “Правда” сонинд Шолоховыг зохиол хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа нь хорон санаат гүжир гүтгэлэг хэмээн нэрлэж албан ёсоор зарласан. “Урьд өмнө нь хэвлэгдсэн Шолоховын зохиол бүтээлийг мэддэг хэн боловч, тэр бүү хэл уран зохиолын талаар нэвтэрхий биш уншигч ч гэсэн түүний эхэн үеийн зохиолууд хийгээд “Дөлгөөн Дон”-ы аль алины хувьд нийтлэг хэл найруулгын онцлог, бичих арга барил, хүмүүсийг дүрслэн харуулах чиг хандлага зэргийг төвөггүй анзаарч чадна”. Гэхдээ РАПП-ын удирдлага болон намын цэвэр ариун үзэл суртлын үндэс суурийг хамгаалагч улангассан атаачдын хувьд Шолоховыг хайрлах онцгой шалтгаан байгаагүй. “Баячууд, цагаан гвардийнхныг магтсан” гэдгээр өөрсдөө тэд түүнийг буруутгаж байсан. Фадеев, тэр байтугай “Дөлгөөн Дон” гурав дахь боть номоос 30 бүлгийг хасахыг шаардаж байсан!
Тэрхүү 1929 ондоо Оросын зохиолчдын холбоо өөрийн шийдвэрээ гаргаж, “роман үнэхээр Шолоховын өөрийнх нь бүтээл мөн болохыг хүлээн зөвшөөрсөн” өөр хэрэг явдал дуусгавар болсныг мэдэгдсэн юм.
Баруун руу гарах болов уу?
-Гүтгэгчид хэсэг хугацаанд нам жим болцгоов. Удалгүй дайралт дахин үргэлжилж, бүр илүү эрч хүчтэй болсон. Гүжир гүтгэлгийг эсэргүүцэхэд “Дөлгөөн Дон”-д олгосон Нобелийн шагнал ч, архивын шинэ нээлтүүд ч аль аль нь тус нэмэр болж чадаагүй юм хэмээн Осипов яриагаа үргэлжлүүлэв.
– Яагаад?
– Зохиогч мөн гэдгийг нотлох гол баримт болох гар бичмэлийн эх нь байхгүй байсан юм. Гэтэл гэв гэнэт 1998 онд төв хэвлэлд гар бичмэл байна! гэсэн цочир мэдээ гарав. Нийтлэлийн гарчиг нь “Дөлгөөн Дон” баруун руу урсаж байна” гэсэн уран гоё нэртэй.
“Гар бичмэлийг хагас сая америк доллараар үнэлж, оросын сонгодог зохиолчийн эх нооргийн төлөө ийм мөнгө гаргачих бэл бэнчинтэй хүн олдоогүй байх, архив эзэмшигч хуудас хуудсаар нь зарж борлуулахаар шийдсэн бололтой. Энэхүү гар бичмэл эх нь нэгэнт үндэсний соёлын өв болохын учир түүнийг ОХУ-аас авч гарч дуудлага худалдаа эрхэлдэг газруудад санал болгох боломжгүй байх. Тийм болохоор зарж борлуулах ажиллагааг маш нууц байдлаар явуулж байна. Янз бүрийн шалтгаанаар, түүний дотор дээрэмчдээс айж эмээж байгаа учир, эзэмшигчийн нэр нууцлагдсан. Хууль ёсны дагуу энэ бүх мэдээллийг баталгаажуулах, эсвэл үгүйсгэх боломж одоогоор байхгүй. Гэхдээ үнэнийг мэдэж байгаа хүмүүс гар бичмэл эхийг ОХУ-аас авч гарна хэмээн нотолж байна”.
Гэхдээ хэнд хадгалагдсан байж болох вэ. Үнэт нандин өвийг ОХУ-д нь үлдээхийн тулд хэнтэй хэлцэл хийх вэ? Энэ цаг мөчид Шолохов аль хэдийн бурхны оронд заларсан байв. Аз болоход Дон нутгийн нэгэн чекист, Шинжлэх ухааны академийн дэлхийн уран зохиолын хүрээлэнгийн захирал, мөн ОХУ-ын Засгийн газрын тэргүүн гурав сэтгэл гаргасан юм…
АБУХ (Аюулгүй байдлын улсын хороо), АБХА (Аюулгүй байдлын холбооны алба)-ны ахмад ажилтан, чөлөөнд байгаа хурандаа, чекист Николай Ушаковоос эхэлье. Түүнийг би Вешенская гацаанаас хайж олсон юм.
-Би өөрөө доны казак, Вешенская гацааны уугуул. Аав маань Шолоховыг сайн мэддэг байсан. Хүүхэд нас, мөн идэр залуудаа Михаил Александровичийг үзэж харах аз завшаан надад тохиосон билээ хэмээн Николай Васильевич өгүүлсэн юм.
-Гар бичмэлийн эхийг эрж хайх ажлыг та Лубянкаас өгсөн тушаалын дагуу хийсэн үү?
-Үгүй дээ, миний найз, Шолоховын ач Михаил Турковын хүсэлтээр хийсэн. 1998 оны хоёрдугаар сард “Дөлгөөн Дон” Баруун руу урсаж байна” хэмээх нийтлэл гарсны дараа гар бичмэл гадаадад гарах, эсвэл цуглуулга хийдэг манай баячуулын хэн нэгний гарт орох бодит аюул нүүрлэсэн. Левицкийнхний гэр бүлийнхэн ховор нандин үнэт зүйлийг зарж борлуулах гэж байна гэсэн буруутгал нэг сонинд гарсан юм.
-Тэр чинь юун гэр бүл байдаг билээ?
-Евгения Григорьевна Левицкая гэдэг 1903 онд намд элссэн, Ленинийг таньж мэддэг, өндөр настай большевик эмэгтэй л дээ. Хожим нь тэр “Московский рабочий” хэвлэлийн газарт зөвлөхийн алба хашиж байсан. Шүүмж авахуулахаар “Дөлгөөн Дон”-ы гар бичмэл түүний гарт очсон хэрэг. “Маш зузаан, их том гар бичмэл байсан. Үүнээс өмнө би хэдэн арван ийм гар бичмэл уншсан юм, бүгд л хэвлэлийн шаардлага хангахгүй, нэг нь нөгөөгөөсөө бүр тааруухан л эд байсан. Тэгээд цүнхэндээ хийгээд гэртээ харьсан юм. Орой нь гэр орны ажлаас хэсэг хөндийрсний дараа ядарч сульдсан хэдий ч нөгөө гар бичмэлээ цүнхнээсээ гаргаж уншлаа. Хэдэн хуудас уншсаны дараа зогсов. Юу гээчийн гайхамшиг вэ?! Эхний сэтгэгдэл хуурамч байж магадгүй гээд эхлэлийг нь бас дахин уншлаа. Улам л сайхан сэтгэгдэл төрөв. Хүүгээ дуудлаа. Хүү маань ч намайг дагаж уншлаа… Ингээд тэр номыг шууд хэвлэхийг зөвлөмж болгов. Удалгүй хэвлэлийн газарт Михаил Александровичтай уулзлаа. Савхин хүрэм, кубанка малгай өмссөн, намхавтар нуруутай, горзгор туранхай залуу байлаа. Насаар хүүгээс минь яльгүй ах, тун залуухан байсан нь миний сэтгэлийг хөдөлгөж гайхашруулсан. Тэр цагаас хойш бид түүнтэй дотно нөхөрлөсөн. Манай “Москвагийн ажилчин” хэвлэлийн газарт тэр бүх зохиолоо хэвлүүлсэн.”
Шолохов өөрөө Левицкаяг “Дөлгөөн Дон”-ы загалмайлсан эх хэмээн өргөмжилж, алдартай “Хүний хувь заяа” өгүүллэгээ түүнд зориулан бичсэн. Левицкая ч хүү Игорийнхаа хамт Вешенская гацаанд нэг бус удаа зочилсон…
-Тэгэхээр гар бичмэлийн эх Левицкийнхнийд хадгалагдаж байж магадгүй гэсэн хардлага тохиолдлын биш гэсэн үг үү?
-Улиг болсон гүтгэлэг! Евгения Григорьевна аль хэдийн бурхны оронд одсон. Гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахаар түүний ач охин Евгения Игоревна шийдсэн юм. Тэрээр ховор нандин үнэт зүйлийг эрж олох, улмаар Шолоховын нэрийг цагаатгахаар шийдсэн. Харин зохиолчийн ач Михаил улсын аюулгүй байдлын байгууллагад хорин таван жил ажиллаж, 1996 онд хурандаа цолтойгоор чөлөөнд гарсан намайг санал болгосон юм.
Ач охин Левицкая бид хоёр эрэл хайгуулын зам, чиглэлээ зөвлөж ярилцсан юм. Эх бичвэрийг Баруунд алдах, эсвэл Михаил Александровичид хар буруу санаж явдаг хүмүүсийн хэн нэгэнд гартаа оруулах боломж олгохгүй байх хэрэгтэй байв.
–Тодорхой яг юуг та нар эрж хайсан бэ?
-Большевик Левицкаягийн дурсамжид үлдээснээр тэдгээр хуудсыг бичгийн машинаар цохиж, зохиолч өөрөө зарим нэг жижиг засвар хийсэн байсан. Тэдгээр хуудас олдохгүй байх бүрэн боломжтой нь ноцтой учир шалтгаан (аргумент) байв. Тэгэхээр Шолохов өөрийн гараар бичсэн гар бичмэл эхийг л заавал олох шаардлагатай байв. Тэрхүү гар бичмэл үнэхээр байсан! РАПП-ын шаардсанаар Шолохов тэр гар бичмэл эхээ Вешенскаягаас 1929 онд авчирсан.
–Тэгээд тэр гар бичмэл эх хаашаа алга болсон байх вэ?
-РАПП мөрдөн шалгах ажиллагаа хийж дууссаны дараа Михаил Александрович гар бичмэл эхээ тариачин гаралтай зохиолч Василий Кудашевт үлдээсэн юм билээ. Өнөөх нь “Надад энэ чинь ямар хэрэгтэй юм бэ?” гэж асууж л дээ. “Хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй” хэмээн донын казак хариулж. “Правда” сонинд болон Сталинд бичсэн хувийн захидалдаа өөрсдийг нь шүүмжилж бичсэн болохоор хар муу санаатнууд, орон нутгийн эрх баригчдын болон Дотоод хэргийн ардын комиссариатын байгууллагын зүгээс явуулж байсан хавчлага мөрдлөг, өдөөн хатгалга зэргийн улмаас гар бичмэл эхээ тэр Вешенская руу авч яваагүй байх гэж таамаглаж байна. Кудашевт хадгалагдаж байвал илүү найдвартай гэж Шолохов тооцсон нь лавтай байх.
–Түүний зөв байсан! Дотоод хэргийн ардын комиссариатын Дон дахь салбарынхан түүний төрөл төрөгсдийг баривчилж, зохиолчид өөрт нь хэрэг үүсгэдэг байсан. 1942 онд фашистууд Вешенская дахь зохиолчийн байшинг бөмбөгдсөн. Ээж нь амь үрэгдэж, архив нь түймэрт шатсан. “Дөлгөөн Дон”-ы гар бичмэл эх ч мөн шатах байсан биз…
– Аугаа их Эх орны дайн эхлэхэд Шолохов цэргийн сурвалжлагчаар фронтод явсан. Харин Кудашев Москвагийн хамгаалалтад оролцохоор сайн дураар цэрэгт явсан байна. Тэрээр эхнэр Матильдадаа “Мотя, Михаилыг яаж ийгээд олооч, тэр Москвад байгаа. Намайг хоёр гурав хоногоор ч болов фронтоос дуудуул гэж түүнд хүсэлт тавиач. Би түүнд “Дөлгөөн Дон”-ых нь гар бичмэл эхийг дамжуулж өгөх гэсэн юм” гэж бичжээ.
Матильда Шолоховыг олсон үгүй нь тодорхойгүй. Гэхдээ энэ захиа “алдагдсан” гар бичмэл эх хаана байгааг нотлох баримт болж өгсөн юм. Кудашев 1941 оны намар дайсанд олзлогдож, 1944 онд хорих лагерьт өөд болсон.
–60-аад оны дундуур сонгодог зохиолчийг ном хулгайлсан хэргээр буруутгах шинэ кампанит ажил эхэлсэн. Шолохов гар бичмэл эхээ Кудашевынхнаас яагаад авч өөрийг нь буруутгаж байгаа хүмүүст үзүүлээгүй юм бол?
-Яагаад аваагүйг бол мэдэхгүй. Худал хуурмаг гүтгэлэг хийж байгаа хүмүүсийн өмнө өөрийгөө зөвтгөх нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том зохиолч хүний хувьд тусгүй санагдсан байж магадгүй. Түүнийг нас нөгчсөний дараа гэр бүлийнхэн нь гар бичмэл эхийг авахаар Матильдад хандсан юм байна лээ. Харин нөгөөдөх нь нүүдэл суудлын үеэр алга болсон гэж хариулжээ.
“Дөлгөөн Дон”-ы гар бичмэл эх урьдын адил Кудашевынхныд л байгаагаас зайлахгүй гэсэн дүгнэлтэд ач охин Левицкая бид хоёр хүрэв. Дайны дараа Матильда нөхөрт гараагүй, Москвад мөн л ганц бие охин Натальятайгаа амьдарч байсныг олж мэдсэн. Юутай ч нөхцөл байдлыг тодруулахаар Кудашевынхон руу явж ирэхээр би шийдлээ. 1998 оны зун байсан юм. Байрных нь хонхыг дарахад хэн ч хариулсангүй. Матильда Емельяновна гурван жилийн өмнө хорт хавдраар, охин Наталья нь мөн л хэдхэн сарын өмнө бас хорт хавдраар нас барсныг хөршүүд нь дуулгав. Нэг курст хамт сурч байсан, Москвагийн цагдаагийн хошууч найзынхаа тусламжтайгаар Кудашевынхны өв хөрөнгийг холын хамаатан эмэгтэй нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан тухай баримтыг шуурхай олж авав.
Албан бус мөрдлөгөө энэ хүрээд зогсоохоор Евгения Левицкая бид хоёр шийдлээ. Хараат бус хуульчийн хувиар би эрэн сурвалжлах ажлыг хийсэн болохоор өв залгамжлагчтай хэлцэл хийх эрх надад байгаагүй. Энэ ажлыг олон нийтийн, эсвэл төрийн томоохон байгууллага л хийх ёстой. Гар бичмэл эхийг Оросын шинжлэх ухааны академийн Горькийн нэрэмжит дэлхийн уран зохиолын хүрээлэн ихээхэн сонирхож байсныг бид мэдэж байв. Хүрээлэнгийн захирал Феликс Кузнецовт бид өв залгамжлагчийн овог нэр бүхий албан баримтыг гардуулж өгсөн. Ингээд л би өөрийнхөө хийх ёстой ажлыг дууссанд тооцсон юм. Гэтэл тийм биш байсан.
–Тэгээд цаашаа юу болсон юм бэ?
-Феликс Феодосьевич өв залгамжлагч эмэгтэйтэй уулзсан байна. Өнөөх нь гар бичмэл эх өөрт нь байгааг хүлээн зөвшөөрч, боломжийн үнэ болох тавин мянган доллараар зарж борлуулахаар тохирсон байна. Гэхдээ эхлээд гар бичмэл жинхэнэ мөн эсэхийг нягталж шалгах хэрэгтэй байж. Өв залгамжлагч эмэгтэй хэсэг хуудсыг Кузнецовт шилжүүлж өгсөн байна. Шүүх яамнаас хийсэн хэл шинжлэл, бичгийн хэв маягийн болон бусад шинжилгээ жинхэнэ эх мөн болохыг нотолжээ. Гэтэл өөр бас нэгэн асуудал гарсан байна. Хуулийн дагуу “Дөлгөөн Дон”-ы гар бичмэл эх Шолоховын гэр бүлийнхэнд хамаарна. Феликс Кузнецовын хүсэлтээр би бас дахиад л Вешенская руу явж нөхцөл байдлыг тайлбарлав. Тэгээд “Дөлгөөн Дон”-ы гар бичмэл эхийг өвлөх эрхээсээ гэр бүлээрээ татгалзаж, энэ эрхээ Дэлхийн уран зохиолын хүрээлэнд шилжүүлж байгааг нотолсон зохиолчийн ач хүү, одоогийн Төрийн думын соёлын хорооны орлогч дарга, Александр Михайлович Шолоховын гарын үсэг бүхий баримт бичиг хийлгэж авсан юм.
-Буянтай үйл!
-Энэ бол Михаил Шолоховын уламжлал юм байна: Нобелийн шагналаа тэр Вешенскаягийн сургуулийн барилгын бүтээн байгуулалтад, “Дөлгөөн Дон”-оороо 1941 онд хүртсэн Сталины шагналаа батлан хамгаалахын санд, “Поднятая целина”-гаар хүртсэн Лениний шагналаа Каргинская гацааны сургуулийн шинэ барилгын бүтээн байгуулалтад тус тус шилжүүлсэн юм билээ…
Одоо л нэг гар бичмэл эхийг өв залгамжлагчаас худалдаж авах боломжтой боллоо. Гэтэл… Дэлхийн уран зохиолын хүрээлэнд 50 мянган доллар огт байсангүй! Тэгсэн чинь өв залгамжлагч эмэгтэйд тавин мянган доллар дээр нэмээд орон сууц санал болгосон нэгэн зохиолчийн сураг хаа нэгтэйгээс гарав. Тэр эмэгтэй хэзээ мөдгүй тэр саналыг хүлээж авах боломжтой байв…
-Сүүлчийн ганц найдвар л үлдлээ – хэмээн зохиолч Валентин Осипов яриагаа үргэлжлүүлэв. Ховор нандин үнэт зүйлийг аварч, валютаар туслаач! хэмээн эрдэмтэд Үасгийн газрын тэргүүн Владимир Путинд захиа явуулав.
Ямар хариу ирэх бол? Эдийн засаг сүйрсэн тэр цаг үед юу ч тохиолдож болох байсан. ОХУ-ын Сангийн яам жилийн өмнөөс Вешенская дахь Шолоховын гэр музейн санхүүжилтийг зогсоох тухай шийдвэрийн төслөө ард нийтэд танилцуулсан боловч олон нийт эрс эсэргүүцсэний ачаар санхүүжилтээ хамгаалж чадсан юм.
Тав дахь өдөр нь Дэлхийн уран зохиолын хүрээлэнгийн захирал Феликс Кузнецов руу утасдаж, яаралтай мөнгө эрж олохыг Путин даалгасан тухай мэдэгджээ. ОХУ хийгээд шинжлэх ухааны хувьд хосгүй үнэт зүйл болох “Дөлгөөн Дон-ы гар бичмэл эхийг ийнхүү аварсан билээ.
2005 оны хавар, Шолоховын мэндэлсний 100 жилийн ойн баяр ёслолд Ерөнхийлөгч Владимир Путин оролцохоорВешенскаяд айлчлан иржээ.
-Тэрээр зохиолчийн шарилд цэцэг өргөж, төрөл төрөгсөдтэй нь цайлж, гацааныхантай хөөрөлдсөн юм хэмээн Николай Ушаков дурсав.
“Бид Шолоховыг гарамгай, суут зохиолч гэдгээр нь төдийгүй, бас өөрийнхөө зохиол бүтээлүүдэд орос хүний хамгийн шилдэг сайн шинж чанарыг дэлгэн харуулсаных нь төлөө хайрлан хүндэлдэг юм” хэмээн Ерөнхийлөгч хэлсэн.
Вешенчүүд ч ерөнхийлөгчийг казак хэмээн өргөмжилсөн юм.
“КП”-гийн БАРИМТААС
1999 онд худалдаж авсан гар бичмэлийн эх нь стандарт бус форматын 920 хуудас бөгөөд үүнд “Дөлгөөн Дон”-ы эхний хоёр ботийн ноорог эх, хуулж бичсэн нооргууд, сийрүүлсэн эх, нэмж оруулсан бүлгүүд зэрэг багтана. 663 хуудсыг Шолохов өөрийн гараар, бусдыг нь эхнэр, охин дүү нь сийрүүлж бичсэн. Мөн янз бүрийн зураг, хаяг, романтай хамаагүй мөрүүд ч бас бий…
Эх судлаачдын дүгнэлт: “Энэхүү гар бичмэл эхийг Михаил Александрович Шолохов өөрийн гараар бичсэн болох нь ямар ч эргэлзээгүй болно.”
2006 онд Оросын ШУА-ийн дэмжлэгтэйгээр гар бичмэл эхийн хуулбарласан хэвлэмэл эхийг гаргасан болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.30 БААСАН №173 (6140)