С.Цэцэг
Хичээл сургууль өнөө маргаашгүй эхлэх дөхөөд сургууль бүхэн тоос шороогоо цэвэрлэж түмэн завгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ өдрүүдэд сурагчид шинэ хувцсаа байн, байн гаргаж хараад хурдан сургуульдаа явах юмсан, найзууд, багш нартайгаа уулзахсан гэсэн битүүхэн хүслээр жигүүрлэж, нойроо хугаслан байгаа даа. Ерөнхий боловсролын сургуулиудын багш нар ажилдаа орж сурагчдаа хүлээх зуур зарим сургуулиудын шинэ байр ашиглалтад орж байгаа баяртай мэдээ байхад зарим сургуулийн барилга ашиглалтад орохгүй хойшилсон саар мэдээ ч эл өдрүүдэд үргэлжилж байна.
Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамнаас энэ жилүүдэд гурван ээлжээр хичээллэх асуудлыг шийдэж багагүй хөрөнгөөр цөөнгүй ажлуудыг хийсээр байгаа аж. Сүхбаатар дүүргийн хэмжээнд боловсролын салбарт 10 гаруй хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа. Эдгээрээс 320 хүүхдийн суудалтай нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил саатсан байна. Уг барилгыг гэрээгээрээ арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ёстой ч хичээлийн шинэ жил эхлэхэд хүлээлгэж өгөх бүрэн боломжтой байсан. Гэвч цахилгааны асуудлаас болж ажил нь саатжээ. Холбогдох албаныхны мэдээлэлж байгаагаар үндсэндээ долоон сараас хойш барилгын ажил зогссон гэнэ. Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн ажлыг есдүгээр сарын 1-нд хүлээлгэж өгөх бүрэн боломжтой байсан ч ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох юм байна. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулиас сурвалжлага бэлтгэлээ.
Нэгдүгээр бүрэн дунд сургууль нь анхлан 1923 онд тулгын чулуугаа тавьсан бөгөөд Монгол улсын анхны дунд сургууль гэдгээрээ онцлог аж. Тус сургууль нь 2000 гаруй сурагч, 300 гаруй багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд маршал Чойбалсангийн нэрэмжит сургууль юм. Нэгдүгээр сургуулийн одоо ашиглаж байгаа барилга нь Улаанбаатар хотын анхны дөрвөн давхрын нэг гэдгээрээ түүхэн дурсгалт газрын тоонд ордог.
Сургуулийн гадаах моддын навчис ганц нэг нь шарлаад зам талбайд унаж, будаг ханхалсан үүд биднийг угтлаа. Сургуулийн ажилчид шил толио зүлгэж, шинэ эд бараагаа дэлгэж, тоос шороогоо буулгаад завгүй ажиллаж байв. Барилгын ажлын дуу хангинаж сургуулийн ард өрнөж буй өргөтгөлийн ажилтай танилцлаа.
Тус сургуулийн өргөтгөлийн ажил өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн бөгөөд барилгын үйл ажиллагаа төсөв мөнгөний асуудлаас болоод удааширч зуны саруудад ажил зогсонги байдалтай байжээ. Харин манай сурвалжлах баг очих үеэр 10 гаруй барилгачид шавар, чулуу зөөгөөд завгүй байлаа. Барилгын ажил зуны саруудад зогсонги байдалтай байсан тухай “Рино инженеринг” компанийн барилгын инженер Б.Ганбаяраас тодрууллаа. Тэрбээр “Барилгын ажил өнгөрсөн жилийн арван сараас эхэлсэн. Хуучин барилгыг буулгаад хог шороог нь цэвэрлээд өвөл барилгын суурийг тавьсан. Улирлаас шалтгаалаад барилгын ажил зогсоод хавар гурван сараас үргэлжилсэн.
Зуны хэдэн сар барилгын ажил хөрөнгө оруулалтаас шалтгаалаад саатсан. Одоо бол барилгын ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арваннэгдүгээр сард хүлээлгэж өгнө. Гэрээнд тусгагдсанаар арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа. Эрчим хүчнээс өргөтгөлийн барилгын ажил явуулахад заавал шинэ цахилгааны эх үүсвэр барьж байж цахилгаанаа авах ёстой гэсэн. Манай энд байрлаж байгаа цахилгааны эх үүсвэрээс цахилгаан авах боломжгүй. Учир нь уг цахилгааны эх үүсвэрээс Оросын Элчин, Ерөнхийлөгчийн ордон гээд онцгой хоёр байгууллага цахилгааны тэжээлээ авдаг. Тэгэхээр заавал цахилгааны эх үүсвэрийг өргөтгөж байж тэжээл авах болчхож байгаа юм. Анх сургуулийн өргөтгөлийн зураг төсөвт энэ цахилгааны эх үүсвэрийн тухай асуудлыг тусгаагүй. Цахилгааны шугам байгуулах тухай төсөвт тооцоогүй гэсэн үг.
Үндсэн тендерийн хөрөнгө оруулалтын төсөв 2.3 тэрбум төгрөгөөр батлагдсан. Дөрвөн давхар 60*18ийн харьцаатай барилга. Дээд давхартаа урлагийн зал, спорт залтай байгууламж. Нэмэлт хөрөнгө нь төсвийн тодотголд суугаагүй учир ирэх оны төсөвт суулгах тухай яригдаж байгаа байх. Тэгэхгүй бол энэ барилгын ажил царцах гээд байгаа учир одоо кампанийн хувийн хөрөнгөөр үргэлжлүүлж байна. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй барилгын ажил удааширсан нь үнэн. Одоо ч хөрөнгө, мөнгөний асуудал шийдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Сургуулиас тусгаарлаад барилгын ажил явагдаж байгаа учир сургуулийн үйл ажиллагаанд саад болохгүй” гэв.
Сурагчид хичээлдээ орох гээд адгаж, багш нар сурагчидтайгаа уулзах гэж яарч байх энэ үеэр хэн бүхэнд сургуулийн өргөтгөл хэзээ ашиглалтад орох бол гэсэн битүүхэн хүлээлт байгааг үгүйсгэхгүй. Гэвч хөрөнгө, мөнгөний асуудлаас болоод зуны саруудад ажиллаагүй барилгын компани хичээл сургууль эхлэх дөхөхөөр компаниасаа хөрөнгө гаргаж барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа нь цаг алдсан мэт санагдав. Барилгын зураг, төсвөө гаргах үедээ цахилгааны асуудлаа судлаагүй компани хөрөнгө мөнгө нэмэх шаардлага тавиад хоёр сар ажлаа цалгардуулсан нь хариуцлагагүй байгаа юм. Үнэхээр гэрээнийхээ дагуу арваннэгдүгээр сарын 20-нд барилгын ажлаа дуусгаж чадвал асуудалгүй л дээ. Гэхдээ хамгийн их эрэлттэй суруульд хичээлийн шинэ жил эхэлэхэд 320 хүүхдийн суудал нэмэх боломжтой байв. Зуны дэлгэр цагт барилгын ажлаа гүйцэтгээгүй компани намрын бороо, цасанд үргэлжлүүлэх нь эргэлзээтэй. Асуудлыг нь шийдвэрлээгүй холбогдох албаныхан ч үүнд буруутай. Заавал хугацаанд нь гэхгүйгээр боломжоо ашиглаж эртхэн ажлаа дуусгаж болно шүү дээ.
Ингээд үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн боловсролын салбарын бусад хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийг танилцуулж байна.
X ХОРООНЫ 24 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ
240 хүүхдийн ортой 24 дүгээр цэцэрлэгийг “СанЭрчим” барьж, улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Энэхүү цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.2 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд ажлыг нь өнгөрсөн жил эхлүүлсэн байдаг. Хуучин цэцэрлэгийг нурааж шинэчилснээр ийнхүү Сүхбаатар дүүргийн X хорооны 240 хүүхэд тохь тухтай шинэ цэцэрлэгтэй боллоо.
XVIII ХОРООНЫ 71 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ӨРГӨТӨЛ
Сүхбаатар дүүрэг гурван ээлжээр хичээллэдэг нэг сургуультай бөгөөд энэ нь 71 дүгээр сургууль. Тиймээс сургуулийн Б байрыг барих шийдвэр гаргаж, газрын асуудлыг нь шийдвэрлэсэн байна. Гэвч хоёр удаа тендер зарласан ч шалгаруулалтад ямар нэгэн компани оролцоогүй аж. Сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.5 тэрбум төгрөгөөр барихаар тооцжээ. Гэтэл ийнхүү гүйцэтгэгч компанийн санал ирээгүй учраас төсөв нэмэгдүүлэх асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох албаныхантай ярилцаж байгаа талаар тус дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээлэв.
XI ХОРООНЫ БАГА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын газрын асуудлыг шийдвэрлэж, захирамж гаргажээ. Хангай хотхоны 513, 514 дүгээр байрын урд байрлах 3400 ам метр талбайд уг цогцолборыг барих юм байна. Одоогоор худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт хийж байгаа гэнэ.
ХVIII ХОРООНЫ ЦЭЦЭРЛЭГ
Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга энэ сарын 23-ны байдлаар 2025 хувьтай байна. Гүйцэтгэгчээр “Манагал констракшн” компани ажиллаж байгаа бөгөөд ажил хэвийн үргэлжилж байгааг холбогдох албаныхан хэллээ.
ХIX ХОРООНЫ ЦЭЦЭРЛЭГ
280 хүүхдийн хүчин чадалтайгаар барих уг цэцэрлэгийг “Улаанбаатар барилга” компани барьж байна. Одоогоор цутгалтын ажил хийж дууссан бөгөөд гүйцэтгэл 50-60 хувьтай байгаа гэнэ. Уг цэцэрлэгийг улсын төсвөөс хоёр тэрбум төгрөгөөр барих юм.
XVI ХОРООНЫ ЦЭЦЭРЛЭГ
280 хүүхдийн ортой энэхүү цэцэрлэгийг “Хөх тэнгэр хөвсгөл” компани гүйцэтгэж байна. Энэ сарын 23-ны байдлаар барилгын явц 30 хувьтай, арматур зангидаж дууссан, цутгалт энэ сарын 19-нөөс эхэлсэн байна. Шалны хагарсан байсан хэсгийг хуулж авсан бөгөөд нягтаршуулан дахин цутгалт хийж байгаа аж. Зургийн дагуу гаднах шугам хажууд барих сургуулийн доогуур гарах магадлалтай бөгөөд уг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол хөрөнгө оруулалтын асуудал гарах магадлалтай юм байна. Энэ сарын 6-нд БСШУСЯнаас 370 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
XVI ХОРООНЫ СУРГУУЛЬ
320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дүүргээс нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 320 хүүхдийн суудалтай сургууль барихыг дэмжсэн бичгээ явуулсан байна. Уг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол дэргэд барих цэцэрлэгийн барилгын шугам сүлжээтэй давхцах магадлал өндөр байгаа аж.
XII ХОРООНЫ СУРГУУЛЬ
Төсвийг нь энэ оны төсөвт шинээр суулгасан бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар барих цэцэрлэгийн барилгын есөн айлын газрын бүрэн чөлөөлж дууссан. Уг сургуулийн барилгын газар нь тус цэцэрлэгийн барилгын хойно байрлахаар төлөвлөсөн бөгөөд нийт 29 айлын газар чөлөөлөх шаардлагатайгаас 19 айлтай нь зөвшилцөлд хүрсэн. 10 айлтай зөвшилцөх шатанд үргэлжилж байна.
XIII ХОРООНЫ СУРГУУЛЬ
960 хүүхдийн суудалтай сургуулийг 7.8 тэрбум төгрөгөөр барихаар тооцжээ. Улмаар энэ оны төсөвт хоёр тэрбум төгрөг суулгасан байна. Одоогоор газар чөлөөлөлтийн ажил бүрэн дуусчээ. Нийт 27 айлын газрыг чөлөөлсөн байна.