Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам 2020 оны наймдугаар сард нийслэл Улаанбаатар хотод зохиогдохоор боллоо.
Өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга спортын төрийн болон төрийн бус байгууллага, холбоод, спортын байгууламжийн удирдлагуудыг оролцуулсан уулзалт хийж, наадмыг зохион байгуулах чиглэлээр хийгдэж буй ажил, явцын мэдээлэлтэй танилцжээ. Уулзалтын үеэр наадмын зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй арга хэмжээний талаар, Захиргааны дарга Д.Жаргалсайхан “Шинэ Яармаг” спорт парк төсөл, наадмын зааврын тухай танилцуулсан байна.
Мөн “Буян Ухаа” спортын ордны дарга Д.Энхбаяр, МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар мэдээлэл хүргэлээ. Тус арга хэмжээнд Монголын даамын холбоог төлөөлж Ерөнхийлөгч А.Ундраа, Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Манлай нар оролцжээ. Сонирхуулахад, манай холбооны Хүндэт ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ “Азийн хүүхдүүд 2020” спортын VII наадмын Захиргаанд ажиллаж байгаа юм.