Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооноос Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурьт сахилгын хэрэг үүсгэх тогтоол гаргасан болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдлээ.
Улсын Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар 2009-2011 онд ажиллаж байсан бол түүний эцэг Д.Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад оролцсон “Юнайтед энержи систем” ХХК-ийн захирлаар 2011-2015 онд ажиллаж байжээ.
Худалдаа хөгжлийн банктай эрх ашгийн зөрчилтэй гэдгээ М.Батсуурь мэдэж байсан хэрнээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлэн авахтай тухай маргааныг дэнсэлж, Засгийн газрын 329 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл “Монголиан коппер корпорэйшн” ХХК болон Худалдаа хөгжлийн банкны талд шийдвэр гаргасан хүн юм.
ЗГХЭГ-аас өнгөрсөн гуравдугаар сарын 24-ны өдөр М.Батсуурьтай холбоотой асуудлаар Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасныг ийнхүү таван сарын дараа хангаж шийдвэрлэжээ. Одоо Шүүхийн ёс зүйн хороо нийт гишүүдийн хуралдаанаараа М.Батсуурь шүүгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж огцруулах уу, эсвэл сахилгын шийтгэл оногдуулах уу гэдгээ шийдвэрлэх юм.