Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон шүүх байгууллагатай холбоотой хоёр заалтыг төсөлд байгаа чигээр батлахыг дэмжиж өнөөдөр Монголын хэсэг хуульчид жагссан. Энэ жагсаалынх нь талаар өмгөөлөгч Н.Баасанжавтай ярилцлаа.
Өмгөөлөгч Н.Баасанжав:
“Хуульчдын нийгэмлэг” ТББ-ын санаачлагаар өнөөдөр хэсэг хуульчид сайн дураараа жагслаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хараат бус шүүхийг бэхжүүлэх, шүүх, шүүгчийн хараат бус байдлыг улс төрөөс аль болох ангид байлгах зүйл заалт орсон байгаа. Энэ зүйл заалтыг батлахыг дэмжиж би өнөөдрийн үйл ажиллагаанд нэгдлээ. Анх нэр бүхий 62 УИХ-ын гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт оруулах төсөлд хараат бус шүүхийг бэхжүүлэх нэлээн олон заалт байсан боловч сая зөвшилцлийн үе шатанд нэлээдгүй зүйл заалт нь хасагдсан байсан. Гэвч хоёрдугаар хэлэлцүүлгээр орж ирсэн төсөлд 49.5, 49.6 гэсэн хоёр шинэ заалт орж ирсэн байна. Энэ хоёр заалтыг энэ чигээр нь баталчихаасай гэж хүсэж өнөөдрийн цуглаанд нэгдсэн. Эдгээр заалт нь юу вэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуулиар 10 гишүүнтэй байна гэж зааж өгч байгаа. Тэрхүү 10 гишүүний тавыг нь шүүгч нар шууд өөрсдөө томилно. Анхан шатнаас гурван шүүгч, давах болон Дээд шүүхээс тус бүр нэг нэг гишүүн оруулна. Үлдсэн тавын хоёрыг нь мэргэжлийн холбооноос Засгийн газраас нэг, УИХ-ын холбогдох байнгын хорооноос хоёр гишүүнийг санал болгоод нээлттэй сонсголын үндсэн дээр УИХ батламжлахаар болж байгаа. Ерөнхийлөгч ганцаараа томилдог байсныг болиулж, шүүгчийг томилдог байгууллагын бүрэлдэхүүнийг саармагжуулж өгч байгаа нь маш том дэвшил юм.
Үндсэн хуулийн 49.6 гэдэг заалт нь шүүгчийн хариуцлагатай холбоотой заалт байгаа. Энэ УИХ, Засгийн газар хамгийн их ярьж буй асуудал нь шүүгчийн хариуцлагын асуудал байгаа. Шүүгч нарт хариуцлага тооцдог байгууллагыг Үндсэн хуулиараа байгуулж өгч байна. Энэ байгууллага нь 9 хүний бүрэлдэхүүнтэй хэнээс ч хараат бусаар шүүгчид сахилгын арга хэмжээ авдаг, огцруулдаг, чөлөөлдөг байна. Одоо байгаа байгууллага нь шүүгчтэйгээ хариуцлага тооцож чадахгүй байгаа. Шүүгчийн булхай луйврыг илрүүлсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гээд хариуцлага тооцохгүй орхиж байгаа. Шүүгчийг томилдог, огцруулдаг байгууллага нь тусдаа байх нь маш том дэвшил. Хариуцлагатай, хараат бус шүүгчийг бий болгоход энэ хоёр заалт маш чухал шүү гэдгийг УИХ-ын гишүүдэд хэлж ойлгуулахын тулд хуульчид жагссан. Хэрвээ энэ заалтыг батлахгүй бол шүүх байгууллага одоогийнхоо муу чигээрээ үлдэнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилох хугацаа хэд байх нь хамаагүй, гагцхүү Ерөнхийлөгчөөс хараат бус байлгаж чадах нь маш том дэвшил. ШЕЗ-ийн гишүүнийг улс төрөөс хараат бус байлгаж чадсан улсууд бүрэлдэхүүнийг нь тэнцүү байлгадаг юм билээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн томилгоотой холбоотой асуудлыг УИХ-аас оруулж ирсэн бол хариуцлагын асуудлуудыг Ерөнхийлөгч болон УИХ-аас аль аль нь оруулж ирсэн.
Гэмт хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнууд шүүгчдэд хонгилын шүүгч гэх нэр хочийг өгдөг болсон. Монголчууд өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тийм ч учраас өөрийнхөө бурууг хүлээхийн оронд шүүгчийг буруутгадаг хандлага бий болсон. Шүүхээр маргаанаа таслуулсан хүмүүсийн нэг тал нь заавал гомдолтой үлддэг учраас шүүгчид нэр хоч өгдөг байдал бий болсон.
Шүүгчийн гэм буруутайг тогтоосон мөртлөө “Хөөн хэлэлцэх хугацаа” дууссан гэдэг үндэслэлээр тухайн шүүгчид хариуцлага тооцохгүй байгаа нь шударга ёсны зарчим биш. Шүүгчийг хэргээс мултлах тэр дүрэм журмыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг. Энэ заалтаа өөрчлөх эрх боломж нь Ерөнхийлөгчид бүрэн байгаа.
Хараат бус шүүгч, шүүхийг бий болгох нь Монголын бүх хүнд хэрэгтэй учраас энэ зүйл заалтыг батлаад өгөөч гэж УИХ-ын гишүүдээсээ хүсэж байна.