Уул уурхайн салбарын 2019 оны эхний VII сарын статистик мэдээллийг УУХҮЯ-наас танилцууллаа.
2019 оны эхний 7 сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлснээс нүүрс 788.7 тэрбум төгрөг, зэс 723.1 тэрбум төгрөгөөр жин дарсан байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 7 сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 696.4 (9.4%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.1 тэрбум ам.доллараар эерэг гарчээ.
Экспорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8 (11.0%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзэлж байна.
2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
А-80 автобензин 37;
Аи-92 автобензин 42;
Дизелийн түлш 37;
ТС-1 онгоцны түлш 20 хоногийн нөөцтэй байна.
1191.830 мянган тонн шатахуун импортоллоо.
Бөөний үнийн хувьд "Мон-Петэкс" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг, Дархан-Уул аймагт Аи-92 автобензин 30-70 төгрөг, дизелийн түлш 20-40 төгрөгөөр тус бүр буурсан байна. Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон компаниудын ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна.