2019 оны долдугаар сард худалдаа, нийтийн хоолны салбарт баримтлах стандарт, нэр томьёоллыг шинэчлэн баталсан талаар өнөөдөр ХХААХҮЯ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академи хамтран мэдээлэл хийлээ. Учир нь энэхүү хууль аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Худалдаа, нийтийн хоолны салбарт баримтлах стандарт, нэр томьёоллын шинэчлэлд хуучин орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газрын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар заажээ. Шинээр зөвшөөрөл олгохгүйгээс гадна, өмнө нь ажиллаж байсан газруудын хугацааг сунгахгүйгээр болсон байна.
Үүнийг орон сууцны нэгдүгээр давхарт нийтийн хоолны зөвшөөрөл дахин олгохгүй гэж шууд ойлгож болохгүй. Үйлчилгээ явуулах стандартын дагуу баригдсан орон сууцад үйлчилгээ явуулах газруудад зөвшөөрөл олгоно гэдгийг албаныхан мэдээлжээ.
Мөн шинэ стандартын дагуу хоолны газрууд цэсэн дээрээ хоолны илчлэг, давсны агууламжийг нарийвчлан бичих ёстой аж.