Дэлхийн 10 гаруй оронд салбартай Costco агуулах худалдаа Хятад дахь анхны салбараа Шанхай хотод нээжээ. Мягмар гарагийн өглөө үүд хаалгаа нээсэн агуулах чөлөөлөх худалдаа төд удалгүй үд дундад хаалгаа барихад хүрсэн байна. Учир нь хэт их үйлчлүүлэгчид цугласан ба тэд дэлгүүрийг бохирдуулж хүндрэл учруулжээ.
Costco дэлгүүрийн зүгээс “Дэлгүүрт хэт олон үйлчлүүлэгчид цугласан байна. Та бүхэн худалдан авалт хийхдээ хүндэтгэлтэй байж дэлгүүрийн эд зүйлтэй болгоомжтой харьцна уу. Costco үд дундад үйл ажиллагаагаа түр зогсоох тул та бүхэнд ирэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Цагдаа нар дэлгүүрт эмх цэгцийг сахиулж замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлж түгжрэлийг арилгахаар ирсэн байна. Мөн Costco-г зорьсон үйлчлүүлэгчдэд хандан дүрмийг сахиж, тайван байхыг уриалжээ.
Шанхай хотын цагдаагийн газраас Хятадын цахим сүлжээ Weibo-д “Costco-г зорьсон худалдан авагчид, иргэд та бүгдийн аюулгүй байдлын үүднээс хэт ачааллын үед дэлгүүрийг зорихгүй байхыг хүсье. Дэлгүүрт хэт их бөөгнөрөл үүссэн тул дүрэм зааврыг чандлан сахина уу” хэмээх зөвлөмжийг байршуулсан байна.
Дэлгүүрийн гадна зогсоол дүүрсэн ба ойр орчмын замуудад түгжрэл үүссэн учраас Costco-г зорьсон үйлчлүүлэгчид 2-3 цагийн дараа ирж байгаа гэжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус дэлгүүр Хятадад Alibaba, JD.com цахим сүлжээгээр дамжуулан худалдаа эрхэлж ирсэн. Costco-ын байнгын үйлчлүүлэгчийн гишүүнчлэлийн карт АНУ-д 60 ам.доллар байдаг бол Хятадад 299 юань буюу 42 ам.доллар байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com