Дэлхийд тэргүүлэх технологийн шилдэг компаниудын нэг Google-ын Alphabet компанид ажиллаж байсан ахлах инженерийг технологийн хулгайн гэмт хэрэгт буруутгаж байгаагаа АНУ-ын шүүхээс мэдэгджээ.
39 настай Энтони Левандовский Alphabet-ын өөрийгөө жолооддог автомашины технологи дээр ажиллаж байгаад 2016 онд ажлаа орхиж Uber компанид орсон байна. Uber-т байх хугацаандаа мөн өөрөөсөө жолоодлоготой автомашины төсөл дээр ажиллаж байжээ.
Одоогоор Левандовский өөрийн компаниа байгуулсан ба түүнийг технологийн нууц задруулсан болон хулгайн 33 зүйл заалтаар буруутгажээ. Гэвч инженер залуу өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэж буруугаа хүлээхээс татгалзсан байна.
Шүүхэд ирсэн баримт нотолгоогоор тэрээр 2015 онд Alphabet-ын өөрөө удирдлагатай автомашины технологитой холбоотой олон мянган баримт материалыг хувьдаа хуулж авчээ. Харин Uber такси компаниас өөрөө явдаг машин зохион бүтээхдээ Alphabet-ын технологийг огт ашиглаагүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хэрэв Левандовский технологийн нууц хулгайлж задруулсан болон хувийн ашиг сонирхлын төлөө ашигласан гэдэг нь нотлогдвол 10 хүртэл жил хоригдож, буруутгасан зүйл заалт бүрт 250,000 ам.доллар буюу нийт 8,25 сая ам.долларын торгууль төлж магадгүй ажээ.
Эх сурвалж: www.bbc.com