Та хэрэв Япон оронд явж байгаад өлсвөл санаа зоволтгүй. Учир нь төрөл бүрийн олон сонголттой зоогийн газрууд бий. Карритай будаа, темпура, тонкацу, Чингис хаан гэхчлэн...
12-13 дугаар зууны хооронд Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан дэлхийд цуутай удирдагчийн нэрээр нэрлэсэн шарсан махыг Японы олон зоогийн газар цэсэндээ багтаажээ. Тиймээс Япон улсад Чингис хаан гэдэг нэр цэрэг дайны агуу удирдагчийн түүхэн алдар, амтат шарсан мах гэсэн хоёр үгийг гүйцэтгэх болсон байна.
Америкчууд энэ төрлийн хоолыг ихэвчлэн “Mongolian Barbecue” буюу “Монгол шарсан мах” гэж нэрлэдэг. Гол орцонд хэрчсэн сонгино, шош, төмөр тавган дээр гриллдэж шарсан хонины мах. Энэ хоол Японы хойд нутаг Хоккайдо аралд илүү алдартай ч энэ улсын хаанаас ч олох хэцүү биш.
Японы Шизуока Их сургуулийн профессор Монголд төрсөн эрдэмтэн Хаян Ян уг хоолны нэрийг хурцаар шүүмжлэгчдийн нэг юм. Түүний хэлснээр “Монголын ард түмний хувьд Чингис хаан бол Японы ард түмний сүр жавхлант эзэн хаантай адил хүндэтгэдэг эрхэм дээд зүйл. Энэ нэр бол халдашгүй эрхэм тул хоолонд байхад зохимжгүй” гэж ярьжээ.
Япончуудын үндэсний хувцас кимоног Америкийн алдартай од Ким Кардашиан дотуур хувцасны брэндийн нэрэндээ багтаахад хэрхэн ундууцаж байсныг профессор онцолж, түүнтэй ялгаагүй монголчуудын бахархлыг хүндэтгэж үзэхийг уриалсан байна.
Гэвч Чингис хааны нэр чухам ямар замыг туулж, ямар учраас япон хоолны цэсэнд багтсаныг хоол хүнсний түүх судлаач Кэйичи Такайшигаас тодруулжээ. Ингэхэд 1883 онд төрсөн япон сэтгүүлч Ёшижи Вашизава амьдралынхаа ихэнх хугацааг Бээжинд ажиллаж амьдарч өнгөрүүлсэн. Тэр хамт ажилладаг хүнтэйгээ хонины мах идэхээр зоогийн газарт очиход Монголд идэж байсантай төстэй байж. Тэд хоорондоо ярилцаж энэ хоолыг Чингис хаан гэвэл зохимжтой гэжээ. Тэгээд Хятадад амьдардаг бусад япончуудтайгаа уулзахдаа энэ нэрийг хэрэглэсээр тэд нутаг буцахдаа авч яван тараажээ.
Нөгөө талаар япон хэлэнд Чингис хаан гэдэг нэр хоол гэсэн утгатай үгтэй төстэй дуудагддаг аж. Хоолыг японоор “jingisukan” гэдэг бол япончууд Чингис хааны нэрийг дуудахдаа “chingisuhan” гэдэг байна. Ян профессорын уриалснаар Чингис хаан монгол хүний зүрх сэтгэлд Японы эзэн хаан Японы ард түмний сэтгэлд буудаг шиг эрхэм хүндтэй байр суурьтай. Японы зоогийн газарт ороход Юлий Цезарь, Жорж Вашингтон гэдэг нэртэй пицца, гамбургер байвал тохиромжтой эсэхийг бодолцож үзэх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: www.japantoday.com