Зуун айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавьсан байна.
Гүйцэтгэгч компаний зүгээс ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замд гурван жилийн баталгаа олгож байгаа гэлээ. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригджээ.
Ингэснээр жилийн дөрвөн улиралд ямагт түгжрэл бөглөрөл дунд байдаг энэ замын нэвтрүүлэх чадвар хоёр дахин өсч, нэгдүгээр эгнээн жолооч нар автомашинаа тавьдаг зөрчил гарахаа больж байгаа юм байна.