Францын Ерөнхийлөгч Амазонд асч буй ой хээрийн түймрийг Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтаар олон улсын анхаарал хандуулах гол сэдэв мөн хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр дэлхийн уушги болсон ширэнгэн ойн түймрийг унтраахын тулд цэрэг армийн тусламж үзүүлж, Амазоны ой тархан байршсан улс орнуудад туслах 20 сая ам.долларын яаралтай тусламжийн сан байгуулахаар болсон.
Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро Макроныг колонийн үеийн сэтгэлгээгээр хандаж байна хэмээн ихэд ундууцан Амазон бол хэн нэгний ашиг сонирхлын талбар, аль нэг хүний өмч биш хэмээн байр сууриа хамгаалсан билээ.
Төрийн тэргүүнүүдийн маргааны дараа Facebook цахим хуудсанд тэдний тэргүүн хатагтай нарын хамт авахуулсан зургийг харьцуулан “Макрон яагаад Болсонарог мөрдөөд байгааг одоо ойлгож байна уу” гэсэн хошигнол гарсан байна. Уг хошигнолд Бразилийн Ерөнхийлөгч ихээхэн ач холбогдол өгч коммент хэсэгт “энэ залууг ичээх хэрэггүй...кккк” хэмээн хариулсан байсан нь олон мянган хүнд хүрчээ.
Энэ явдалд Францын төрийн тэргүүн ихэд ундууцаж Бразилийн Ерөнхийлөгч байж боломгүй бүдүүлэг үйлдэл хийж хатагтай Брижитт Макроныг доромжиллоо гэжээ. Биарриц хотод Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтад даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Макрон энэ талаар онцлон дурдсан байна.
Макрон хэлэхдээ “Танд юу гэж хэлбэл болох вэ? Үнэхээр харамсалтай. Бразилийн ард түмэн болоод түүний өмнөөс харамсаж байна. Бразил улсын эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийнхөө бичсэн зүйлийг уншаад маш их ичих байх. Тэд бол гайхалтай ард түмэн. Би Бразилийн ард түмнийг маш их хүндэлж харилцаа холбоотой байдаг. Гэвч Болсонарогийн үйлдэл тэднийг ичгэвэртэй байдалд орууллаа” гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com