Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI) жил бүр салбар байгууллагуудынхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “GlOBAL WOMEN`S TRADE SUMMIT”-ийг зохион байгуулдаг. Иймээс IWFCI Монгол салбар байгууллага дэлхийн бизнес эрхлэгчдийн олон улсын чуулганыг өнгөрсөн есдүгээр сард эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ.
Жил бүрийн арга хэмжээнээс гадна IWFCI Монгол салбар байгууллага гишүүддээ зориулан сар тутам ээлжит сургалт хийдэг байна. Энэ удаа Corporate Governance сургалтыг МУИС-тай хамтран 14:30-16:00 цагийн хооронд тус сургуулийн төв байрны 320 тоотод зохион байгуулахаар боллоо.
Сургалтад уригдсан зочин нь Германы Лейпцигийн Удирдлагын Сургуулийн хүндэт профессор Кристиан Штренгер юм. Тэрбээр компанийн засаглалаар мэргэшсэн, олон улсад нэр хүндтэй эрдэмтэн. ХБНГУ-ын компанийн засаглалын дүрэм, кодексийг боловсруулах засгийн газрын зөвлөл байгуулагдсан цагаас хойш гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд өдгөө бизнесийн сургуулиудын тэргүүлэгч Германы Лайпцихийн Менежментийн Их Сургуулийн харьяа Компанийн Засаглал Судлалын Төвийн захирлаар ажилладаг. Тэрбээр өнөөдрийн сургалтад илтгэл тавьж Монгол салбар байгууллага гишүүдтэй өөрийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах юм.