Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийн ажилтан энэ сарын 19-ний өдөр нэг настай эмэгтэй хүүхдэд тариа андуурч хийснээс үүдэн тухайн хүүхдийн баруун гуяны арьс түлэгдэж, улмаар дотор эрхтнүүд нь хүнд гэмтэж сэхээн амьдруулах тасагт шилжсэн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг шалгах ажлын хэсэг ЭМЯ болон МХЕГ-аас томилогдон ажиллаж, хүүхдэд хийсэн гэх тарианы үлдэгдлээс дээж авч лабораторид шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр лабораторийн шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарсан бөгөөд уг шинжилгээний дүнд үндэслэн ХУД-ийн хүүхдийн эмнэлгийн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн уг хэргийг хариуцаж байгаа прокурорын зүгээс уг ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс “Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд яваа хэргийн талаар ямар ч мэдээлэл гаргахыг хатуу хориглож байна. Хэрвээ задалсан тохиолдолд тухайн ажилтанд хариуцлага тооцно” гэжээ.
Эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас бага насны хүүхэд маш ноцтойгоор гэмтчихээд байхад энэ хэргийн талаарх мэдээллийг илт нууцалж эхэлсэн нь анхаарал татаж байна. Ямар зорилгоор, хэний захиалгаар маш ноцтой гэмт хэргийг нуун дарах гэж байгааг тодруулан бид эргэн мэдээлэх болно.