ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нар авлигын хэрэгт холбогдож, цагдан хоригдож байгаад суллагдсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа юм.
Б, Ч нар нь ЭМЯ-наас олгодог эмийн тусгай зөвшөөрлийг авлига аваад олгож байсан гэх олон үйлдлийг АТГ илрүүлсэн. Хамгийн гол нь тэдний тусгай зөвшөөрлөөр олгосон эмүүд нь Монгол Улсад, монгол хүний эрүүл мэндэд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нь асуудлын гол нь буй юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр мэргэжилтэн чанарын баталгаагүй, буурай орнуудад үйлдвэрлэсэн эмийг Монгол Улсад хэрэглэх тусгай зөвшөөрлүүдийг олгожээ.
Гэвч хэргийг шалгаж байх явцад тэдний ар гэрийн зүгээс прокурорт нөлөөлөх үйлдэл гаргасан байна.
Тодруулбал, мэргэжилтэн Ч-ийн хамаарал бүхий Нийслэлийн прокурорын газарт прокурорын туслахаар ажилладаг нэгэн хэргийг нь “аргалахаар” яриа хөөрөө хийж яваа тухай мэдээлэл прокурорын байгууллагын удирдлагын чихэнд хүрчээ.
Үүний дагуу албаны шалгалт явуулсан байна. Шалгалтын дүнг үндэслэн ЭМЯ-ны мэргэжилтэн асан Ч-ийн хамаатныг Нийслэлийн прокурорын газрын нэр бүхий прокурорын хамт ажлаас нь чөлөөлжээ.
Б.ДАМДИН-ОЧИР