Монголын дипломат ажилтнууд хар тамхи болон янжуур тамхийг дипломат албаны машинаараа хил дамнуулан тээвэрлэх үйлдэл эх захаа алдаж, Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг дэлхий дахинд шившиг болгосоор байгаа.
Эх орныхоо нэр хүндийг дэлхий дахинд гутааж буй дипломатуудын нэг болох Хишигдэлгэрийн Даваадоржийг саяхан Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөхийн албан тушаалаас саяхан халжээ.
Х.Даваадорж нь Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед буюу 2017 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Бельги Улс дахь Монголын Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхөөр томилогдон очиж байжээ.
Тэр үеэс эхлэн Х.Даваадорж дипломат паспорт болон дипломат дугаартай автомашин ашиглан хууль бусаар янжуур тамхийг улс хооронд тээвэрлэн борлуулсан, албан бичиг хуурамчаар үйлдвэрлэсэн, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт холбогдон Европын улс орнуудад эрэн сурвалжлагдаж эхэлсэн тул Гадаад харилцааны яамнаас түүнийг ажлаас нь халсан гэдгийг баттай эх сурвалж хэллээ.
Монголын дипломат Х.Даваадоржийг 2019 оны зургадугаар сарын 29-ны өдөр Польш Улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн гэдгээ албан ёсоор зарласан бөгөөд эрэн сурвалжлах болсон шалтгаан нь “бичиг баримт хуурамчаар үйлдэн ашиглахыг завдсан, татвараас зайлсхийх гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн” хэмээн буруутгасан байгааг та харж байна.
Польш Улсын цагдаагийн газрын албан ёсны хуудаст нийтэлсэн эрэн сурвалжлах зар
Улс эх орныхоо нэрийг шавар шалбаагт хутгаж олсон орлогоо Х.Даваадорж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ид бах болгон оруулсан нь хамгийн ихээр анхаарал татдаг.
Тэрбээр 2017 онд Бельги Улс дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсоноос хойших ердөө жил гаруйн хугацаанд түүний эхнэрийн жилийн орлого нь 4.8 дахин өсч, 276 сая төгрөг болжээ. Түүгээр ч зогсохгүй Х.Даваадоржийн үл хөдлөх хөрөнгө нь ганцхан авто гражаар нэмэгдсэн байх атлаа нийт үнэлгээ нь даруй нэг тэрбум төгрөгөөр өсч 1,927,537,500 /Нэг тэрбум есөн зуун хорин долоон сая таван зуун гучин долоон мянга таван зуун төгрөг/ болсныг та доорх баримтаас харна уу.
Х.Даваадорж нь 1965 оны есдүгээр сарын 13-ны өдөр төрсөн. 54 настай. Эзэмшсэн мэдлэг боловсролын талаарх мэдээлэл тун бүрхэг. Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн эгч Батын Болорын нөхөр гэх мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан.
Х.Даваадорж нь улс хооронд янжуур тамхи болон бусад хууль бус барааг зөөвөрлөж их хэмжээний ашиг орлого олсон анхны үйлдэл нь энэ биш ажээ. Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг 2003 онд Бүгд найрамдах Унгар Улсад тусгай төлөөлөгчөөр томилогдох очих үед нь Б.Хурцтай хамтран европын улс хооронд хууль бус наймаа хийж байгаа гэдгийг нь БНУУ-ын Хилийн цагдаагийн газрын дарга, хошууч генерал Иозеф Бендек тогтоож, тухайн үед Унгур Улсад элчин сайдаар ажиллаж байсан Т.Султанд мэдэгдэж байсныг доорх албан бичгээс харж болно.
Элчин сайд Т.Султанаас Монгол Улсын ТЕГ-ын дарга М.Батсайханд ирүүлсэн бичигт “Б.Хурц нь 2003 оны нэгдүгээр сард Унгар улсад тусгай томилолтоор ирсэн боловч нэг ч өдөр үндсэн ажлаа хийсэнгүй. Сургийг нь лавлавал Европын орнуудаар хэсүүчлэн наймаа хийж, хувийн бизнес эрхэлж байгаа нь тодорхой боллоо” гээд хууль бус наймаанд хамтран оролцож буй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ирүүлсний дотор Хишигдэлгэрийн Даваадорж, Батын Болор гэсэн нэр байдаг юм.
Хамгийн сонирхолтой нь дипломат эрхээ урвуулан ашиглаж хөлжсөн Б.Хурц Унгар улсын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн даргаас шившигтэйгээр халагдсан даруйдаа Турк улсын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичиг болж байлаа. Харин түүнтэй хамтран Европын орнуудаар наймаа хийдэг хүргэн ах болох Х.Даваадорж нь мөн л тасралтгүй дипломат албыг хашсаар ирсэн байх аж.
Х.Даваадорж нь Гадаад харилцааны яаманд орчуулагч, атташе, Япон, Австри Улс дахь Элчин сайдын яаманд атташе, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайн зөвлөх, Итали Улс дахь Элчин сайдын яаманд зөвлөхийн ажлыг хийж байжээ.
Дипломат албыг хувийн наймаагаа цэцэглүүлэх ажил болгон хувиргасан Х.Даваадорж 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бельгийн Вант Улс, Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, 2016 оны 11 дүгээр сарыг хүртэл ажилласан байдаг юм. Харин Элчин сайдын албан тушаалаасаа эгүүлэн татагдсаныхаа дараа Бельги Улсын Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөх гэсэн албан тушаалтайгаар буцан томилогдож байсан аж.
Дипломат албаны нэр хүндийг шороотой хутгаж, хувийн эрх ашгаа улсынхаа эрх ашгаас дээгүүрт тавьсан дипломат ажилтнуудтай шийдвэртэй тэмцэх ажлыг Монгол Улс ердөө энэ оны зургадугаар сард л эхэлсэн байдаг нь харамсалтай.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 1992 оноос хойш гадаадын улс орнуудад эх орноо төлөөлөн суух хугацаандаа хар тамхи, янжуур тамхи, хууль бус наймаанд нэр холбогдсон дипломат албан тушаалтнуудын талаарх мэдээллийг 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тэдгээр хүмүүсийг нэн даруй дипломат болон төрийн албанаас халах тухай Засгийн газарт дөрөв, Гадаад харилцааны яаманд зургаа, Тагнуулын ерөнхий газарт нэг, Цагдаагийн ерөнхий газарт хоёр зүйл, заалтаар тус тус чиглэл өгсний дагуу Х.Даваадоржийг дипломат албанаас зайлуулжээ.
Ямартай ч Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн тавдугаар сард ХБНГУ-д дипломат машинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан С.Эрдэнэбаяр, Б.Баттүшиг нар, Польш Улсад эрэн сурвалжлагдаж байгаа Х.Даваадорж, Польш Улсад хууль бусаар тамхи оруулж байгаад баривчлагдаж байсан Төрийн ёслолын албаны дарга асан А.Батсайхан нарыг ажлаас нь халаад байна. Үүнээс гадна нэн даруй халах ёстой нэг албан тушаалтан байгаагийн зэрэгцээ 69 дипломат ажилтанд ЦЕГ-аас хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. LIVETV.MN –ий хамт олон дипломат албыг гэмт хэргийн сүлжээ болгон хувиргаж байгаа мафийн сүлжээг гишүүн нэг бүрээр нь илчлэн та бүхэндээ цувралаар хүргэх болно.