Хонконгийн жагсаал өнгөрсөн шөнө хурцадмал байдалд шилжсэнийг эх сурвалжууд онцолж байна. Цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч олон арван жагсагчийг баривчлан саатуулжээ. Эдгээр хүмүүсийн дунд 12 настай хүүхэд байсан гэдгийг The Guardian онцлон мэдээлэв.
Хэв журам сахиулах цагдаа нар жагсагчдыг даралтат усаар шүршиж, гал нээхээ анхааруулсан байна. Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр 12-48 насны 29 эрэгтэй, долоон эмэгтэйг баривчлан саатуулжээ. Тэднийг хууль бусаар цугласан, зэвсэг эзэмшсэн болон цагдаагийн офицеруудын биед халдсан хэмээн буруутгажээ.
Цагдаа нарын нулимс асгаруулагч хий цацах, усаар шүршихийг үл хайхарсан жагсагчдын эсрэг зургаан офицер буу шагайж, нэг нь агаарт хий буудаж анхааруулжээ. Жагсагчид тэдний эсрэг тоосго барин дайрсан байна.
Өнөөдөр өглөө Хонконгийн Засгийн газраас жасгагчид нөхцөл байдлыг дордуулж хууль зөрчөөд зогсохгүй Хонконгийн тусгай бүсийг маш аюултай ангал руу түлхэж буйг анхаарууллаа. Тиймээс цагдаагийн байгууллага шударга ёсыг тогтоохын тулд хууль дүрэм зөрчигсдийн эсрэг арга хэмжээ авна гэжээ.
Зургадугаар сараас эхэлж 12 долоо хоногийн турш үргэлжилж буй жагсаал улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл гэдэг нь илэрхий болсон тухай барууны хэвлэлүүд бичиж байна. Жагсагчдын тавьж буй таван шаардлагад:
Түдгэлзүүлээд буй хэрэгтэн шилжүүлэх гэрээг бүрмөсөн эргүүлэн татах,
Хүчирхийллийг мөрдөн шалгах цагдаагийн мөрдөн байцаах бие даасан бүрэлдэхүүн бий болгох,
Эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийг хэв журам зөрчигчид гэж үзэхгүй байх,
Баривчлагдсан жагсагчдад өршөөл үзүүлэх,
Хонконгийн удирдах, хууль тогтоох шатны эрх баригчдыг чөлөөт сонгуулиар сонгох улс төрийн шинэчлэл хийх зэрэг багтжээ.
Эх сурвалж: www.theguardian.com