Аян дангийн яруу сайхныг үгчлэн бичиглэе гэхнээ эгшгийн гоо зүйг илэрхийлэх бичгийн тэнхээ дутах нь гуниглалтай гашуун...
Аялгуулан эгшиглэсэн бүтээн туурвилынх нь ном журмын жагсаалтыг нээн үзэх нь ээ 600 хол давсан аялгуу дуу, айзам эгшиг, кино, жүжгийн дуу, үндэсний найрал хөгжмийн бүтээл, симфони гээд дор бүрнээ монгол түмний сэтгэлд хөг, ухааралд аялгуу, хайранд халуун дулааныг нэмсэн айзам хөг хар аяндаа санагдан дурсагдах. “Би чинь үүрэх ёстой ачаагаа л үүрч яваа хүн. Одоо бол өөрийн гэсэн философи маягийн юм бодож олчихоод түүндээ эзэн болохыг хичээдэг насан дээрээ ирчихээд өөрийгөө нэлээн сайн ташуурддаг, уядаг, чангалдаг, өөрөө өөртөө хатуурхдаг болчихоод байна” хэмээн Монголын яруу уянгын тухай болоод дотор хүнийхээ чин сэтгэлийн хүсэл зорилго, үнэт зүйл, эрхэм чанар, туулаад гарсан ээдрээт цаг үеийн тухай хууч хөөрөлдөн суух энэ эрхмийг Тогтохын Сэр-Од гэхээр олон түмэн андахгүй. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг 2010 онд хүртсэн тэрбээр Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул. Нутаг усны эрхшээлийг хувь ерөөл гэж итгэдэг тэрбээр уулзаж ярилцсан цөөнгүй цаг хугацааны туршид өөрийгөө хөгжим зохиодог хэмээн ярих дургүй, ингэж ярихаар нэг л хатуу стандарт, дүрэм журам шиг сэтгэгдэл төрдөг гэнэ. Харин байгалийг сонсож, шувуудын жиргээ, гол горхины урсгал, салхины исгэрээг чагнаж, тэрхүү байгалийн хэл, авиаг хөгжим болгон буулгах арга ухааныг хөгжим болгон тэмдэглэж буй л жирийн нэг хүн гэж өөрийгөө жижгэрүүлэх нь жигтэй агаад сонин мэдрэмж төрүүлэх ч энэ үгнийх нь араас “Тэгвэл АЯЛГУУЛАН ТЭМДЭГЛЭГЧ гэж хэлж болох юм” гэсэн дүгнэлтийг минь ихэд олзуурхан шүүрэн авч, “Ерөөсөө л тэр шүү дээ. Миний багш, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлалын ухааны доктор С.Соронзонболд багш маань аялгуулагч гэж хэлдэг байсан юм. Хөгжмийн зохиолч гэдэг өөрийнхөө сэтгэгдлийг нотоор, аялгуугаар тэмдэглэж байна аа л гэсэн үг. Наад нар чинь нээрээ их зөв болох юм байна шүү” гэсэн нь бидний ярилцлага, цааш торохгүй үргэлжлэхийн эхлэл болж, их бага хэмээн чамлахааргүй өргөн дэлгэр ярилцсан байлаа.
Ярилцлагынхаа тэмдэглэлийн ийн уншиж, буулгаж суух нь ээ, түүний XX зууны манлай хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Мөрдоржийн нот тэмдэглэгч байсныг нь давтан сонсоход яах аргагүй хувь тохиол хэмээгчийн тухай бодохгүй байхын аргагүй. Ханх сумын найман жилийн сургуулиас хөгжимчин болох мөрөөдлөө тээж ирсэн тэрбээр Хөгжмийн багшийн коллежийн хөгжмийн багшийн ангийг төгссөнийхөө дараа СУИСийн хөгжмийн зохиолч, судлаачийн ангийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд багшийнхаа удирдлага дор хичээллэж, дүүргэсэн түүхтэй. Энэ хугацаанд С.Соронзонболд багш нь “Л.Мөрдорж багшид нот бичих хүн хэрэгтэй байна гэнэ. Чи очиж тусла” гэснээр тэрбээр Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг үндэслэгч эрхэм хүмүүний нотыг амьдралынх нь сүүлийн он жилүүдэд бичиж, тусалж, тэр хэрээр хөгжим найруулга, хөгжим нийлүүлэх гээч нь ямархан их ухаан болохыг ойлгож мэдэрсэн гэдэг. Судлаачийн ажлаа Л.Мөрдорж гуайн “Алтан-Өргөө” киноны хөгжмөөр хийж байсан учраас С.Соронзонболд багшийнхаа саналыг уриалгахан хүлээн авч, өглөө оройгүй их хүмүүний гэр рүү .гүйдэлтэй болжээ Энэ тухай дурсахдаа тэрбээр ихэд гайхангуй, бас их олзыг олсон гэлтэй сэтгэл яг л тухайн цаг үеийнхээ сэтгэгдлээр хүүрнэн өгүүлсэн нь “Ерөөсөө л Л.Мөрдорж багшийн агуу бүтээлүүд чинь Марзан гэдгээрээ алдаршсан Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр” гэдэг зургийн хийцийг симфониор илэрхийлсэн хэрэг юм билээ л дээ. Монголын маань ахуй амьдралыг А, Б-гүй элдэв чамирхалгүй яг л дэлгээд тавьчихсан ном шиг дүрсэлсэн тэр зургийг яруу сайхан хөгжмийн хэлээр хэлнэ гэдэг чинь өөрөө тухайн үедээ дэлхийн хөгжмийн урлагийн онол арга зүй болоод хөгжмийн сонгодог хэлэмжийг монголчлох асар том ухаан байсан юм болов уу, гэж надад санагдсан шүү. Яг үнэндээ эхэндээ нот-ыг нь харахаар тэр гэхийн тэмдэггүй баахан хөгжмийн цуглуулга байдаг байлаа. Ахиж судлаад, учир начрыг нь тунгаагаад тэр бүх эмх замбараагүй нотны нэгдлийг хөгжим болгоод тоглохоор гайхалтай зүй тогтол, эвлэлдэж нэгдсэн эгшиг аялгуу болоод хувирчихна.
Тэр бүхнийг ойлгоод ирэхийн цагт ёстой агуу хүмүүс гэдэг агуу л байдаг юм байна гэдгийг ухаарсан. Ерөөсөө л монгол болоод европ хөгжмийн хэрэглээ, зүй зохицлын дэг гэгчийг бий болгосон хэрэг шүү дээ. Гайхмаар сонин шийдэлтэй. Гайхмаар сонин олон хөгжмийн хоршил... Энэ олон хөгжим ямар хэрэгтэй юм бэ гэж бодохоор тэр бүхнийг чинь хэрхэн хоршуулан хэрэглэх, найрсуулан уусгах ухааныг өвлүүлэн үлдээхийн тулд ухаан болоод урыг яг л математик шиг асар их бодож нийцүүлсэн байгаа юм шүү, Л.Мөрдорж багш, Төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн багш, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гээд тухайн цаг үеийн Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн анхны шанг татсан хүмүүс маань тэгж л ухааныхаа цаана ухаан, хөгийнхөө цаана хөг бодож, айзам хэмнэлийнхээ цаана сургууль байгуулж, ном бичиж байсан байх нь шүү дээ. Энэ жил энэ хоёр их хүмүүний 100 насны сүүдэр тохиосны ой болно. Саяхан Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров багш маань тэдний тухай “Орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавьсан гэж ярихаас илүүтэй хэрхэн яаж тавив гэдгийг нь ярих ёстой юм. Хөгжим урлал гээчийг нийгмийнхээ зүй тогтол, цаг хугацааны үнэн түүхтэй нь хамт урлана гэдэг, тэр дундаа, үндэслэн хөгжүүлнэ гэдэг өөрөө гайхамшигтай юм даа” гэж хэлсэн нь яах аргагүй үнэн. Тийм хүний нотыг тэмдэглээд сууж байсан гэдэг маань тэгэхээр яах аргагүй бахархалт нэгэн дурсамж болно таарна аа даа” гэсэн энэ сэдвийг ярианых нь хэмнэлээр үргэлжлүүлсэн бол яг үнэндээ Т.Сэр-Одын тухай бус Монголын хөгжмийн зохиолчдын тухай ерөнхий нийтлэл, хөрөг сурвалжлага болон хувирмаар. Гэсэн ч өөрийг нь зорьж уулзсан бяцхан зорилгоо сануулан байж нот тэмдэглэж явсан тэр л цаг үеийнх нь сэтгэгдэл рүү эргэн шилжих нь ээ, Л.Мөрдорж эрхэм түүний нэрийг санах гэж оролдох бүрийдээ “Төв аймгийн Сэргэлэн сум. Аа, нээрээ Сэр-Од хүү сайн уу” гээд нотоо олон таван үггүй гарт нь атгуулдаг байсан гэнэ. Эхэн үедээ нот тэмдэглэгээ нь ихэд ойлгомжгүйн дээр, сунжруулсан урт тэмдэглэл өгдөг байсан тул асууж тодруулах хэрэг гарна. Тэр бүрт нь “Аа, за” гэдгээс өөр үг төдий л хэлэхгүйн дээр “Намайг ч нэг их тоохгүй дээ. Ажлаа хийх гэж ирсэн хүүхэд л гэж хардаг байсан байх. Гэхдээ тийм агуу хүний хажууд сууж алхаж гишгэх, ажлаа хийхийг нь яг таг харж сууна гэдэг чинь өөрөө сургууль юм билээ. Гайхалтай нямбай.
Сандал, ширээгүй муухай болгож болохгүй шүү гээд л нотоо өгнө дөө” гэснээ “Хүн ер нь бусдаас суралцая гэж бодвол зөвхөн алдаа, оноо гэж том том юм ярихгүй алхах гишгэхээс нь хүртэл суралцаж явах ёстой юм билээ. Би чинь багадаа нэлээн аяггүй хатуу дэг, дэглэм дунд өссөн хүүхэд шүү дээ” гэхэд нь “Яагаад вэ, таныг их л эрх танхил амьдралаас өөрийгөө олсон хүн байх гэж бодож байлаа. Өмнө нь өгч байсан ярилцлагуудыг тань уншаад ийм сэтгэгдэл төрсөн хэрэг шүү” гэсэнд тэрбээр “За даа, айлын ганц хүү байхын хэцүүг ч, жаргалыг ч дайралгүй л өнөөдрийг хүрлээ шүү дээ, би” гэсэн нь сэтгэлийнх нь нөмөр дулаанд хоргодон хоргодож, бодол бодролынх нь цаад углуургаас .урсан гарах аялгуусан гэлтэй Гэхдээ хүний амьдралд зовлонгоо хэлхээд сувд болгон зүүж, жаргалаа цуглуулаад цай чанаж уухгүйн нэгэн адил бусдын сэтгэлийн шархыг сэдрээж, сэтгэх сонирхол болоод зорилго байдаггүйгээ бодож түрдээ энэ сэдвийг орхихийг хүссэн ч бага ахуй насных нь тэр л дурсамж дурдатгалыг хөгжмийнх нь бүтээлээс салгаж болохгүйн учир ярилцлагаа ийн үргэлжлүүлсэн .хэрэг ээ Учир нь, тэрбээр айлын өргөмөл ганц хүүхэд. Дээрээ ах эгчгүй, доороо дүүгүй айлын ганц хүүхдээ аав, ээж хоёр нь “Олонтойгоо их ойр яваарай” хэмээн захиж хэлэхийн зэрэгцээ 45 төгрөгний гутлын хатуу цаасан дээр тодоор бичиж, тэмдэглэсэн “Сурагч СэрОдын өдрийн тэмдэглэл” гэдгээс гажих, тэрхүү тэмдэглэлийг зөрчих эрх олгоогүй нь бас л сонин.
Зургаан нас хүртлээ ээжийнхээ нуруун дээрээс буулгүй, газар гишгэлэхэд нь ч нуруугаа, алгаа дэвсэх нь холгүй өгсөн ижий аав нь А үсэг заалгаж эхлэх тэр л мөчөөс нь эхлэн дээр дурдсан өөрийнх нь гарын үсэгтэй өдрийн дэглэмийг зөвлөлдөн бичиж, гэр бүлийн хурлаар төгсгөлд “Зөрчиж болохгүй” гэдэг хатуу “зарлигт” гарын үсгийг нь зуруулах болж. Энэ дагуу сурагч Сэр-Од өглөө зургаан цаг 30 минутад босох ёстой. Энэ цагаас хойш дэглэм зөрчиж сэрж болохгүй. Тоглох, түлээ модоо бэлтгэх, ус авах, хичээл давтах бүгд нарийн яг таг хуваарьтай. “Анхандаа хүүхэд байхад хашгираад гүймээр, тэрсээд унтмаар санагдах ч дэглэм гэгчийнхээ дэгэнд ороод эхлэхээр хар аяндаа бүх юм амар хялбар болдог юм билээ” гэсэн нь одоо ч түүний ягштал баримталдаг зарчмын эх үндэс. Анхандаа тэрхүү дэг сургуулийг аав нь удирдаж, хатуу чанад мөрдүүлдэг мэт санагддаг байсан ч аажимдаа Очирын Даариймаа хэмээх ээж нь биечлэн сургаж, зааж зааварлаж, хүмүүжүүлдэг болохыг ойлгосон гэдэг. Аав, ээж хоёр нь ганц хүүгээ хайрлахын дээдээр хайрлан өсгөсөн. Гэхдээ амьдралын хатуу хөтүү зовлонд айлын ганц хүүгийн хувиар гансарч, сэтгэлийн нөмөр дулааныг бэдчин хайсаар алдаж, асгахгүйн тулд олны дунд толгой өндөр, сэтгэл тэнүүн алхах ирээдүйн амьдралд нь хамгийн том тусыг хүргэх үүднээс ийн дэг жаягаас гаждаггүй, аливаа бэрхшээлийн өмнө бодол, зүтгэлийн хүчээр нугдайж нугарахгүй болгож өсгөсөн нь эрхэм тэр л хүмүүсийн хайр энэрлээс үүдсэн хатуу чангын ухаан гэлтэй. Гачигдах зовлон, хайр дутахын хяслан гэгчийг тэрбээр хүүхэд ахуй насандаа ч, хүн болж төлөвшсөн идэр залуу үедээ ч, нас тогтохын үр хүүхдээ тойруулж суух энэ насандаа ч үзээгүй нь ийм учиртай.
Харин ганц гэм нь “Яг таг болоод өөрийн тогтоосон хэм хэмжүүрээсээ алхам зөрөхгүй байх тэр л хар багын дадалдаа бусдыг чирчих гээд байдаг нэг талтай” хэмээн тэрбээр ярилцлагын үеэр өөрийгөө бяцхан .зэмлээд авсан байх Учир нь, ямар нэгэн ажил эхлүүлэхээр бол заавал тэмдэглэл, өдрийн хуваарь хөтөлнө. Тэр бүртээ, нөгөө л 45-ын гутлын цаасан дээр аав, ээжийнхээ хамт бичиж тэмдэглэсэн дурсамжаа сэргээнэ. За тэгээд хамтран ажиллагсаддаа ч хатуу мөрдлөг болгохыг зорино. Тухай бүрт нь дагах ч хүн байна, адрах ч нэгэн гарна. Найз нөхөд нь харин “Хэт хатуу байна. Яг таг ийм байж болохгүй” гэдэг зөвлөгөөг дотночлон өгнө. Гэсэн ч Сэр-Од хөгжмийн зохиолч маань гажиж чадахгүй. Аанай л хүүхэд багын араншингаа дагаж, дүрмээ ёсчлон биелүүлэхийг хичээнэ. Энэ тухайгаа тэрбээр “Багын сурц гэдэг насны амьдрал юм байна лээ шүү” гэж хэлэхдээ “Хамгийн гол нь төлөвлөгөө эвдэгдэх л юм бол уран бүтээлийн чанар чансаа, хамтын ажиллагааны үр дүн тэр хэрээр хойшлох, муудах талтай байдаг юм. Наад зах нь миний зохиосон хөгжим заавал төгөлдөр хуур дээр бичигдэх ёстой. Дараа нь найрал хөгжимд бичигдэх хэрэгтэй гэдэг энэ дэяг жаяг алдагдахаар хөгжим, хөгжим биш болчихоод.
Сэр-Одын бүтээл Сэр-Одынх биш болдог талтай” гэсэн нь ахин ахин хэлэхэд аав ээжийнх нь сургаал .дэгийн үнэ цэн Харин айлын ганц хүүгийн бэрхшээлийн тухайд амьдралын сайн сайхны цаана зурагдаж үлдэх хагацал харууслын гашуун үнэнд тулж очсон тэр үед илүүтэй хүнд мэдрэгддэг юм билээ гэсэн нь сэтгэлийнх нь углуургад мөнхөд дарагдах үнэн. Сайн дурын уран сайханчийн хувиар бүжиглэх, жүжиглэх авьяасаа олноо гайхуулан цэнгүүлж асан ижий нь 2004 онд бурхан болоход аавтайгаа хамтдаа хоёулахнаа нулимс мэлмэрүүлээд сууж байсан тэр хүнд цаг үеийг тэрбээр өдгөө ч сэтгэлдээ зурсаар яваа. Олон сайхан найз нөхдийн тус дэм болоод онгод авьяасын үр шимээр сайн хүрээлэл, бүтээлийг олонтаа туурвисан ч аав, ээжээсээ хагацахын цагт айлын ганц хүүгийн сэтгэл эдгэрнэ ээ гэж хэцүү. Ингэж ижийгээсээ хойш хатаа нь үгүй сэтгэлдээ урсгах нулимс нь дахин хагацал зовлонгийн хатуу хөтүүгийн өмнө урсан уйлсан нь 2009-өөс 2010 онд шилжих арванхоёрдугаар сарын 31-ний үдэш. Ижийгээс нь хойш жил жилийн өвөл хүүгийндээ үдэлж, үр ачынхаа инээд хөөр дунд баярлаж эрхэлдэг аав нь өмнөх өдөр нь нутгаа зорин зорин, яаран яаран унаа сэлгэн нүүдэллэсэн нь сүүлчийн үдэлт байсныг тэрбээр мэдээгүй.
Гэхдээ зөн совингийн дуудлага сэтгэл рүү нь эгшиж, олонтаа хойшлуулсан ч нутгаа, тоонот гэрээ зорих аавынхаа хүсэлд хязгаар тавьж төвдөлгүй явуулсан нь он шилжих мөчийн хар дарсан мэдээг сонсоход хүргэж, ердөө л гэрийнхээ тотгоноос 20-иад км-ын зайд нутгийнхаа агаараар амьсгалж төвдөлгүй авто машины осолд оржээ. Энэ гашуудлын мөчид тэрбээр айлын ганц хүүгийн хатуу үнэнтэй дахин нүүр тулж, оршуулгын ёслолын дараа аав, ээжийнхээ гал голомтыг хар няр хийх төмөр цоожоор түгжиж, нулимсаа арчин эргэхдээ “Олуулаа болох” чин сэтгэлийн .хүслээ эргэн нэг бодсон гэдэг Одоо мэдээж тэрбээр олуулаа айлын өрхийн тэргүүн. Дөрвөн хүүхэд нь түүний сэтгэлд үлдэж хоцорсон хатуу хүндийг дааж гарах, хагацал гунигийн шархыг даван туулах их тэмүүлэл, чин хүслийнх нь биелэл. Хөгжим бүжгийн коллежийн шинэхэн оюутан нутгаасаа холдож үзээгүй жаахан хүү Улаанбаатар хотын гудамж талбайг ч гадарлах нь үгүй алхаж явахдаа тэрбээр Багшийн коллежийн бага ангийн багшийн ангийн оюутан охиныг гэргийгээ болгож дөнгөсөн зайтай, найраатай нэгэн. Намрын ажлын үеэр дотночилж танилцсан гэргий нь Оюундоржийн Мөнхжаргал өдгөө 115 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Гэргий нь өнгөрсөн жилээс багшийн ажилдаа эргэн орж, нэгдүгээр анги авсан. Ханийнхаа ангийн зургаан настнуудыг харахаар л Сэр-Од хөгжмийн зохиолчийн хайр эгдүү хоёр бас л зэрэг төрдөг гэнэ билээ. “Ёстой нэг бужигналдсан хөөрхөнүүд тэнд олуулаа байгаа даа” хэмээн баяр хайр хоёрыг зэрэгцүүлэн өгүүлэх нь ханиа дэмжиж, ханиараа бахархдаг эр хүний зөв сэтгэлийн илэрхийлэл .гэлтэй Арга ч үгүй биз. Айлын ганц хүүг олуулаа болгож, эрүүл саруул, тэр дундаа хөгжимд элэгтэй дөрвөн сайхан хүүхдээрээ амьдралаа чимэх мөрөөслийг нь биелүүлсэн болохоор тэр шүү дээ. Энэ тухай ярилцаж суухтай зэрэгцэн тэртээ айл гэр зохиосон он жил рүү буюу картын барааны хатуу үе, хэрхэн амьдрахаа ч мэдэхгүй амьдрал зохиосон сахилгагүй залуу нас руу нь эргэн очих нь ээ тэрбээр чамгүй хөгжилтэй дурсамжийг .хуваалцсан юм Яг үнэндээ одоо бодоход бол“ ёстой тэнэг зориг шиг л санагддаг юм. Өөрөө Улаанбаатар хотоо ч олигтой сайн мэдэхгүй. Тэгсэн хэрнээ бас дурлал хайр гээд гүйчихсэн гэж байгаа. Тэр үед оюутны степинт гээд хэдэн төгрөг өгөх ч мөнгө нь байгаад ч хоол нь олдохгүй ёстой хэцүү. Ийм байхад 16-17-тойдоо танилцаад СУИС-д элссэн жилээ 19-тэйдөө бид хоёр чинь хүүхэдтэй болчихсон. Юу юугаа ч мэдэхгүй гар гараасаа хөтлөлцөөд гүйж байсан хоёр хүний чинь өмнө бөөн асуудал босно оо доо.
Орон байраас эхлээд. Тэгж байхад хань минь л надад түшиг тулгуур болж, олон хүндийг давахад ард талд ёстой хатуу чанд хана шиг зогсож байгаад өдий зэрэгт хүргэсэн дээ. Бид хоёрын бүх зүйл 0-ээс эхэлсэн. Тэр үеийн нийгмийн хатуу хөтүү нөлөөлсөн үү, яасан бид хоёр чинь их хол зайтай хүүхдүүдтэй хүн. Том маань одоо 26-тай. Хятадын Харбин хотын анагаахын их сургуулийг энэ жил төгсөнө. Дараагийнх нь одоо СУИС-ийн дэргэдэх соёл урлагийн Бадмаараг дунд сургуульд сурч байгаа. Ахаасаа найман насаар дүү. Дараагийн охин дээд талын ахаасаа зургаан насаар дүү, дунд сургуулийн сурагч. Бага маань эгчээсээ арван насаар дүү. Одоо дөнгөж хоёр ой хүрэх гээд явж байгаа ёстой нэг өхөөрдөм, сэтгэл нялхаруулсан бөөн эгдүү бий. Нэг их төлөвлөж сүйд болоогүй ч би чинь өөрөө сургуулийн насаа дуусгахгүй 2001 оныг хүртэл суралцсан болохоор тэр дунд жаахан цаг алдсан байх. Дараа нь, Шанхайн хөгжмийн консерваторын хөгжмийн зохиолчийн ангийг төгсөж ирээд жинхэнэ утгаараа амьдралаа төвхнүүлэх гэж ёстой бодож санах юмгүй зүтгэх хэрэг гарсан. Орон байрны асуудлаа шийдэхээс эхлээд эр хүний хувьд юун амралт, чөлөөт цаг л болсон. Энэ маань бас хүүхдүүдийн насны зөрүүнд нөлөөлсөн байх талтай шүү. Гэхдээ л сайхан олуулаа болсон байгаа биз дээ” гээд нэг их инээхэд нь сэтгэл нь тайтгарч, .эдгэрснийг илтгэх мэт Харин тэр орон байраа шийдэх, сургуулийн насаа хөдөлмөрлөх хүслээр солихын тухайд хөгжилтэй мэт хэрнээ бодууштай үг, яриаг ярианы бичлэгийг сонсож ээ суухад тэрбээр багагүй унагажээ. Наад зах нь, дөнгөж хоёр ой хүрэх гэж байгаа бага хүүхэд нь түүнд сүүгээ амлах, мөлхөх, алхах, борог хоолонд орох гээд хүний амьдралын анхны бүхэнтэй нүүр тулж, өсч өндийх бүртээ аавдаа ухаантай амьдрах, хариуцлагатай ажиллах, эрүүл өтлөх гэдэг үгийг хар аяндаа л чих болоод тархи руу нь шивнээд байгаа мэт санагдах болсон гэнэ.
Яг үнэндээ өөрийнх нь хэлснээр бол санагдах ч багадна. Хатуу үүрэг болгож буй аж. Энэ тухайгаа тэрбээр “Тэр жаахан амьтныг ажил төрөлтэй, ядаж анхныхаа цалинг авах тэр мөч хүртэл эрүүл амьдармаар байна” гэсэн бөгөөд докторынх нь ажлыг удирдаж буй Н.Жанцанноров багш нь түүнд мөн л тэрхүү үүрэг хариуцлагыг нь олон таван үг хэлж сануулахгүйгээр хаа нэгтээ “Доктор хамгаалах ажил юу болж байна. За чи, их битгий суугаарай. Гэхдээ зүгээр битгий суугаарай” гэх үгээр сануулж, анхааруулж .хэлэх болсон гэж байгаа Ийн сануулах болсон нь гэхдээ зөвхөн бага хүүхэдтэй нь ч холбоотой хэрэг биш юм билээ шүү, яриад суухад. Учир нь, тэрбээр 2001 онд Шанхайн хөгжмийн консерваторийг хөгжмийн зохиолчоор төгсөж ирснээсээ хойш нэг үе “За” гэдгээр бүрэн дүүрэн “өвчилж” яваад биеэ сульдаасан талтай. Монголдоо сурах ёстой сургуулиуддаа сурчихсан, дээр нь Хятадын хөгжмийн урлагийн зах зухаас заалгаад ирчихсэн хүний хувиар уран бүтээлийн урам, өнгөтэй өөдтэй амьдрахын бурам гэгч хоёрыг зэрэг зэрэг “амтлах” бөөн бөөн тэмүүлэл. Гэтэл түүнд тухайн үед мөнгө санхүү, орон байр, танил тал, ая тал засах ухааны аль нь ч байгаагүй гэнэ билээ. Харин ганц байсан зүйл нь дээр өгүүлсэнчлэн ажиллах, ая зохиох, хөдөлмөрлөх, зүтгэх хүсэл. Тэр нь өөрийнх нь товч тодорхой хэлснээр “За” гэдэг ганц үг. “Сэр-Од оо” гээд хандсан бүх хүнд ерөөсөө л “За” гэж л хэлнэ. “Бодъё. Түр хүлээ. За дараа ярилцая” гэдэг үг байхгүй. Хүнтэй уулзаж, уран бүтээл ярьсан л бол “За”. Өөр ямар ч үг хэлэхгүй. Уран бүтээлээрээ дамжиж олонд танигдаж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, үр хүүхэд хань ижлээ хүний өмнө мөр бүтэн, нэр өндөр, сэтгэл тайван явуулахын тулд энэ цаг үедээ тэрбээр “Би их хүлцэнгүй байх ёстой юм байна” гэдэг дүгнэлтэд хүрсэн нь түүнийг ийн “За Сэр-Од” болоход жинхэнэ утгаараа хөшүүрэг гээч нь болж. Яг энэ эрчээрээ 2014 оныг хүртэл “За”-тайгаа л алхаад байж. Шинэ уран бүтээлийн яриа хөөрөө, уран бүтээлийн тусламж дэмжлэг, шинэ ая дан зохиох, хөгжмийн найруулга хийх бүхэлдээ “За”. Эцэс сүүлдээ тэрбээр ачааллаа даахаа больж, эрүүл мэнд нь харин түүнд “Үгүй” гэж хэлсэн байдаг юм. Нэг ёсны 13 жил орчим үргэлжилсэн “За”- гийн төлбөр нь түүний эрүүл мэнд, зүрх судасны өвчлөл. Зөвхөн эрүүл мэнд төдийгүй ачааллаа дийлэхээ байсны улмаас бусдын ажлыг хойшлуулах, бусдад хүндрэл учруулах тохиолдолд нэмэгдэж тэр хэрээр аав, ээж хоёрынх нь дүрэмжүүлж үлдээсэн нөгөө сайн зохион байгуулалт, дэг жаяг, төлөвлөгөө нь бүрэн эвдэгдсэн байж. Өөрийнх нь бие ч муудаж, хоёр жил гаруй эмнэлгээр явсны эцэст одоо харин ямар ч хүнтэй ажил ярьсан, уулзсан, шинэ бүтээлийн захиалга ирсэн бүтээн туурвихын гэнэтийн онгодод хөтлөгдсөн л биш бол “Хугацаагаа бодоё. Эргэж сайн ярилцая. Бодож үзье” гэдэг шинэ хариулттай болчихоод сууж буй.
Тунгаан үзсэний дараа бол хүнд “За, арай амжихгүй юм байна аа” гэж хэлэхэд тусгал нь зөөлөрч буух учраас шууд л “За” гэж хэлээд дайраад ордог “За”-гийн үеэ бодоход бусдад хүлээлт үүсгэх талаасаа ч, өөр бусад хувилбарыг бодох боломж олгох тухайдаа ч өөртөө ч өрөөл бусдад ч айвуу тайвуу сэтгэгдэл төрүүлэх болсон гэнэ билээ. Гэхдээ тэрбээр өдгөө “За”-гийнхээ эрчээр давж гарсан тэр л он жилүүддээ мэдээж талархдаг. “За”-гүй байсан бол өнөөдрийн Сэр-Од байгаач уу, үгүй ч үү гэсэн нь энэхүү талархлын .хариулт юм Монголын үнэртэй салхи”,“ “Хүний сайхан орчлонд”, “Нутгийн жаахан Цээмаа”, “Ерөөлтэй орчлон”, “Зөвхөн чамдаа”, “Насан багын дурсамж”, “Бүсгүй ааль”, “Хамтдаа туулья гэсиймаа” зэрэг нийтийн дуунууд, “Долоон бурхан” найраглал, “Шадар Ван Чингүнжав”, “Тусгаар тогтнол танаа” симфони бүтээлүүд, үндэсний найрал хөгжимд зориулсан “Бодол ивлэсэн ижий далай”, “Зүрхний жаахан” зэрэг бүтээл, “Ээжээ”, “Тэнгэрийн хүү”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг жүжгийн дуу, “Тэнгэрийн андгай, “Орхидос”, “Босго тотго”, “Долоон бурхан харвадаггүй” киноны хөгжим гээд 600 гаруй уран бүтээлийн жагсаалт яах аргагүй тэр л “За”-гийн үр дүн. Тухайн цаг үед хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын нэгэн адил олноо алдаршиж, яруу сайхныг туурвин бүтээх чин хүслийнх нь чимэг, дамжуулагч нь болсон гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын олноо алдаршиж, эрхэм нэр хүндийг олсон эхлэл яах аргагүй түүнтэй холбоотой. Үе тэнгийн яруу найрагчдынх нь дууны урлагт хүч үзэж, үгийн сайхнаар сүлбэн хэлхсэн тэр он жилүүдийг ч мөн Т.Сэр-Одоос салгахын аргагүй. Амьдрал аяндаа сайхан болдоггүй гэдэгчлэн түүний зүтгэсэн, бүтээсэн бүхэн олноо хүндлэгдэж, өдгөө ч уран бүтээлийн онгодын цуглаан түүнийг эмжээрлэн ивээж .яваа нь гайхамшигтай сайхан Гэхдээ сайхны зэрэгцээ саарыг тойрч гараагүй давтахыг хүсдэггүй, ор мөр ард үлдээсэн алдаа түүнд бас бус бий.
Энэ тухайгаа нуулгүй ярьсан учир намтар хөргийн тэмдэглэлээс тасдаж үлдээхээс татгалзах юун гээд дурдан бичихэд буруу үгүй биз. Учир нь, тэрбээр олон “За”- гийнхаа зэрэгцээ олон танигдаж, уран бүтээл нь түмэнд түгэхийн хэрээр бор дарс амсаж, болдоггүй сахилгагүйчүүдийн нэг болчихсон сахилгагүйтэж явсан түүхтэй. Энэ үеэ тэрбээр “Сахилгагүй алдааны он жил” хэмээн дүгнэсэн бөгөөд юм болгонд оролцож, юм болгонд нэрээ гаргаж, бүхний түрүүнд гүйхийн бага сага өвчин нь сархадтай нөхөрлөх сэжүүр болох нь бий гэдгээр тайлбарласан. Ер нь л “Мэдэхгүй юм байхгүй. Чадахгүй бүтээл байхгүй. Хийе. Чадна” гэдгээс өөрийг хэлэхээ байгаад ирэхээр онгирч, доргих нь ч ихэсч. Энэ алдааг нь гэрчлэх олон байхад ор тас мэдэхгүй хүмүүс ч бас бий. Аливаа зүйл хаалганы цаана өнгөрөхдөө сайхан гээд энэхүү алдааг нь далдлан өнгөрөөж болох ч 2010 оноос хойшхи өнгөрсөн ес гаруй жилийн турш архи огт амсаагүйн дээр амьдралаа, ажлаа гэсэн алтан зарчимтай нөхөрлөсөн цаг мөчийг нь хүндэлсэндээ бахархаж бас талархсандаа тодотгон өгүүлж .буй хэрэг Зарим хүний амнаас тэр цаг хугацааных нь тухай “Сэр-Од оо чи тэр үедээ л ёстой ид бужигнуулж байсан даа” гэж хэлэх нь байх ч харин дотор хүндээ эргэн санахад “Яг эрүүл саруул ухаанаар бодоод үзэхээр архи уухаар онгод ороод .суулаа Хамгийн олзуурхууштэй нь өдгөө Монголын хөгжмийн зохиолчид дунд бор дарсанд хөлчүүрэхдэг нэгэн тун чиг ховор болсны дээр яг л ярилцаж тохирсон мэт 2010 оны үеэс гөлөмцүү, халамцуу алхдаг хэд нь архинаас гарч, Монголын хөгжмийн урлагийг дэлхийн хөгжмийн урлагтай эн зэрэгцүүлэх их үйлсэд хичээл зүтгэлээ бүрэн дүүрэн зориулах .болсон нь сонирхолтой зэрэгцэл Харин архи онгод хоёр зэрэг оршдог гэдгийн тухайд дахин, дахин сануулахад тэрбээр “Сайн ойлгох юм бол онгод чинь их хийморлог зүйл юм байна лээ.
Тэрийг ойлгож мэдсэн цагт онгод гэдэг тархи, зүрх, сэтгэл гуравт хамтаа зэрэгцэн оршин байдаг агуу их тэтгэмж болж өгдөг юм болов уу гэж санагдсан. Онгодыг архиар хөглөх тухай бодож явахын оронд ихэд хүндэтгэж, аргадаж, хөглөж, биширч, сүсэлж, дээдэлж хэзээд урьж залдаг чадвартай байх ухаанд суралцах ёстой юм болов уу даа” хэмээсэн бөгөөд Та одоо хүссэн үедээ урьжчадаж байна уу гэсэн асуултад тэрбээр Чаддаг гэж хэлэхэд хэцүү.- Гэхдээ ихэд хүндэлж хайрладаг болсон. Тэрний маань шагнал юмсан уу даа хөгжим бичихийг хүсэх, зорих, зарим үед тодорхой шаардлагын хүрээнд бичих болоход ч онгод хөглөгдөөд байна уу даа гэж бодогдоод байгаа. Ер нь зөвхөн уран бүтээлч гэлтгүй жирийн олон түмэнд ч онгод гэгч нь байдаг шиг байгаа юм. Би жишээ нь, математикчдыг тооны онгодтой гэж боддог. Тэр гүн гүнзгий тоог бодож чадаад байна гэдэг чинь өөрөө тооны онгодын хөтөлгөөтэй гэсэн үг. Гайхамшигтай сайхан синхрон, ер бусын хэл найруулгаар орчуулдаг хүмүүс байна аа даа. Тэд бол эх хэл болоод гадаад хэлний онгодтой л байж таараа. Тушаал нь яг цав буудаг цэргийн мундаг генералууд байна. Цаанаа нэг цэргийн сүр хүчийг илэрхийлсэн, тушаал нь тас няс буудаг тэр хүмүүс бол яах аргагүй цэргийн онгодтой болж таараад байгаа юм. Тэгэхээр хүн хүний онгод өөр өөрийнхөө сонгосон мэргэжил, дадал зуршил, сэтгэл хөдлөлийнх нь тэг зураасаар илэрдэг шиг байгаа юм гэхэд “Таны онгод бол харин зөөлөн дулаан хөгжим байж таарах нь уу тэгвэл” гэтэл “Наад үгийг тань би их олон хүнээс сонсож байна. Тэгэхээр миний зөөлөн сэтгэл хөгжмийн маань онгод бас байж болох юм уу”... гэсэн энэ өгүүлбэрээр энэ удаагийн тэмдэглэлийг өндөрлөё. Ирэх удаад хөгжим болоод багш, багш болоод урлахуйн ухаан гээд тэмдэглэлд үлдсэн олон сайхныг .сийрүүлэн хүргэе ээ .
Үргэлжлэл бий