СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-26

А.Мөнхболд: Үнэнийг хэлэхэд ТЭЦ-5 төсөл зогссон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилд өсөлттэй байгаа. Тиймээс Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон төслүүдээ хөдөлгөхөөр хичээж буй. Эдгээр төслүүдийг базаж, судалгаа шинжилгээг нь хийдэг байгууллага бол Үндэсний хөгжлийн газар. Тус газарт хэчнээн төсөл боловсруулагдаж, хэрэгжих шатандаа явж байгаа талаар Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний газрын дарга А.Мөнхболдтой ярилцлаа.

 

-Өнөөдөр үндэсний хөгжлийн газарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих хэчнээн төсөл боловсруулагдаж байгаа вэ. 2015 оноос эхлэн дунд хугацааны бодлого хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй 30 тэрбум төгрөгөөс дээш төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газраас баталдаг болсон шүү дээ. 2012 онд үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэж байх үед замбараагүй олон төсөл байсан санагдана?

Тухайн үед ямар нэгэн хязгаар тавиагүй учраас төрөл бүрийн төслүүд авдаг байлаа. Үүнээс хойш төслүүд нь цөөрч илүү дунд хугацааны бодлого хэрэгжүүлэхэд шаардагдах 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, нэгээс дээш жил он дамнан хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг сонгон авдаг болсон. Монгол Улсын Төсвийн тухай хуулиар жил болгон тодотгох ёстой. Өнгөрсөн зургадугаар сард тодотгол хийгээд дууссан. Энэ тодотголоор “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”- өөс дөрвөн төсөл арга хэмжээ хэрэгжиж дууссан. Хоёр төсөл, арга хэмжээний багц солигдож, дөрвөн төсөл арга хэмжээний нэр өөрчлөгдсөн. Бас найман төсөл, арга хэмжээ хасагдаж, шинээр 37 төсөл, арга хэмжээ тусгасан.

Мөн 2018 оны төслийн хэрэгжилтийн явц, валютын ханш болон бусад өөрчлөлтүүдээс шалтгаалан хөтөлбөрт туссан нийт төслүүдийн санхүүжилтийн хуваарь, шалгуур үзүүлэлт зэрэг мэдээллүүдэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийгдээд байна. Хөтөлбөрийн тодотголд нийт 53.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 138 төсөл, арга хэмжээ, үүнээс 31.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 102 шилжин хэрэгжих, 21.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 36 шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээ тусаад байна.

-Эдгээр төслүүдээс дурдвал томоохон ямар төслүүд байгаа вэ?

-Алтай-Тайширын усан хангамжийн төсөл, Төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрийн төслүүд байна. Түүнчлэн. 2018 онд Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулж, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн бодлогын уялдааг хангах арга хэмжээ аваад байна. Улс орны эдийн засагт ямар асуудал тулгарч байгааг хурдан хугацаанд хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг бодлогоороо  дэвшүүлээд төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэн боловсруулсан. Эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор Тавантолгойн экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцээ нэмэгдүүлэх, хилийн боомтуудын тоог нэмэх асуудлыг Засгийн газар шийдэж, Тавантолгойн дэд бүтцийн багц төслийг хэрэгжүүлж байна.

 

Үндэсний хөгжлийн газарт үүрэг өгсөн боловч эрхийг нь өгөөгүй

-Төлөвлөлтгүй уялдаагүй явж ирсэн олон төсөл байдаг шүү дээ. сүүлдээ бүр зогсоосон байдаг. үүн дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Төлөвлөлтгүй, уялдаагүй явсан нэг жишээ гэвэл цементийн үйлдвэр байна. Төвийн бүсэд эрэлтээсээ давсан нийлүүлэлтийг бий болгосон. Гэтэл манай улсын баруун болон зүүн бүсэд цементийн эрэлт байгаад байдаг, түүнийг хангах үйлдвэрлэл төлөвлөгдөөгүй явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд замбараагүй төлөвлөсөн цементийн үйлдвэрүүд зах зээлгүй болсон нь үнэн. Иймэрхүү замбараагүй төлөвлөлт бий болсон учраас манай эдийн засаг мухардалд орсон шүү дээ. Тиймээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль 2015 оны арваннэгдүгээр сард батлагдсан. Энэ хуулиар Монгол Улс урт, дунд болон богино хугацааны бодлоготой байна гээд заасан байдаг. Бодлогын  уялдааг хангах нэг боломж нь Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэж үзсэн юм. Манай байгууллагын зүгээс улсын хөрөнгө оруулалттай хөтөлбөрт тусгах төслүүдийн саналыг эхлээд тодорхой аргачлалын дагуу салбарын яамдуудаас авч, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, ялангуяа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан эрэмбэлэх ажлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулдаг. Боловсруулсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслөө хэлэлцүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчдаас санал авсаны дараа Засгийн газарт хүргүүлдэг. Иймэрхүү байдлаар аргачлалаараа улсын хөрөнгө оруулалттай хөтөлбөрөө боловсруулаад ажиллаж байгаа. Гэхдээ Үндэсний хөгжлийн газарт үүрэг өгсөн боловч эрхийг нь өгөөгүй. Өөрөөр хэлбэл, төлөвлөлт доороос дээш, дээрээс доош гэсэн хоёр чиглэлтэй төлөвлөлт хийж байж оновчтой төлөвлөлт болдог. Гэтэл зөвхөн салбарын яамдаас ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулж байгаа нь учир дутагдалтай байна. Уг нь урт хугацааны бодлогод чиглэсэн “дээрээс доош” төлөвлөлт хийх боломж Үндэсний хөгжлийн газарт байгаа боловч өнөөгийн хууль эрхзүйн хүрээнд ийм төлөвлөлт хийх боломжгүй байна.

-2019 онд хэчнээн төсөл, хөтөлбөрт хэдий хэр хөрөнгө төсөвлөгдсөн бэ?

-Одоогоор 149 төсөл бий. Үүнд 24.6 их наяд төгрөгийн хөрөнгө тусгасан. Төслүүдийн жагсаалт бол олон нийтэд нээлттэй. Legalinfo.mn дээр төсөв, хөрөнгө, жил жилийн хуваариуд нь бүгд нээлттэй мэдээлэгдсэн байгаа. Ямар бодлогын бичиг баримтын хэрэгжилтийг хангах вэ гээд бүгдээрээ олон нийтэд ил байдаг. Амжилттай явж байгаа төслүүд гэвэл ерөнхийдөө дэд бүтцийн төслүүд боломжийн байгаа. АлтайТайширын усан хангамжийн төсөл, Тавантолгойн дэд бүтцийн төслүүд, Газрын тосны үйлдвэрийн төслүүд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийг нэрлэж болох байх.

 

740 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төв цэвэрлэх байгууламж 2022 онд баригдаж дуусна

-Төв цэвэрлэх байгууламжийн төслийг олон жил ярьсан даа. Хэр ахицтай явж байгаа вэ. Хүмүүс ч нэлээн хүлээлттэй байдаг шүү дээ?

Ер нь 2018 онд бүх бэлтгэлээ хангасан. Энэ жилээс үндсэн ажил эхлээд явж байгаа. Энд нэг зүйл ойлгох хэрэгтэй. Манай Үндэсний хөгжлийн газар дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хангах зорилгоор энэ хөтөлбөрийг баталдаг. Үүнийг Сангийн яам тухайн төсөвтөө тусган санхүүжилт хийгээд явдаг. Бидний боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн нийгэм, эдийн засгийн байдал, зах зээл, түүхий эдийн ханш, төсвийн бодлогоос хамаараад Сангийн яам бодлогоороо зохицуулалт хийх боломж байгаа. -манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл байдлыг судалж байж хэдий хэр төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ шийддэг үү? -Манай Үндэсний хөгжлийн газрын бүтцэд Хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтын газар гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан ажиллаж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын талаар холбогдох газраас асуувал  илүү нарийн мэдээлэл өгөх байх. Улсын хөрөнгө оруулалт нь санхүүжилтийн зургаан эх үүсвэрээс бүрддэг. Үүнээс Сангийн яам гадаадын зээл тусламж, төсвийн хөрөнгө оруулалт хариуцдаг бол манай Үндэсний хөгжлийн газарт концесс болон гадаадын хөрөнгө оруулалт, Хөгжлийн банк, хувийн хэвшлийн санхүүгийн эх үүсвэр бий. Улсын хөрөнгө оруулалтыг тодорхой хязгаарт багтаан боловсруулах шаардлага тулгарч байгаа. Жишээлбэл, төсвийн хөрөнгө оруулалт, өрийн хязгаар, ОУВСгаас бидэнд тавьсан нөхцөлүүдэд багтаан боловсруулж байна. 2018 оны байдлаар Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан 102 төсөл ямар нэг байдлаар хэрэгжиж байгаа нь тийм ч чамлалттай тоо биш л дээ.

-Санхүүгийн эх үүсвэрүүдээс одоогоор хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байгаа вэ?

-Хуулиараа бид жил болгон тодотгол хийх ёстой. Мөн жил бүр гүйцэтгэлийн хяналт оруулж хоёр жилд нэг удаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ёстой. Манай Үндэсний хөгжлийн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсээс хийсэн шинжилгээгээр 2018 оны хэрэгжилтийн хяналт тавихад 47 хувийн хэрэгжилт байна гэсэн дүгнэлт гарсан. Санхүүжилтийн хэрэгжилт нь 30 гаруй хувьтай байгаа.

 

Одоогоор 149 төсөлд 24.6 их наяд төгрөгийн хөрөнгө тусгасан

-Аж үйлдвэр болон нийгмийн салбарыг чиглэсэн томоохон төслүүдээс дурдаач?

-Инженер технологийн дээд боловсрол төсөл, Ухаалаг боловсрол, Өрсөлдөх чадвартай дээд боловсрол төсөл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төсөл, Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, Хүүхэд бүрт цэцэрлэг хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөл, Хүнс, тэжээл нийгмийн халамжийн төсөл, Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулах төсөл, Цахим эрүүл мэнд төсөл, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төсөл, Нүүрс боловсруулах төсөл, Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, Хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл зэрэг төслүүдийг нэрлэж болох байх. Дэлгэрэнгүй мэдээллийг Legalinfo.mn сайтаас авч болно. Манай Үндэсний хөгжлийн газар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтраад ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын хөтөлбөр боловсруулаад өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.  

-Танайд өнөөдөр хэчнээн хүн судалгаа хийж байгаа вэ?

Мөн олон улсын хөгжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Цаашид хийх олон ажил байна. Улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж байгаа хүн бүхний өмнө манай хаалга нээлттэй, бид хамтран ажиллахад бэлэн. Одоо бид эхлээд монгол хүнийг хөгжүүлэх стратеги боловсруулахаар ажиллаж байна. Мөн хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого боловсруулах гээд олон ажил амжуулахаар ажиллаж байна.

-Улиг болчихсон, огт хэрэгждэггүй, мөрөөдлийн гэмээр төслүүд их байдаг шүү дээ. тэдний тод жишээ бол тэц-5. энэ төсөл бүр замхарсан уу?

-Үнэнийг хэлэхэд энэ төсөл зогссон байгаа. Энэ талаар Эрчим хүчний яамнаас лавлан асуух шаардлагатай. Эрчим хүчний салбарт Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануурын 700 МВт-ын ДЦС, Гуравдугаар ДЦС-ыг 250 МВт-аар өргөтгөх төсөл, Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх төсөл, Тавантолгойн 450 МВтын ЦС Эрчим хүчний дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх (дэд станцууд) арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл, Томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВт-ын шугамын өргөтгөл, шинэчлэлтийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл гээд олон арван төсөл Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.