Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Биарриц хотод болж өнгөрлөө. Дээд хэмжээний уулзалтад ирсэн зочид төлөөлөгчид болон уулзалтад анхаарал хандуулж буй ажиглагчдыг багагүй цочирдуулсан явдал болсон нь Иран улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф гэнэтийн айлчлал хийсэн юм.
Салбар уулзалтын үеэр Ираны Гадаад хэргийн сайд урьдчилан мэдэгдэлгүй зочилсон нь АНУ-ын төлөөлөгчдийг гайхшруулсан гэнэтийн явдал болсон хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Ноён Зариф гэнэтийн айлчлалынхаа дараа Твиттер хуудастаа Францын Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд нартай үр дүнтэй уулзалт хийсэн тухайгаа мэдэгдэж “Замын эхэнд олон бэрхшээлтэй тулгарах ч хүчин чармайлт гаргаж буй нь үнэ цэнэтэй юм” хэмээн бичжээ.
ВВС агентлагийн дамжуулснаар Зариф Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөх өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Парис хотноо Ерөнхийлөгч Макронтой уулзсан байна. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс нэрээ татсанаас хойш хоёр улсын харилцаа хурцадсан ч Франц тэргүүтэй бусад таван орон Р5+1 хэлэлцээрт үлдсэн. Вашингтоны хатуу чанга эдийн засгийн хоригийн хариуд Иран улс цөмийн зэвсгээ идэвхжүүлж эхэлсэн. Нөхцөл байдлыг намжаах талуудыг харилцан ойлголцоход Ерөнхийлөгч Макрон голлох үүргийг гүйцэтгэж байна.
Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, Америкийн төр засгийн тэргүүнүүдийн 45 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Брексит, цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр байсан юм. Гэсэн ч Америкийн төлөөлөгчид Ираны Гадаад хэргийн сайд Зарифын гэнэтийн айлчлал болон Макроны цаг уурын өөрчлөлтийг хөндсөн зэрэгт сэтгэл дундуур үлдэв бололтой.
Эх сурвалж: www.bbc.com