СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянзүрхийн багачуудын найман жилийн хүлээлт

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

“Хүү минь үүрийн гэгээтэй уралдан босч толгод гүвээ давж, нохойнд хөөгдөж хацар, гараа хайран сургуульдаа очдог. Тэр бидэнд “Машинаар хүргүүлж ирдэг хүүхдүүдийг харахаар гоё санагддаг” гэж хэлж байсан. Бэл бэнчингүй бид чинь сургууль, цэцэрлэг нь хол гэхгүй хүүхдээ хичээлд нь явуулдаг. Олон жил ингэж явлаа. Ядаж сургуулийн автобус ч байхгүй. Манай хүү хааяа хичээлдээ явахгүй гээд хөнжлөөсөө хамраа ч цухуйлгаддаггүй. Учир шалтгааныг нь асуухаар “Сургуульдаа очихоор анги хүйтэн, байнга гадаа бие засдаг, гэр маань хол” гэдэг. Ийм орчин нөхцөлд хүүхэд юм сурч чадахгүй. Гэр сургуулийн хооронд 30 орчим минут алхаж очдог. Найман жилийн өмнө л шинэ сургуулийн сураг дуулдсан. Одоо болтол чимээгүй л байна. Аргаа бараад энэ жил хүүхдээ хотын төв рүү сургуульд явуулахаар шийдсэн. Эс тэгвээс хүүхэд маань нэг өдөр үрэгдэж мэдэхээр байна” хэмээн Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Н.Тогоо халаглан ярьж байна. Тус хороонд байрлах 90 дүгээр бага сургууль нь 1990 оны эхээр баригдсан аж. Өдгөө 30 жилийн нүүрийг үзжээ. Ийн бид тус сургуулийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ шинэ сургуулийн барилгын ажил ямар байгаа талаар сурвалжилсан юм.

Ханан пийшинтэй, модон жорлонтой сургууль сумын төвд ч байхгүй

Бид автобус байтугай хөлсний жижиг тэрэг ч явдаггүй газар ирлээ. Энэ бол Баянзүрх дүүргийн ХI хороо юм. Улаан шороо, тоос татсан энэ газарт олон хүн суурьшиж байна. Энд ямар ч хөгжил алга. Автобуснаас бууж үерийн усанд идэгдсэн энхэл, донхол замаар нэлээд хол алхав. Ийн явсаар эмэгтэйчүүдийн хорих 409 дүгээр ангийн ойролцоо ирсэн юм. Ойр хавьд таарах хүнээс 90 дүгээр сургуулийг асуухад “Тэр байна” гээд уулын энгэрт, гэр хороолол дунд байрлах цагаан байруудыг заав. Тус сургууль руу очих ганцхан зам байна. Явсаар “Баянзүрх дүүргийн цогцолбор бага сургууль” гэсэн самбар хадсан хашааны гадна ирлээ. Хашаа руу ортол чимээ аниргүй байх аж. Алга дарам газарт баригдсан гурван цагаан байшингийн хамгийн захынх нь 90 дүгээр бага сургууль. Гаднаас нь харвал хашаа нь шарилжаар дүүрч, байшингийн дээвэр өнгө алдаж, тал талаасаа унжсан харагдана. Тус байшингуудыг мэдэхгүй хүн харвал нийтийн байр шиг гэхээр. Гэвч үнэндээ энд ганц ч хүн амьдардаггүй. Тус цагаан байруудын хойгуур тойртол гурван модон жорлон байх бөгөөд нэг нь том хүнийх нөгөөх хоёр нь хүүхдийнх бололтой. Жорлонгийн хойно жижиг хаалга гаргасан байв. Хаалгаар гармагц нэлээн эгц уруу том жалга харагдав. Магадгүй баруун зүгт гэр нь байдаг хүүхдүүд энэ жалгаар гарч сургууль руугаа ирдэг байж мэдэх юм. Хэрэв тийм бол тэд өвлийн улиралд халтирч унахаас эхлээд бишгүй л их зовдог нь тодорхой байна. Ийн өнгө үзэмж нь илт муудсан шавар байшинд хүүхдүүд сурдаг гэхээр халагламаар. Биднийг очиход тус сургууль цоожтой байсан юм. Цонхоор нь ажиглатал будаг нь халцарч төмөр нь хонхойсон сурагчийн ширээ, өлгүүр, ханан пийшин харагдав. Ханан пийшин байгааг бодоход тус сургууль нь өвлийн улиралд хүүхдүүдийг дааруулахгүй гэсэндээ гал түлж аргацаадаг бололтой. Ямартай ч тун ядмаг орчинд хүүхдүүд суралцасаар ирж. Үнэндээ ханан пийшингээр галладаг, модон жорлонтой сургууль сумын төвд ч байхгүй. 90 дүгээр сургуулийн нөхцөл байдалтай танилцахад хүүхдүүд адаглаад биен тамирын хичээлээ хаана ордог юм бол, тэд сэтгэл дүүрэн суралцаж чаддаг болов уу гээд олон зүйл эргэцүүлсэнийг нуух юун. Бид ойр хавийг ажиглан зогстол нэг залуу “Хүүе та нар юун хүмүүс вэ” гээд чанга хашгирав. Бид учраа хэлэхэд залуу “Би энэ сургуулийг 2005 онд төгссөн. Тавдугаар анги төгстөл суралцаж “Амгалан”, “Офицер”, “Чулуун овоо”-нд байрлах улсын сургуулиуд руу манай ангийнхан хуваарилагдаж байсан. Одоо харин гуравдугаар анги хүртэл суралцаад өөр сургуулийн ая боддог болсон байна лээ. Намайг суралцаж байх үед сурагчдыг ажилд сургаж байна гээд ногоо тариулж, мод хөрөөдүүлдэг байсан. Гэхдээ одоо ч хэвээрээ юм шиг байна лээ. Бага ангийн сурагчид хааяа мод тэвэрчихсэн гүйж байдаг. Ийм хэцүү орчин нөхцөлд хүүхэд сурахын хажуугаар гар хөлийн үзүүрт зарагдана гэдэг хэцүү. Баянзүрхийн товчоо хавьд шинэ сургууль баригдаж байгаа. Түүнийг ашиглалтанд ормогц энэ сургуулийн хүүхдүүдийг шилжүүлэх юм гэнэ лээ. Тэр сургууль олон жил баригдаж байгаа. Энэ сургуульд маш олон хүүхэд явдаг.

Энэ хавьдаа ганц байгаа сургууль нь энэ шүү дээ. Ер нь манай хороо их хэцүү өрхийн эмнэлэг, хороо, сургууль, цэцэрлэг гээд аль аль нь байхгүй” хэмээн учирлав. Тэр бодит байдлыг бидэнд хэлсэн юм. Ийн ярилцаж зогсох зуур эзэнгүй юм шиг байсан цагаан байрнаас нэг эмэгтэй гарч ирээд “Хаанаас явж байна” хэмээн асуув. Тэр өөрийгөө 90 дүгээр сургуулийн багш н.Одгэрэл гэж танилцууллаа. “Манай сургуульд одоогоор 60 гаруй хүүхэд суралцаж байгаа. Хоёр ээлжээр хичээллэдэг. Энэ жил хүүхдүүдийг энд суралцуулах эсэх нь тодорхойгүй байгаа. Ямартай ч хуучин болон шинээр элсэж буй хүүхдүүдийг бүртгэж байна. Есдүгээр сарын 1 гэхэд энэ байрандаа байж мэдэхээр. Шинэ сургуулийн барилгын ажил сунжирч олон жил биднийг хүлээлгэж байгаа юм. Эцэг эхчүүд, хүүхдүүд шинэ сургуулийн байрыг үргэлж асуудаг. Одоогоор манай сургуульд урд хөлийн голын цаахан байрлах “Туул” тосгон болон “Ногоон зоорь”, “Зүүн байр” орчмын хүүхдүүд явдаг. Тэд сургууль руугаа ирэхдээ хэцүү байдаг тухайгаа бишгүй л их ярьдаг. Иймд энэ жил дахиад хүнд нөхцөлд хүүхдүүдийг сургахгүй гэдэгт удирдлагуудад итгэл хүлээлгэж сууна даа” гэсэн юм. Сургууль руу орж үзэх гэсэн боловч түлхүүр нь байхгүй байсан тул биднийг дотогш оруулаагүй юм. Өвлийн хүйтэнд хэрхэн галладаг талаар асуухад ”Дотор хоёр төрлийн пийшин бий нэг нь шууд нүүрс хийж галладаг нөгөөх нь ус халааж паар руу шахдаг дулааны зуух байдаг” гэв. Бид цонхоор өнгийж харвал коридортой залгаа анги нь байрласан байв. Коридор нь жижигхэн зай талбайтай харин анги нь том сэлүүхэн харагдана. Ийм том ангийг дан ганц ханан пийшингээр дулаацуулна гэдэг бүтэхгүй ч олон жил ийм нөхцөл байдалтай байсан гээд бодвол ямар ч эцэг, эх хүүхдээ ийм ядмаг орчинд сургахаас татгалзана. Адаглаад зогсоо зайгүй галлах нүүрсний утаа хүүхдүүдийн хувцсанд шингэнэ. Бүр цаашлаад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.

Тус сургуулийн багачууд хүйтэнд хөрж, халуунд халж хичээл амрах үеийг тэсэн ядан хүлээдэг байх. Сурагчдын үдийн цайг 68 дугаар сургуулиас авчирдаг байжээ. Гар угаах угаалтуур ч үгүй, бие засах газарчгүй тус сургуулийн сурагчид сурах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн бэрхшээлиийг үл тоон суралцсаар иржээ. Бид сургуулиас гарч доош уруудан дэлгүүрийн гадна суух залуустай уулзахад “Манай хороо олон хүн амтай байж ганц ч олигтой сургууль, цэцэрлэг байхгүй. “Зүүн байр”-д энэ сургууль ойрхон. Харин урд уулын энгэр, толгодын цаад тал болон Баянзүрхийн товчооноос явдаг хүүхдүүдэд хол. Тэд үнэхээр туйлддаг. Манай охины ангийн найз нь “Ногоон зоорь”-ноос явдаг. Тэр өвөл хацараа хөлдөөсөн гэж байгаа юм. Аргагүй шүү дээ. Тэд чинь уул давж хичээлдээ ирдэг. Эцэг, эхийн хараа хяналт сул хүүхдүүд бүр хэцүү, өөрийгөө өөрөө бөөцийлөхөөс өөр аргагүй” гэв. Хүүхдүүдийг төвийн сургууль руу татан суралцуулах хүсэлтийг тус сургуулийн захирал гаргасан ч эцэг эх нь “Зөөхийн тулд хол зам туулна, авто амын осолд өртөнө” гээд хүлээн зөвшөөрөөгүй аж. Цааш явтал урдаас унадаг дугуйгаа жийсээр ирж яваа хүүтэй таарлаа. Хүү өөрийгөө “Хоёрдугаар ангийн сурагч. 90 дүгээр сургуульд сурдаг. Би “Туул” тосгоноос хичээлдээ явдаг. Аав, ээж ах, ээлжилж хичээлд хүргэж өгч авдаг. Анги хүйтэн болохоор хааяа хичээлдээ явмааргүй санагддаг. Гэхдээ явахгүй бол болохгүй. Найзуудыгаа санаад байдаг юм. Миний хамгийн сайн найз н.Тэргэл сургууль таалагдахгүй байна гээд хот руу сургуульд явж байгаа. Хичээл орой тардаг болохоор гэр лүүгээ харихдаа айдаг. Харанхуй болчихоор ямар ч гэрэлгүй замаар явдаг” гэлээ. Энэ мэтчилэн хүүгийн хэлсэнээр гэрэл гэгээгүй зам, тэсгим хүйтэн шуургатай өдрүүд гээд тэдний дунд олон асуудал байна. Төр засгийн хэнэггүй байдлаас болж хохирох ёстой гэж үү. Огт сургуульгүй газарт ганц сургууль барилаа гэж сонсогдсон ч тэр нь одоог хүртэл ашиглалтанд ороогүй. Олон хүний дунд хүлээлт үүсгэж байна. Хүүхдүүдэд цаасан малгай өмсгөлгүйгээр шинэ сургуулийнхаа барилгын ажлыг яаравчлахгүй бол ардын хүүхэд мэдлэг боловсрол, хөгжил зэргээрээ хоцрогдох нь байна шүү. Цаашлаад эрүүл мэндээрээ ч хохирч мэднэ.

Улсын төсөвт суусан мөнгө хүрэлцээгүйн улмаас шинэ сургуулийн барилгын ажил нэг хэсэг зогсонги байдалтай байжээ

Шинэ сургуулийн байр мөн ялгаагүй хол орших юм. Тэр хавьд хүүхэд сургууль руу гаа алхаад очих зам ч алга. Шороо тоос бужигнасан, том том нүх үүссэн хайрга чулуу ихтэй замын хаагуур нь хүүхэд зорчих вэ. Ийн Баянзүрхийн Зүүн талд баригдаж буй 126 дугаар сургуулиар бид очлоо. Гаднаасаа солонгорч харагдах тус сургууль руу ороход плита зүсэх чимээ чихэнд хангинана. Үүгээр зогсохгүй энд тэндгүй овоолсон элс, хайрга, төмөр зэрэг нь нүдэнд хөглөрч харагдав. Барилга доторх хүмүүсээс сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг асуухад Барилгын инженер залуу “Гурван давхараас эхлээд ангиудаа тохижуулаад явж байгаа. Нэг болон хоёр давхарын анги тохижилт, цахилгаан, дулааны холболт зэргийг шийдээгүй байна. Дээрээсээ, доошоо гүйцэтгэлтэй” байгаа хэмээн ярив. Түүнээс сургуулийн захирал байгаа эсэхийг асуухад “Саяхан ирсэн. Энд байгаа” гээд биднийг гурван давхар руу дагуулан гарав. 126 дугаар сургуулийн захирал Э.Галхүү “Есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хамгийн түрүүнд 90 дүгээр сургуулийн сурагчдыг татан суралцуулна. Шинэ сургууль 1000 хүүхдийн хүчин чадалтай” гэв. 126 дугаар сургууль ашиглалтад ормогц Баянзүрх цогцолбор, Амгалан цогцолбор сургуулиудад гурван ээлжээр хичээллэж буй хүндрэл арилах гэнэ. Анх “Немон” компани гурван тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн барьж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд улсын төсөвт суусан мөнгө хүрэлцээгүй улмаас барилгын ажил зогсонги байдалтай удсан аж. Барилгын ажилд улсаас жилд 500-600 сая төгрөгийг төсөвлөж байжээ. Өнгөрөгч оны аравдугаар сард БСШУСЯ-ны удирдлагууд барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр даалгасан байдаг ч үүнээс хойш нэг жилийн нүүрийг үзлээ. Харин одоо барилгын дотоод засал, тохижилтын ажлыг түргэвчилж хүүхдүүдийг элсүүлсэн дээргүй юү. Ийн сургуулиас гарч хашааны гадна зогсох эмэгтэйтэй таарсан юм.

Тэр “Энэ сургууль хүүхдүүдээ хэзээ авна гэж байна” хэмээн биднээс асуусан юм. “Есдүгээр сарын 1- нд хүүхдүүдээ авна” гэсэн хэмээн хэлтэл бухимдалтай нь аргагүй “Манай хүүхдүүд хотын төв рүү сургуульд явдаг. Хааяа тэд зам дагаад алхчихдаг. Нэг удаа автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь АмгалангаасБаянзүрхийн товчоо хүртэл алхаад ирсэн. Холоос хүүхэд хичээлдээ явах зовлон мундахгүй юм. Ядаж энэ сургууль ашиглалтад орчихвол хоёр хүү минь холоос явж үгээ хэлэхгүй л болов уу. Гэтэл мөн ч олон жил хүлээж байна даа. Энэ сургуулийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард л 2019 оны таван сард ашиглалтад орно гэж байсан одоо болтол дуусаагүй байна. Манай хорооны Засаг дарга Х.Эрдэнэсайхан гэж хүн бий. Хийж бүтээж байгаа юм алга. Иргэд нь бор зүрхээрээ болгож байгаа. Бидний сонссоноор шинэ сургуулийн захирлаар эхнэрээ томилсон сураг дуулдсан. Албан тушаалд улайрдаг шигээ ардын хүүхдийг сургах цэцэрлэг, сургууль байхгүй байгааг цааш нь уламжилж хорооныхоо хөгжилд анхаарах хэрэгтэй. Засаг даргыг засч залруул хий бүтээ, гэж томилдог биз дээ” гэв. Энэ мэтчилэн Баянзүрх дүүргийн XI хороонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд төрийн үйлчилгээний байгууллага нэг ч алга. Үүнээс болж багачуудын сурч боловсрох эрх нь зөрчигдөөд байна гэхэд хэлсдэхгүй болов уу. Тэдний дунд шинэ сургуулийн хүлээлт үүссэнийг дашрамд дурдъя. Тус сургуулийн барилгын ажил дахиад ямар нэгэн шалтгаанаар хойшлох вий гэж эцэг эхчүүд халаглан ярьж байна. Ашиглалтад орох хугацаа нь өдөр өдрөөр сунгагдах 126 дугаар сургууль нь гадна талаасаа эхлэн халцарч, хуурч эхэлжээ. Есдүгээр сарын 1 гэхэд сургуулиар гачигдсан хүүхдүүдээ хүлээн аваасай билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.