Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Армийн тоглолт-2019”-д амжилттай оролцсон. Энэ жил Монгол Улс Олон Улсын цэргийн наадамд анх удаа зохион байгуулагч орны статустайгаар “Аравт” морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулж, ОХУ-д зохион байгуулагдсан “Танкийн биатлон”, “Инженерийн томьёолол”, “Хээрийн гал тогоо”, Беларусь улсад явагдсан “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд баг тамирчид оролцсон билээ. Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг гаргаж, сургалт бэлтгэл, ур чадвараараа манлайлсан “Армийн тоглолт-2019”-д оролцсон баг тамирчид, ажиглагч нарыг өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат холбогдох албан тушаалтнууд, зөвлөлийн гишүүдийн хамтаар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Олон Улсын цэргийн наадамд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт гаргасан ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн Ч.Мөнхтүшиг, ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн мэргэжилтэн, Х.Санчирдорж, ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батням, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах тогооч Н.Гэрэлтуяа, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч Д.Энхцог, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн гүүр барилгын хэрэгслийн жолооч, сургагч ахлагч Б.Энхтайван нарыг Дайчин алдар-1 медалиар шагнажээ.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат “Миний бие энэ сарын эхээр ОХУ-ын ЗХЖШ-ын даргын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхэд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу болон ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов нар манай Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын ур чадварыг маш өндрөөр үнэлсэн. Энэ үнэлгээ бол та бүхний хүчин чармайлт, гаргасан амжилт гэж ойлгосон. Хэдэн цэргүүдийнхээ талаар урам зоригтой сайхан үг сонсох хамгийн сайхан байлаа” гэв.