Монголд анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн энэ ням гарагт 12:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.
Япон улсаас үүсэлтэй “Робокон” тэмцээн нь инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том тэмцээн юм. Түүнчлэн оюутнуудад бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг аж. Мөн оюутнууд багшийн тусламжийг харж, хүлээлгүй өөрсдөө шийдвэр гаргах, оролдох, зохион бүтээх гэх мэт олон чадвар, чадамжаа өсгөдөг байна.
“Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн бөгөөд манай улсын багийн гаргасан хамгийн дээд амжилт нь 2004 онд дэд байр эзэлсэн явдал юм.
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдөнө. Монгол Улс зохион байгуулагч орон тул давуу эрхээрээ хоёр баг өрсөлдүүлэх юм байна.