Болливудын нэрт од, дэлхийн мисс Приянка Чопраг НҮБ-ын сайн санааны элчийн үүрэг хариуцлагаас чөлөөлөхийг Пакистан улсын Засгийн газар хүсч албан ёсны өргөдлөө өргөн барьсан байна. Пакистан улсын Хүний эрхийн яамны сайд Ширен Мазари Энэтхэгийн 37 настай жүжигчин бүсгүйг олон нийтийн өмнө Кашмир дахь эмх замбараагүй байдлыг өдөөж, дайныг дэмжигч гэдгээ харуулсан хэмээн буруутгажээ.
Кашмир бол цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Пакистан улсуудын дунд маргаан дагуулдаг хамгийн хүнд асуудал юм. Тиймээс Кашмирын талаар үзэл бодлоо хуваалцахдаа нэн сэрэмжтэй хандах ёстой байсан гэж шүүмжлэгчид Приянка Чопраг буруутгаж байна.
Энэ сард Америкийн Лос Анжелес хотод гоо бүсгүйчүүдийн бага хурал дээр Пакистаны гоо бүсгүй Айеша Малик Чопрагийн хоёрдугаар сард дэмжигчдэдээ хүргэсэн жиргээг онцолж “Таныг хүнлэг зүйлс яриахыг сонсох хэцүү байлаа. Учир нь хөрш Пакистаны эсрэг дайныг та дэмжиж байна. Та бол НҮБ-ын энхийн элч, энэ дайнд ялагч байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Хариуд нь Чопра “Надад Пакистанаас ирсэн олон найз байгаа гэхдээ би эх оронч хүн, уучлаарай” гэжээ.
Энэ оны эхэнд Энэтхэгийн талаас Пакистаны тосгонд бөмбөг хаясан хэрэг гарсны дараа Чопра Твиттер хуудастаа “Амрыг эрье Энэтхэг #Энэтхэгийнзэвсэгтхүчин” хэмээн жиргэсэн нь ийнхүү маргаан дагуулаад байгаа юм.
Дэлхийн хамгийн чинээлэг, ашиг орлого өндөр эмэгтэйчүүдийн нэг Приянка Чопра дуучин Ник Жонастай хийсэн хуримандаа Ерөнхий сайд Наренда Модиг урьсан байсан нь түүний улс төрийн байр суурийг илтгэсэн гэж шүүмжлэгчид бичжээ.
Эх сурвалж: www.cnn.com