СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-08-23

Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хүнээсээ 20 дахин олон малтай Монголд мах шиг үнэтэй зүйл алга. 66 саяар тоологдож буй сүрэгтэй хэр нь нэг кг үхрийн мах 14 мянгаас буусангүй. Хонины мах ч 10 мянгаас хөдөлсөнгүй. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн оршин суугчид ийнхүү шинэ шөл уух “тасалбар”-аа үнийн хөөрөгдөл, төгрөгийн ханшийн уналтад суйлуулаад дуусч байна. Гадаад зах зээлээс хамааралтай, дотоодын үйлдвэрлэлийн эрэлт гэхээр олигтой нүд торох зүйлгүй Улаанбаатарт энэ бол том хямрал. Сонгууль дөхөж байна гэж ахмадууд арай тайвшрах боловч дараа нь хэрхэх бол гэсэн айдас бүсээ чангалах шалтгаан болж байна.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн “дархлаа” суларсаар, ганц ам.доллар 2673 төгрөгтэй тэнцэж байгаа нь харийн валют хэрхэн оодорч буйн тод жишээ. Түүхэндээ төгрөг ихээхэн чангарсан нь 1996 он бөгөөд, нэг ам.доллар 601 төгрөгтэй тэнцсэн юм. Тэгвэл энэ сард ханш 2661 хүрээд, одоо хэр нь тэнхрэх янз алга. Төсвийн оновчгүй зарцуулалт, дотоод санхүүгийн хямрал, гадаад зах зээлийн тогтворгүй байдал гээд тоймгүй олон жагсаалтаар Чингисийн зурагтай үнэт дэвсгэртийн урхаг өвчний оношийг дурайлгаж болох. Харин эмчилгээ болоод орчин нөхцөл нь үүнээс хавьгүй ярвигтай аж.

Худалдааны дайн ба юанийн хөдөлгөөн

Сүүлийн 25 жилд анх удаа АНУ-ын Сангийн яамнаас хийсэн мэдэгдэл нь АНУ, Хятадын хоорондын худалдааны дайны үнэн дүр төрхийг илчилсэн юм. Учир нь хэдэн арван жилийн турш ам.долларын эсрэг чангарсан хэвээр байсан хятад дэвсгэрт анх удаа долоон ам.доллартай тэнцэж сулрахыг Бээжин зөвшөөрсөн хэрэг. Үүний дараа л Д.Трампын засаг захиргаанаас ханшийн талаар авч хэрэгжүүлэх алхмуудаа төлөвлөсөн бөгөөд үүнийг ч ажиглагчид чухалд тооцон үзэж байна. Цагаан ордны тэргүүн болон түүний хамтрагчид юанийн энэ уналтыг “хүчирхийлэл” хэмээн нэрийдсэн. Харин зарим шинжээчид үүнийг Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан АНУ-ын гаалийн татварын эсрэг сөргүүлэн тавьж буй нүүдэл хэмээн тайлбарлаж байна. Учир нь ирэх сарын 1-нээс эхлэн урд хөршийн 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд Америкийн тал гаалийн татвараа 10 хувь хүртэл нэмж, цаашлаад Цагаан хэрмийн цаанаас авах бүх бараанд энэ журмыг тогтоохоор хэлэлцэж байгаа юм. Өмнө нь бид энэ хоёр улсын худалдааны дайныг зөвхөн технологийн компаниудын хил хязгаараар төсөөлж байсан бол одоо валютын ханшийн довтолгоон болон хувирчээ. Мөнгөн дэвсгэртийн талбарт өрнөх тулаан илүү түвэгтэй байж мэдэхийг шинжээчид ч сануулж байгаа. Тэгвэл “Bank of America Merrill Lynch” банкны Хятадын үнэт цаасны стратегийн газрын дарга Дэвид Чуй АНУ-ын CNBC телевизийн “Street Signs” хөтөлбөрт оролцох үеэрээ “Энэ тухайд Бээжин худалдааны яриа хэлэлцээрт цуцсан гэж харагдаж байна. Бээжин юанийг ам.долларын эсрэг сулруулсан нь томоохон нүүдэл бөгөөд мөргөлдөөнийг удаашруулахыг хүссэн бололтой” гэжээ. Харин үүний дараа Хятадын Төвбанкнаас юанийн ханшийн өөрчлөлт нь Америкийн тарифын бодлогын эсрэг хийж буй алхам гэсэн мэдээллийг няцаасан билээ.

ДОЛОО хэмээх тоо

Өмнө нь Хятадын удирдагчид юанийг ам.долларын эсрэг долоогийн тоо заах хүртэлх сулралтыг зөвшөөрч байсангүй. Ханш өөрчлөгдөх тутамд гадаад валютын нөөцөөр асуудлаа шийдсээр ирсэн юм. Гэвч энэ удаад үнэт цаасны шинжээчид асуудлыг арай өөрөөр тайлбарлахыг оролдож байгаа. Нэг ам.доллар долоон юаньтай тэнцэж буй энэ сулралтыг Хятадын Төвбанк хэр удаан тэвчихийг хөрөнгө оруулагчид мэдэхгүй учраас живэхгүйн тулд Бээжин дэх хөрөнгөө худалдаж мэдэх юм. Ингэснээр Хятадаас хөрөнгө “дайжих” урсгал ширүүснэ гэсэн үг. 

The Guardian: Ши Жинпин 2020 оны сонгуулийг хүлээж байна

Юанийн ханш ийнхүү суларсан нь энэ сарыг дуусахаас өмнө худалдааны томоохон хэлэлцээр Хятад, АНУ-ын хооронд болохгүй гэдгийн дохио хэмээн “The Guardian” тайлбарлажээ. Улмаар эдийн засаг дахь нөхцөл байдлаа сайжруулахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байна.

Харин Хятадын хувьд өсөлт нь сүүлийн 30 жилийн хамгийн бага төвшинд очсоны нэг шалтгаан нь энэхүү худалдааны дайн. Тиймээс ч ноён Ши Жинпин ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг амьсгаа даран хүлээж байгаа бололтой. Учир нь төрийн тэргүүний төлөөх өрөсөлдөөн Д.Трампын шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь бас л сонирхолтой сэдвүүдийн нэг.

Gazeta.ru: Худалдааны дайн рублийн ханшид халтай

ОХУ-ын мэдээллийн “Gazeta.ru” сайтад АНУ, Хятадын худалдааны дайн Кремлийг хэрхэн доош татаж буйг тайлбарласан байлаа. ОХУ-ын Эрчим хүчний сайд тус улсын эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ буурч буй талаар санаа зовниж байгаа. Тэгвэл рублийн ханш хэдийнэ Вашингтон, Бээжингийн шуудайд хийсэн үхрийн эвэр шиг харилцааны улмаас дордсоор. Хятадын нүүрс, эрдсийн хүдэр, хөдөө аж ахуйн барааны эрэлт буурвал Москва ч ялгаагүй бүсээ чангалахад хүрнэ. “АНУ, Хятадын худалдааны дайн ОХУ-ын байгалийн баялгийн үнэ буурах шалтгаан болоод байна. Улмаар ОХУ-ын экспортын эрэлтэд шууд сөргөөр нөлөөлнө” гэж тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин хэлсэн байна. Тэгвэл зарим шинжээчийн үзэж буйгаар энэ жил ам.доллар 70 рубльтэй тэнцэх магадлалтай байна. Энэ тохиолдолд газрын тосны үнэ буурч, эсвэл АНУ ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авахыг үгүйсгэх аргагүй. 2014 онд нэг ам.доллар 36 рубльтэй тэнцэж байсан бол өчигдрийн байдлаар 65.87 рубльд хүрч чангарчээ.

Төгрөгт өгөх зөвлөгөө


АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа. Цаашид гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж дуусах, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байгааг Монголбанкнаас онцолжээ. Тэгвэл Лондоны металлын биржид нэг тонн зэсийн үнэ 5696 ам.доллар хүрсэн бол олон улсын биржүүдэд нэг унци алт 1515 ам.долларын ханштай байгаа билээ. Хятадын тал гадаадаас авах боловсруулсан зэсийн импортоо 15 хувиар бууруулж, дотоодын олборлогчдоо дэмжих алхам хэрэгжүүлэхээ зарласан. Үүний хажуугаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсч, бүтээгдэхүүн гаргах хугацаа нь 30 сараар хойшлоод байгааг ч энд дурдах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Монголыг тэжээж буй саалийн үнээ, гадаад зах зээлээс ам.доллар “авладаг” түүхий эдийн эрэлт улам буурах, гацах хандлага ийнхүү ажиглагдаж байгаа. Үүн дээр нэмээд, 2020 оны сонгуулийн мөнгө тараах шуурга ойртож байгаа. Цаашид төгрөгийн ханш хэрхэн сулрах, чангарахыг таахад улам бэрх болж байгаа юм. Нэг ёсондоо дотоод зах зээлийг халаах бэлэн мөнгөний амлалтуудыг зогсоох, гадаад зах зээлийн хараат байдлыг бууруулснаар төгрөг тэнхрэх боломжтойг шинжээчид онцолдог. Үгүй бол хямрал гаарсаар гарцаа олоход бүр ч бүдэгхэн болох нь тодорхой билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.